Үзэл бодол
Б.Баярдаваа: Бодлогын хүү буурснаар банкуудын зээлийн нийлүүлэлт нэмэгдэж, хүү буурах өрсөлдөөнийг дэмжинэ

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.
- Мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг дахин буурууллаа. Энэхүү шийдвэрийг гаргах болсон гол үндэслэл юу байв гэдгээс ярилцлагаа эхэлье.
- Гуравдугаар сарын 11-нд мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болгосон. Үүнээс сарын дараа буюу дөрөвдүгээр сарын 13-нд Мөнгөний бодлогын хороо дахин хуралдаж, бодлогын хүүг 10 хувиас 9 хувь болгож буурууллаа. Үүний хамгийн гол шалтгаан нь гадаад эдийн засгийн орчин, түүнээс улбаатайгаар дотоод эдийн засаг агших эрсдэл үүссэнтэй холбоотой. Хоёрдугаарт, энэ манай эдийн засгийн гол улиралтай давхцаж байгаа нь ойрхон хугацаанд дараалан шийдвэр гаргах шалтгаан юм. Түүнчлэн хүндрэлд орсон хэрэглээний зээлийн хугацааг 12 сараар сунгах бололцоог шийдвэр гаргалаа. Энэ өрхийн хувьд зээлийн эргэн төлөлттэй холбоотой санхүүгийн дарамтыг бууруулах, улмаар хэрэглээний сөрөг шокыг зөөлрүүлэх байдлаар эдийн засгийн эрэлтийг дэмжих зорилготой.
- Гадаад эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ. “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засаг хямарч, буурч байна шүү дээ. Яг нөхцөл байдлыг төв банк хэрхэн харж, дүгнэж байна вэ?
- Монголбанкны зүгээс 2018 оны сүүлээс эхлээд олон нийт, бизнес эрхлэгчдэд гадаад эдийн засгийн орчин таагүй байх нь гэдгийг анхааруулж байсан. Гэхдээ шалтгаан нь бидний бодсоноос өөр байлаа. Ковид үүсээгүй байсан ч ер нь гадаад орчин муудахаар байсан гэсэн үг. Гэхдээ ийм гүнзгий хүнд биш байх байсан. Ковид-19 вирусээс улбаалсан энэ нөхцөл байдал дэлхийн эдийн засгийн идэвхжил, худалдаа, санхүүгийн зах зээлд доргио үүсгэж маш гүнзгий уналт, тодорхой бус байдалд хүргэлээ. ОУВС-ийн дэлхийн эдийн засгийн хандлагын тайлангаас харахад 3 сарын өмнө +3 хувийн өсөлттэй байхаар хүлээгдэж байсан дэлхийн эдийн засгийн өсөлт –3 хувь болж, 6 хувийн өөрчлөлт бий болж байна. Энэтхэг, Хятадыг эс тооцвол дэлхийн эдийн засгийн 2/3-ийг бүрдүүлдэг 10 том эдийн засаг 2020 онд 5-9 хүртэлх хувиар агшихаар байна. Оны эхнээс хөрөнгийн зах зээл дээр үнүүд 20-30 хувиар, таваарын үнүүд дунджаар 20 гаруй хувиар, үүний дотор металлын үнүүд 15 орчим хувиар унаж, эрчимтэй хөгжиж буй орнуудаас валют их хэмжээгээр америк руу шилжиж, тэдгээрийн үндэсний мөнгөн тэмдэгтийн дунджаар ханш 10 гаруй хувиар ам.долларын эсрэг суларч, эрсдлийн үнүүд 3-4 дахин нэмэгдсэн, хөгжиж буй улс орнуудын Засгийн газрын зээлжих хүү 2 дахин өссөн зэрэг нөхцөл байдал үүсээд байна.
- Хэдий хэр хугацаанд вэ?
- Одоогийн нөхцөл байдлаас харахад сайнаар бодоход энэ оны 2-р хагаст сэргэлт эхлэх нэгмдэл таамаглалтай. Гэхдээ энэ хямрал нь өмнөх хямралуудаас шалтгаан, үр дагавар, хямралаас гарах жор нь ялгаатай болохоор тааварлахад маш хэцүү. Эдийн засгийн бус шалтгаанаас хамааралтай. Тэр вирус, түүний тархалт, түүнийг эмчилэх хяналтандаа оруулж чадах эсэхээс сэргэлт хамаарна. Аль ч улс хичнээн мөнгө нийлүүлээд хөл хорио бүрэн тавигдаагүй бол, тавигдсан ч хүмүүсийн айдас болгоомжлол арилаагүй тохиолдолд эдийн засгийн бодлогын үр нөлөө сул байх болно. Тухайлбал, 2008/09 оны хямрал бол санхүүгийн зах зээлээс улбаалан эрэлтийг агшаасан хямрал байсан. Энэ удаагийнх бол өвчний нөхцөл байдлаас үүдэлтэй хөл хорио тогтоож, хүмүүс гэртээ үлдсэнээр эдийн засгийн идэвхжил, үйл ажиллагаа зогсож байгаа. Энэ нь эрэлтийг эрс бууруулж, улмаар нийлүүлэлтийн суваг тасарсан. Түүнчлэн, санхүүгийн зах зээл дээр 2008, 2009 оных шиг хүчтэй доргио үүсч, хөрөнгийн үнэ цэнүүд унасан.
- Гуравдугаар сард Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, 10 хувь болгосон. Тодорхой хугацааны дараа буюу өнгөрсөн даваа гарагт дахин 1 нэгж хувиар буурууллаа. Тэгэхээр өмнөх удаагийн 1 хувийн бууралт хангалтгүй байсан уу?
- Бодлогын хүүгийн бууралтын үр дүн 14 хоног эсвэл нэг сарын дотор гарахгүй. Яагаад гэвэл бид зах зээлийн харилцаанд амьдарч, бизнес хийж байгаа. Тэгэхээр бизнесийн харилцаанд өөрчлөлт гарч байж, үр дүн нь гарна. Бид яагаад гуравдугаар сараас хойш дахиад нэг сарын дараа бодлогын хүүг бууруулсан бэ гэхээр эдийн засгийн төлөв байдлын муу нөхцөл байдал нь хүлээснээс давж байна. Өөрөөр хэлбэл, 2, 3 дугаар сарын төлөвт үндэслэн эдийн засгийн өсөлтийг 2020 онд 4 орчим хувь буюу 2-р улирлаас байдал сайжирахаар хүлээж байсан. Хятадын хувьд таамаглал биелсэн боловч Европ, Америкийн нөхцөл байдал муугаар эргэсэн. Шинэчилсэн нөхцлөөр бол хоёрдугаар улирлыг дуустал дэлхий нийтэд энэ вирусийн нөхцөл байдал хүнд хэвээр байх нь. Америк, Европ хоёр улс сайнаар бодоход хоёрдугаар улиралдаа багтаад вирусийн тархалтыг хяналтандаа авсанаар гадаад орчиныг даган дотоод орчин сүүлийн хагаст сэргэнэ гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, сэргэлтийг 1 улирлаар хойшлуулсанаар эхний хагас бүхэлдээ ЭЗӨ хасах байж, сүүлийн хагаст сайжирах ч эдийн засгийн өсөлтийг 1.8 хувь болгож буурууллаа. Бодлогын хүүнээс гадна Монголбанкнаас заавал байлгах нөөц, банкуудад олгож байгаа санхүүжилтийн хүү, банкуудын төв банк дахь хадгаламжийн хүүг бууруулахын зэрэгцээ хэрэглээний болон бизнесийн зээлийн нөхцөлийг өөрчлөх боломжийг арилжааны банкуудад олгож байна.
- Бодлогын хүү буурсанаар зээлийн хүү буурах уу?
- Бодлогын хүү гэдэг Төв банк болон арилжааны банк хоорондын зээл, хадгаламжийн хүүний суурь хүү юм. Энэ нь цаашаа банк болон ААН, иргэд хоорондын зээл, хадгаламж зэрэг хэлцлийн суурь хүү болдог. Бодлогын хүүг бууруулсаны зорилго нь бизнесийн идэвхжлийн хаврын улиралд зээлийг аль болох эдийн засаг руу гаргах зорилготой. Өөрөөр хэлбэл, банкнуудын нөөц төв банкны үнэт цаасанд байрших таатай боломжийг бууруулж байгаа юм. Банкууд нөөцийнхөө тодорхой хувийг нь харилцагчийнхаа төлбөр тооцоог шуурай гүйцэтгэхийн тулд төв банкинд байршуулах ёстой. Энэ нөөцийн дундаж өгөөжийг бодлогын хүү тодорхойлдог. Нөгөө талд нь банк эх үүсвэрээ зээлд гаргах ёстой. Өнөөдрийн байдлаар зээлийн дундаж хүү 17 хувь байна. Түүнчлэн банкууд 12-13 хувиар хадгаламж татаад, 9 хувийн хүүтэй Төв банкны үнэт цаасанд байршуулах нь алдагдалтай. Бас бодлогын хүү буурснаар зээл олгоогүй алдагдсан боломжийн өртөг нэмэгдэж байна. Зээл олгохгүй бол 9% дээр нөөцөө байршуулна гэсэн үг. Иймд бодлогын хүү 11%-иас 9% болж буурсан нь банкуудыг санхүүгийн механизмаар зээл гаргахыг шахаж байгаа юм. Түүнчлэн бодлогын хүү буурснаар нөөц дутагдах үед Төв банкнаас банкуудын авдаг санхүүжилтийн хүү дагаж буурдаг. Энэ хүү 13%-иас 10% болж буураад байна.
- Бодлогын хүү бууруулсанаар өөр ямар боломжууд бий болох вэ?
- Бодлогын хүү буурч зээл олгоогүй алдагдсан боломжийн зардал өсч байгаа нь зээлийн зах зээл дээрх банкуудын өрсөлдөөнийг ширүүсүүлнэ. Энэ өрсөлдөөн нь зээлийн хүү, зээлийн хуагцаа, үнэлгээ, барьцаа хөрөнгө, санхүүгийн зөвлөгөө гэх мэт олон янзаар илэрнэ. Энэ зээлдэгчидэд илүү таатай нөхцөлийг бий болгоно. Өнөөгийн орчинд зээлдэгчийн сууриа тэлж чадсан банк түр зуурын шинжтэй энэ хямралт нөхцөл байдал арилахад илүү хурдан өсөх бололцоог олж авах тул сайн зээлдэгчийн төлөөх банкуудын өрсөлдөөн ширүүн байх болно. Мэдээж энэ нь тухайн банкны санхүүгийн чадавхиас бас хамаарна. Урт хугацааг харж, харьцангуй тогтвортой байдлыг эрхэмлэдэг банкуудын давуу тал өдийд илрэх боломжтой.
Үүсээд байгаа нөхцөл байдалд Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд аль аль талдаа дэмжлэг болж чадаж байна гэж харж байгаа юу?
Бид нэг талаас банкуудыг санхүүгийн механизмаар маш хүчтэй шахаж байгаа. Эдийн засгийн хувьд тодорхой бус нөхцөл байдал үүссэн байгаа үед зээл олгохыг шахаж байгаа гэдэг нь тэднийг тодорхой хэмжээнд эрсдэл үүрэхийг шаардаж байна гэсэн үг. Нөгөө талдаа шинэ зээл гаргахдаа банкууд хөшүүн байж болох талтай тул зээлийг банкинд эргүүлэн татагдахаас илүү зээлдэгчийн гар дээр нь үлдээх зорилгоор эргэн төлөлтийг хойшлуулах, хугацааг сунгах зэрэг арга хэмжээг макро зохистой бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж байна. Түүнчлэн банкууд төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа сайжруулах зорилгоор Төв банкнаас зээл авах нөхцөл үүсвэл энэ хэрэгцээг илүү хямдаар хангах үүднээс санхүүжилтийн хүүгээ 13% байсныг 10% болгож бууруулаад байна. Банкинд зээл олгох барьцаа хөрөнгийн жагсаалтыг ч бас нэмэгдүүлсэн.
Банкуудад одоо байгаа зээлийнхээ хугацааг 12 сараар сунгах болсон үндэслэл юу вэ?
Өмнө нь дурьдсан дээр нэмж тодруулъя. Хямралын үед, эдийн засагт тодорхой бус нөхцөл байдал бий болсон үед бидний хэллэгээр эдийн засагт “Зээлийн тасалдал” бий болдог. Нэг ёсондоо санхүүгийн байгууллага өөрийнхөө үүрэх эрсдэлийг бага байлгахыг зорьдог. Харилцагчийн хадгаламжийг татаад, зээл болгож байгаа учраас харилцагчийн мөнгийг эрсдэлгүй байлгахын тулд зээлээ эрсдэлгүй байлгах ёстой. Энэ эрсдэлийг бууруулах үүднээс зээл гаргах шалгууруудаа чангатгаад, зээл олголтоо эрс багасгадаг. Ийм нөхцөл байдал үүсэх эрсдэл байгаа учраас банкны зээл рүү татагдаад байгаа мөнгөн хөрөнгийг аль болох эдийн засагт нь үлдээх бодлогын арга хэмжээ авч байгаа юм. Гуравдугаар сард Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл дээр ярьсны дагуу бизнесийн болон хэрэглээний зээлийг 3 сараар хойшлуулах шийдвэр гарсан. Үүнээс хойш арилжааны банкуудад дөрөвдүгээр сарын эхээр авсан мэдээгээр 600 гаруй тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, бүтцэд өөрчлөлт орсон байна.
Хугацаа сунгаж байгаа нь мэдээж тодорхой хэмжээнд эргэн төлөлт нь хүндэрч байгаа зээлүүдэд хамаарах байх? Зээлдэгч энэ боломжийг яаж ашиглах вэ? Яаж хэрэгжих вэ?
Хүндрэлд орсон зээл хамаарна. Зээлдэгч аль болох эрт банкиндаа хүсэлтээ гаргах ёстой. Ажилгүй болсон, ажлын цаг багассан, эсвэл гэр бүлийн гишүүн ажилгүй болсон гэх зэрэг мэдээллээ арилжааны банкиндаа өгнө. Ингэснээр зээлдэгч Монголбанкнаас олгож байгаа хугацаанд харьцангуй зээлийн дарамт багатай байх боломж бүрдэнэ. Хэрэгжилтийн хувьд энэ маш том ажил болно. Тухайлбал, зээлдэгчийн тоо 1.2 сая байхын зэрэгцээ олон хүн цуглуулахгүй байх, цахим хэлбэрээр зохион байгуулах гээд банкууд дээр ачаалал их байгаа.
Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаад Монголбанк тодорхой хэмжээний арга хэмжээ, шийдвэрүүдийг гаргаж байна. Цаашид юун дээр анхаарах вэ?
Нэгд, тодорхой бус байдал өндөр байгаа тул эдийн засгийн нөөц, бодлогын орон зайг аль болох хэмнэх, хамгаалах шаардлагатай. Хоёрт, манай эдийн засгийн дотоод идэвхжилийг эцэстээ гадаад урсгал тодорхойлох учраас гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, тухайлбал экспортоо сэргээх, 1-р улиралд алдсан экспортоо нөхөх. Гуравт, хөрш орнууд, донорууд, олон улсын санхүүгийн байгууллагуудтайгаа харилцаагаа эрчимжүүлэх. Дөрөвт, ААН, өрхийг дампуурал хүндрэлээс сэргийлэхийн зэрэгцээ өнгөрсөн хугацаанд бий болгосон бодлогын зарчмуудаа хадгалж хамгаалах, зах зээлийн үндсэн зарчмуудаа хадгалах нь чухал гэж бодож байна.
Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Монголбанк
Үзэл бодол
Б.Бат-Эрдэнэ: Бидний хувьд роботоо найдвартай ажиллах байдал дээр нэлээд анхаарч ажилласан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор "РОБОКОН 2025" Олон улсын роботын тэмцээн 2025 оны наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэ тэмцээн Монгол Улсаас хоёр баг оролцож байгаа. Багуудын бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар ШУТИС-ийн МХТС-ийн Электроникийн тэнхмийн багш Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
“ABU Робокон 2025 ” олон улсын тэмцээн удахгүй болох гэж байна. Энэ тэмцээнд оролцох багууд бэлтгэлээ хэр хангаж байна бэ?
-Үндэсний аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцсон. Олон улсын тэмцээнд гаднын томоохон улс орны аваргууд оролцох учраас догдлол, бага зэргийн айдастай байна. Туршилтын роботуудаар бэлтгэлээ боломжийн хангаж байна.
-Энэ удаагийн тэмцээнд 14 орны баг оролцож байгаа. Өрсөлдөгч багуудаа хэр судалсан бэ?
-Бид Япон улсын Робокон тэмцээнийг очиж үзсэн. Япон багууд бол үнэхээр сайн юм байна лээ. Мөн Тайланд, Хонконг, Вьетнам улсын үндэсний тэмцээний бичлэгийг үзсэн. Эдгээр улсын багуудын тоглолтын стратегийн талаар ерөнхий ойлголтыг авсан. Бид хэрхэн тоглох стратеги төлөвлөгөө гаргаж, бэлтгэлээ хийж байна. Олон улсын тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа учраас оролцогч оюутнуудын маань хувьд нутгийн тэнгэр ивээнэ гэдэгт итгэж байна. Бидний хувьд роботоо найдвартай ажиллах байдал дээр нэлээд анхаарч ажилласан.
-Тоглолтын үед техникийн саатал гэмтэл гарахыг үгүйсгэхгүй. Техникийн бүрэн бүтэн байдлаа хэр хангаж байна?
-Тоглолтын үед гарч болох томоохон эвдрэл, гэмтэл саатлаа гаргахаас урьдчилан сэргийлэх сэлбэг хэрэгслээ бэлдэн ажиллаж байна.
-Энэ жилийн тэмцээний онцлог нь сагс бөмбөг учраас хөдөлгөөн шидэлт нэлээд их хийгдэнэ?
-Үндэсний тэмцээн болон бусад орны тэмцээнүүдийг харахад Роботуудын эвдрэл их ажиглагдаж байна. Залах үед, хурдтай явж байгаад мөргөлдөх үед эвдрэл гэмтэл гарах тохиолдол ажиглагдаж байна.
- Роботод бүтээх явцад хүндрэлтэй зүйл гарч байсан уу. Роботоо бүтээхэд хэр их хугацаа зарцуулсан бэ?
-Үндэсний роботын тэмцээнд оролцох бэлтгэлээ есөн сараас эхэлж хангасан. Роботуудаа 11 дүгээр сараас хойш эхлэн бүтээж 7-8 төрлийн робот бүтээн туршсан. Робот бүтээж туршиж үед бидний хүссэн үр дүнд хүрэхгүй тохиолдолд дараа санаагаа хэрэгжүүлж ажилласан. Үндэсний аваргад оролцохдоо 7-8 робот бүтээж туршсан бол олон улсын тэмцээнд зориулж 10 орчим робот бүтээж туршсан байна. Олон улсын багууд маш хурдтай хүчтэй, технологийн шийдэл нь сайн зүйлүүд ажиглагдаж байгаа. Бид ч гэсэн дутахгүй өрсөлдөнө гэж төлөвлөж байна.
-Роботоо бүтээхдээ тоног төхөөрөмжөө яаж шийддэг бэ?
-Оюутнууд өөрсдийн роботын бүтээж байгаа учраас багш нараас зөвлөгөө авч роботын шийдлээ өөрсдөө олж бүтээдэг. Манай сургууль электроник програмчлалын сургууль учир роботын механик шийдлийг бүтээж туршихад хугацаа их зарцуулдаг. Сүүлийн жилүүдэд “Робот ба Хиймэл оюун ухаан” механик, электроник, хиймэл оюун ухаан нийлсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй учир энэ дутагдлыг нөхөж чадаж байгаа гэж үзэж байна. Робот бүтээхэд хөрөнгө санхүүгийн зардал мөш их гардаг. Зарим тохиолдолд үүнээс үүдэн рбоботын шийдлээ турших боломжгүй тохиолдол ч байдаг. Нэг, хоёрдугаар курсийн оюутнуудын хувьд дөнгөж мэргэжлийнхээ хичээлтэй танилцаж байгаа учраас роботуудаа хялбар, энгийн шийдлээр бүтээсэн. Үндэсний аварга шалгаруулах тэмцээний роботоо сайжруулаад оролцож байна. Харин нөгөө баг маань 3-4 курсийн оюутнууд байгаа учраас ахисан түвшний шийдлүүдийг роботууддаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
-Өрсөлдөгч багтай тоглох тактикаа боловсруулж байгаа биз дээ?
-Тодорхой хэмжээнд боловсруулж байна. Япон улсын роботод тохолт хийдэг. Бидний хувьд тохолт гэхээс илүүтэй шидэлтүүд дээр анхаарч тоглоно. Мөн хамгаалалтаа сайн хийж тоглоно. Тухайн үед тоглолт явц хэрхэн өөрчлөгдөхийг таашгүй. Амжилт гаргахын төлөө хичээнэ дээ. Алдаа бага гаргаж хугацаа сайн тооцоолох, багийн гишүүд хоорондоо сайн ойлголцож, тоглох ёстой. Өмнө зохион байгуулагдаж байсан робокон тэмцээнд спортын чиглэл байгаагүй. Талбай дээр уралдаж, янз бүрийн зүйлийг байрлуулдаг байсан. Энэ жилийн тэмцээний хувьд спортын чиглэл, хоорондоо хөдөлгөөн хийж тоглох учраас нэлээд өвөрмөц болно. Бидний хувьд өөрсдөө сагс тоглож үзээд роботын хөдөлгөөн ийм байх ёстой гэдэг тооцооллоо хүртэл гаргаж байгаа.
-Тоглолтын хугацаа ямар байх вэ?
-Тоглолтын хугацаа 2 минут 40 секунд, нэг удаагийн довтлогын хугацаа 20 секунд байдаг Бидний хувьд 4-5 удаагийн довтолгоондоо нэлээд сайн оноо цуглуулахаар хичээж байна.
-Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн хоёр баг амжилттай оролцож тэргүүлсэн?
-Нэг, хоёрдугаар курсийн оюутнуудын баг буюу “Түвшин электроник” баг тоглолтын бэлтгэлээ маш сайн хангасан. Харин нөгөө багт ахлах курсийн оюутнууд байсан. Роботын шийдлүүд нь арай өөр байсан учраас роботоо бүтээхэд их хугацаа зарцуулж тоглолтын бэлтгэлээ арай бага хийсэн нь үндэсний тэмцээний явцад ажиглагдсан.
Үзэл бодол
Г. Агааноров: “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR ” олон улсын тэмцээнд 13 орны 14 баг оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR ” олон улсын тэмцээн 2025 оны наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэ удаагийн тэмцээн Монгол Улсаас хоёр баг оролцож байгаа. “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын төслийн Ерөнхий продюсер Г.Агааноровтой ярилцлаа. Тэрбээр 2004 оноос “ABU Robocon” олон улсын роботын тэмцээнтэй холбогдож, өнөөг хүртэл сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна.
-Та манай уншигчдад “ABU Робокон” олон улсын роботын тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-“Робокон” тэмцээн Япон улсаас үүсэлтэй. Анх зөвхөн тухайн орны үндэсний тэмцээн байсан бол хожим Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-гоор дамжин, Ази, номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болсон түүхтэй. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-ны гишүүн телевиз. Энэ хүрээнд тус холбооноос зохион байгуулдаг “Робокон” тэмцээнд Монгол Улсын баг 2002 оноос оролцож эхэлсэн түүхтэй.
Манай улс “Робокон” тэмцээнд 23 жил оролцож байгаа. Олон улсын “Робокон” тэмцээнийг жил бүр гишүүн орнуудад зохион байгуулагддаг. онцлогтой. Монгол Улс “ABU Robocon” олон улсын тэмцээнийг анх 2019 онд зохион байгуулж байсан. Зургаан жилийн дараа буюу 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгууллагдаж байна.
-Энэ удаагийн тэмцээнд хэчнээн баг оролцож байгаа бэ?
“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнд Камбож, Египет, Фижи, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг, Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Монгол Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам улсын багууд оролцоно. Нийт 13 орны 14 багийн 400 гаруй оролцогчид ирнэ. Зохион байгуулагч улс давуу эрхтэйгээр хоёр баг оролцуулдаг.
Монгол Улсаас оролцож байгаа хоёр багийн хувьд 2025 оны дөрөвдүгээр сарын 24-нд болсон “Робокон” үндэсний аварга шалгаруулах тэмцээнд ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Түвшин Электроникс”, “HICH TECH” багууд амжилттай оролцож тэргүүн байр болон дэд байрыг эзэлж олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болсон.
-Монголд зохион байгуулагдаж буй “ABU Робокон” тэмцээн өмнөх жилүүдээс юугаараа онцлог вэ?
-“Робокон” тэмцээнийг зохион байгуулж буй улс орон дүрмээ өөрсдөө боловсруулдаг. Тэмцээний дүрмийг хоёр жилийн хугацаанд Токио хотын их сургуулийн доктор, МУИС-ийн багш Ө.Батбаяр боловсруулж 2024 оны наймдугаар сард Вьетнам болсон олон улсын тэмцээн дээр Монгол Улс дүрмээ танилцуулсан юм.
2019 онд анх зохион байгуулж байхдаа Монгол орны газар нутаг бүсчлэлийг харуулсан говь, хангай, тал хээр, уулын бүсэд түүх соёлыг уялдсан даалгаварыг биелүүлж байсан. Нэг зүйлийг хэлэхэд Монголчууд XIII зуунд Чингис хаан алт, мөнгөн гэрэгэг бусад орнуудад элч илгээж байсан нь өнөө цагийн гадаад паспорт, шуудан харилцааны эхлэлийг тавьж байсан. Монгол Улсын түүх соёлыг олон улсад Робоконоор дамжуулан сурталчилан танилцуулж байсан. Харин энэ жилийн тухайд дэлхийн дахинд оюутанзалуучуудын сонирхлыг маш их татаж байгаа Сагсан бөмбөгийн спортоос санаа сэдэл авч хийж байгаа. Тухайлбал, хоёр роботод стандарт сагсны шалыг бодвол арай бага буюу 15x8 харьцаатай, сагсны шийдний өндөр нь 2м 43 см болгосон. Улаан, хөх талын багууд талбай дээр сагсан бөмбөгийн дүрмээр тоглоно.
-“Робокон” тэмцээн зохион байгуулах орныг хэрхэн шалгаруулдаг юм бэ?
-Манай улсын дараа буюу 2026 онд Хонконг олон улсын Робокон тэмцээнийг зохион байгуулна. Ерөнхийдөө 2-3 жилийн өмнө саналаа өгдөг. Тухайн саналдаа тэмцээн зохион байгуулах дүрмээ боловсруулж, танилцуулдаг. Тэмцээн зохион байгуулах асуудлыг Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо шийддэг.
-Монгол Улсаа төлөөлж оролцож байгаа хоёр багийн бүрэлдэхүүн хэчнээн оюутан залуучууд багтаж байгаа бэ?
-Робокон тэмцээнд зөвхөн оюутнууд оролцдог. Нэг багт үндсэндээ гурван гишүүн, багштайгаа хамт оролцдог. Багийн туслах гишүүдтэйгээ 12-15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг юм. Бусад хөгжөөн дэмжигчээр оролцдог.
Оюутнуудын мэдлэг чадвар ур ухаан, хэр их хөдөлмөрлөж, бэлтгэл сургуулилт сайн хийж, үйлдлээ сайн гүйцэтгэсэн амжилт гаргадаг. Монголын баг үйлдлээ хурдан гүйцэтгэж олон оноо авах тал дээр илүү анхаарч, бэлтгэлээ хангаж байгаа.
Манай улсын хувьд хоёр удаа дэд байрт шалгарч байсан. Өнгөрсөн 2019 онд эх орондоо зохион байгуулахдаа дэд байр эзэлж байсан. Мөн цар тахлын үед онлайноор оролцож дэд байранд шалгарч байсан. Энэ удаа Монгол Улсын баг амжилтаа ахиулж, тэргүүн байранд орохын төлөө бэлтгэлээ хангаж байна. Энэ олон жилийн хугацаанд хамгийн их амжилт үзүүлсэн роботуудтай баг бол Вьетнам, БНХАУ, Япон улс юм.
-Тэмцээн хэзээ болох вэ?
-“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээн 2025 оны наймдугаар сарын 24- нд “Аса Арена”-д 10:00 цагт хэсгийн тоглолт эхэлнэ.
-“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, оролцож байгаа оюунтан залуучуудад мэндчилгээ дэвшүүлнэ. Тэмцээнийг МҮОНРТ шууд дамжуулна.
-Тэмцээний тоглолтын минут богино уу?
-Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулагдаж байсан тэмцээн талбай дээр хоёр зэрэг үйлдлээ гүйцэтгэдэг байсан. Хугацаан гурван минут байсан. Энэ жилийн тэмцээн сагс учраас том талбай дээр явагдаж байгаа учраас 7-10 минутын хугацаанд явагдана. Зарим тохиолдол 12 минут ч болж байгаа. Ерөнхийдөө хугацаа харилцан адилгүй байна.
-Тэмцээн эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Бэлтгэл ажил хэдэн хувь хангагдсан бэ?
-Бэлтгэл хангагдаад жигдэрч байгаа. Миний хувьд Робокон тэмцээний зохион байгуулалт дээр олон жил ажиллаж байна. Бидний хувьд 2010 оноос хойш олон улсын тэмцээн зохион байгуулна гэж ярьсаар байж 2019 онд анх удаа зохион байгуулж байсан. Энэ төслийг хэрэгжүүлэхэд оролцогч сургууль болон удирдаж оролцож байгаа багш хамгийн чухал нөлөө үзүүлдэг. Олон багшийн хүч чармайлт, хөдөлмөр зүтгэл дээр Монголын багийн амжилт бий болдог. Монголчууд оюуны асар их мэдлэгтэй. Ази, Номхон далайн орнуудын оюутан залуучуудаас дутахгүй. Ер нь энэ тэнцүү өрсөлдөх чадвартай. Робокон тэмцээний 23 жилийн хугацаанд ойролцоогоор 5000 орчим оюутан залуучууд багийн үндсэн болон туслах гишүүн оролцсон байна. Робокон тэмцээн оролцож байсан хүүхдүүд их мундаг явдаг. Онолын мэдлэг, практиктай хослуулж явуулдаг учраас оюутан залуучуудад мэдлэг ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, цагийн менежмент зэргийг хослуулж чаддагаар бусдаас давуу талтай. Робокон оролцож байсан оюутан залуучууд Оюутолгой, Эрдэнэс тавантолгой, Эрдэнэт үйлдвэр зэрэг Монголын томоохон бүтээн байгуулалтын ажилд манлайлан ажиллаж байна.
-Зохион байгуулалтын багт нийт хэдэн уран бүтээлч ажиллаж байна вэ?
-“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний зохион байгуулалт дээр МҮОНРТ-ийн уран бүтээлчид болон инженер техникийн ажилчид, сайн дурынхантай нийлээд 200 гаруй хүмүүс ажиллаж байна. Энэ жилийн тэмцээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэмжигчээр оролцож байгаа. Харин ерөнхий ивээн тэтгэгчээр Зуун манлай бүтээн байгуулалт Монгол Улсын Баатар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, Монголын харилцаа холбоо, мэдээллийн технологийн тэргүүлэгч “ Энгийн ухаалгаар” уриатай Мобиком оролцож байгаа. Мөн “Аса арена”, Z.com, MindTech,KSJ зэрэг компаниуд ивээн тэтгэгчээр оролцож байгаа юм.
Үзэл бодол
Ч.Төгсдэлгэр: РЦНК-ийн баруун талд ногоон байгууламж барих асуудалд хувийн хэвшилтэй зөвшилцөж байна
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Оросын Шинжлэх ухаан, соёлын төв буюу РЦНК-ийн баруун талд орон сууцны барилга барих асуудлыг тухайн орчмын оршин суугчид эсэргүүцэж байна. Тухайн орчимд ногоон байгууламж барих хүсэлтийг иргэд 10 гаруй жилийн турш холбогдох газруудад өгөөд байгаа боловч одоо болтол шийдэгдээгүй. Гурван аж ахуйн нэгжийн газарт маргаан үүсэж, орон сууцны барилга эхлүүлэх тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрт үндэслэн олгосон байна. Тиймээс нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр барилга барьж буй аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, ногоон байгууламж бариулах иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх талаас нь өнөөдөр байршил дээр нь ажиллалаа.
Энэ үеэр нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Эс энд ви юу” ХХК РЦНК-ийн баруун талд цэцэрлэг, спорт цогцолбор бүхий 22 давхар орон сууцны барилга барих зохих ёсны зөвшөөрөл загвар зургийг 2022 онд батлуулж байжээ. Гэтэл иргэдийн зүгээс уг байршилд ногоон байгууламж бариулах хүсэлтэй байгаа. Шүүхийн маргаан 2025 оны долоодугаар сард эцэслэгдэж, барилга эхлүүлэх зөвшөөрлийг Хот байгуулалт, хотын стандартын газраас өгөөд удаагүй байна. Тиймээс хувийн аж ахуйн нэгжийг ч иргэдийг ч хохироогүй байх талаас нь зөвшилцөл хийхээр бид ирээд байна. Зөвшилцөл хийхдээ газрыг газраар шилжүүлэн олгох зорилт тавьж байна. Газрын маргаантай, иргэдийн эрх зөрчигдөж байгаа асуудалд бидний зүгээс 10 орчим байршилд газрыг газраар шилжүүлж асуудал шийдвэрлэсэн байдаг. Энэ мэт байдлаар асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байна” гэв.
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр төр иргэдийн хүсэлтийг сонсох үүрэгтэй. Гэвч зохих зөвшөөрөлтэй хувийн аж ахуйн нэгжийг ч хохироохгүй байх үүднээс асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ илэрхийллээ.
-
Цаг үе2022/06/30
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
-
Улстөр нийгэм2022/11/29
Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав
-
Улстөр нийгэм2021/03/04
Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур нэвтрүүлнэ
-
Үзэл бодол2022/05/17
Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын гишүүн Т.Доржхандад шаардлагынх нь ...