Цаг үе
COVID-19 халдварын үед амралт, сувиллын газарт өгөх зөвлөгөө
Эрүүл мэндийн яамнаас гаргасан коронавируст халдварын үед амралт, сувиллын газарт өгөх зөвлөгөөг хүргэж байна.
Амралт, сувиллын газарт:
- Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
- Маск, тусгай амны эсвэл нүүрний хаалт зүүх
- Нэг удаагийн бээлий хэрэглэх
- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
- Гар угаах орчинг бүрдүүлэх, гарын цаас, саван тогтмол байлгах
- Хоолны ширээ, орыг 1-1,5 метр зайтай байрлуулах
- Нэг дор олноор хооллохгүй, ээлжлэн оруулах
- Агаар сэлгэлт сайн хийх, нэвт салхилуулах
- Аяга, таваг, халбага, сэрээг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор угааж, цэвэр усаар сайтар зайлах
- Түүхий, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хадгалах
- Ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах
- Ажилчдад коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл өгөх
- 1л усанд 25мл белизна хийж шал, тавцан, сандал, ор, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
- Алчуур, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах
- Хүн хүлээж авахын өмнө өрөөг сайтар халдваргүйжүүлэн цэвэрлэх
- Саун, бассейнд халдваргүйжүүлэлт байнга хийх
- Шавьж, мэрэгчгүйтгэл хийх
- Шинж тэмдэг бүхий сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө бэлтгэх
- Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
Амрагч нарт:
- Амны хаалт тогтмол зүүх
- Гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
- Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
- Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх
- Хүн хоорондын зай барих
- Хоол унд хувааж идэхгүй байх
- Гүйцэд болгосон хоол хүнс хэрэглэх
- Тамхи дамжуулан татахгүй байх
- Нэг өрөөнд бөөгнөрөхгүй байх
- Хэрэглэсэн амны хаалтыг ил задгай хаяхгүй байх
Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.

