Улстөр нийгэм
“Таван толгой түлш” сайжруулсан шахмал түлшний үйлдвэр ирэх сараас бүрэн хүчин чадлаар ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
2021-2022 онд нийслэлийн хэмжээнд 171 мянган өрх, мянга гаруй аж ахуйн нэгж 600 мянган тн шахмал түлш хэрэглэнэ гэсэн тооцоо хийжээ. Тус үйлдвэр баруун, зүүн бүсийн үйлдвэртээ нийт 600 мянган тн түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн, 300 өрхийн дунд шахмал түлш борлуулах нэг цэг ажиллана гэж тус үйлдвэрийн удирдлага Ерөнхий сайдад танилцуулав. Мөн үйлдвэрийн орчны тоосжилтийг бууруулахад анхаарч ажиллаж байгаа гэв.
Одоогоор 13 мянган тн түлшний нөөцтэй байна. Тоног төхөөрөмжийн шинэчлэл, засварын ажил дуусч, ирэх сараас бүрэн хүчин чадлаар ажиллаж өдөрт зургаан мянган тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, нөөц бүрдүүлнэ гэлээ.
“Бүгд цар тахлын амаргүй нөхцөл байдалд ажиллаж байна. “Таван толгой түлш” компани гэхэд 2000 гаруй ажилчидтай. Халдвар хамгааллын дэглэм алдагдвал үйл ажиллагаа доголдож, бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй эрсдэл үүснэ. Иймд халдвар хамгааллын дэглэмээ ягштал барьж ажиллах учиртай”-г Ерөнхий сайд зөвлөлөө.
Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлсөн. Үүнтэй холбоотойгоор эрэлт нэмэгдсэн. Орон нутаг руу хулгайгаар түлш тээвэрлэх асуудал гарсаар байна. Энэ асуудалд цагдаагийн байгууллага анхаарч ажиллах ёстойг Ерөнхий сайд хэлэв.

Цар тахалтай холбоотойгоор хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг он дуустал үргэлжлүүлэн олгох, ААН, айл өрхийн хэрэглээний зарим зардлыг төрөөс төлөх, сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх зэрэг арга хэмжээг төрөөс авч байна. Одоо иргэдийн ухамсарт хамтын ажиллагаа чухал байна гэдгийг Ерөнхий сайд онцлов.
“Иргэдийн амьдралд дэмжлэг болоосой гэсэн агуулгаар төр засаг байж болох арга хэмжээгээ авч байна. Гэхдээ энэ бүхэн хязгаартай. Байнга алдагдалтай ажиллаад байж болохгүй. Төсөвт ачаалал ирнэ. “Тавантолгой” ХХК-д ч мөн алдагдал үүссээр байна. Ер нь бараа бүтээгдэхүүний үнийг хүчээр барина гэдэг бол алсдаа буруу болдог. Эрчим хүч, шатахуун, түлш гэхчлэн бүгдэд нь адилхан. Тийм учраас аль болох үнийг чөлөөлөх хэрэгтэй. Гэхдээ стратегийн бүтээгдэхүүн, иргэдийн амьдралтай шууд холбоотой ажлууд дээр бодлогын арга хэмжээ авахаас өөр аргагүй нөхцөлд бид байна” гэж Ерөнхий сайд ярьж байлаа.
Тус компанийн санхүүжилт болон үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой зарим асуудлаар Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.


Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Цаг үе2024/01/12
Шүүх шинжилгээний байгууллагын түүхт 80 жилийн ой тохиож байна
-
Үзэл бодол2022/11/29
Б.Гансүх: Галт зэвсгийн тооллого ирэх сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ
-
Цаг үе2022/03/24
Энэ онд нийслэлд 131.4 га талбайг ойжуулна
-
Цаг үе2023/09/01
Пап Францисын айлчлалд зориулсан шуудангийн марк худалдаанд гарлаа
