Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 2025 онд зам тээврийн ослын улмаас 150 хүний амь нас хохирчээ
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.10 дугаар зүйлийн 4.1,4.2 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийн гаралт, шүүхээс оногдуулж буй ял, шийтгэлийн байдлыг 2025 оны байдлаар судаллаа.
2025 оны байдлаар нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас 150 хүний амь нас хохирч, үүнээс 18 нь насанд хүрээгүй, 132 нь 18-аас дээш насныхан байна. Ослын улмаас амиа алдсан хүний тоо өмнөх оны мөн үеэс 34 хэргээр буюу 30.3 хувиар өссөн байна.

Тээврийн прокурорын газраас зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт хяналт тавьж, шүүхэд шилжүүлсэн хэргээс анхан шатны шүүх 18 хэрэгт тэнсэх, 49 хэрэгт ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Одоогоор 75 хэрэг шалгах ажиллагаа хийгдэж байна.
Судалгааны дүнгээс үзэхэд “Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон” хэрэгт бүрэн дунд болон дээд боловсролтой, хөдөлмөр эрхэлдэг хүмүүс зонхилон холбогджээ.
Хүйтний улиралд замын нөхцөл байдал хүндэрч, халтиргаа, гулгаа ихтэй нөхцөл байдлыг харгалзан бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх, жолооч нар техникийн бүрэн бүтэн байдлыг ханган хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.
Цаг үе
Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн засвар дууслаа
Эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн 3 давхрын төрөх тасагт иж бүрэн засвар шинэчлэлтийн ажил хийлээ. Тус засвар, шинэчлэлтийн ажил нь нийт 1024.6 м.кв талбайг хамарч, хуучирсан болон эвдрэлд орсон хэсгүүдийг буулгаж, шал, ханa, таазыг шинэчилж, цонх, хаалгануудыг шинээр суурилууллаа.
НОНХС-ийн хөрөнгө оруулалтаар “Сэцфлорис” ХХК засварын ажлыг хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.




НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ
Цаг үе
Иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно
Уг хууль нь албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлогыг оновчтой тодорхойлж, иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулах, татварын хамрагдалтыг сайжруулах, далд эдийн засгийг бууруулахад чиглэжээ. Тухайлбал, 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал иргэн бүрийн сарын 1 сая төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 50 хувиар хөнгөлж, түүнээс дээш хэсэгт 20 хувиар хөнгөлж, буцаан олгох зохицуулалтыг тусгаж, 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хувиар хөнгөлж, 500,000-1,000,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн уг албан татварыг 50 хувиар хөнгөлж, 1,000,001 төгрөгөөс дээш хэсэгт 20 хувиар хөнгөлж, буцаан олгох зохицуулалтыг тусгасан байна.
Ингэснээр иргэний бодит орлого нэмэгдэж, татварын тэгш бус байдал буурахаас гадна иргэний өрхийн хэрэглээндээ төлдөг татварын ачаалал буурч, татварын хамрагдалт нэмэгдэх ач холбогдолтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Цаг үе
Талуудын 17 дугаар бага хурлын хөх бүс дэх түр байгууламжийг барих гүйцэтгэгчээр GL Events компани шалгарлаа
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулна. “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор цөлжилт, газрын доройтлын асуудлыг хэлэлцэх тус хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох юм.

Уг хурлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын эзэмшил газарт зохион байгуулах бөгөөд түр байгууламжийг барих болон зочлох үйлчилгээний чиглэлээрх зарим ажлыг нийслэлээс хариуцан зохион байгуулж буй. Энэ хүрээнд уг хурлын хөх бүс дэх түр угсрах барилга байгууламж барих олон улсын сонгон шалгаруулалт зарласан. Ийнхүү ерөнхий гүйцэтгэгчээр Франц улсад төвтэй GL Events компани шалгарлаа. Тус компани нь 2011-2024 онуудад нийт 11 COP арга хэмжээнд үндсэн болон туслах гүйцэтгэгчээр ажиллаж байсан туршлагатай юм. Тодруулбал, тус байгууллага нь Рио-3 конвенц буюу UNCCD, UNFCCC, UNCBD конвенцуудын хурлуудын түр байгууламжийг НҮБ-ын стандарт шаардлагын дагуу барьж байсан. Мөн 2024 онд Саудын Арабын хаант улсын Эр-Рияд хотод болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 16 бага хурлын /COP16/ түр байгууламжийг барих ажлыг хийж гүйцэтгэж байжээ.

Олон улсын сонгон шалгаруулалтын талаар КОП 17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газрын Захирал бөгөөд Хэлэлцээ хийх ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Баттулга “Уг хурлыг хөх болон ногоон бүс гэсэн хоёр хэсэгт хуваан зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд хөх бүс дэх түр барилга байгууламжийг барьж байгуулах гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг гурван үе шаттай зохион байгуулж, шийдвэрийг гаргалаа” гэв.




НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Улстөр нийгэм2021/09/15
Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
-
Улстөр нийгэм2024/12/25
Байгаль орчны салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа тө...
-
Цаг үе2022/06/03
Н.Мөнхбат нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс...
-
Цаг үе2019/10/24
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
