Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

2000 жилийн түүхтэй Бонн хотод Д.Тэрбишдагвын ном танилцуулагдлаа

Огноо:

,

Цахим музей ба Монгол судлал
Мюнстер хотод болсон номын танилцуулга уулзалт дуусаад Бонн хотруу зорив. Энэ хот Германы түүхийн өлгий нутаг.  Нэгэн үндэстэнг баруун, зүүнд хувааж, Берлиний ханаар тусгаарлаж байсан үед буюу 1949-1990 онд ХБНГУ-н нийслэл нь байв. Энэхүү түүхэн хотод ирээд УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва  номын танилцуулах уулзалтын товоос  өмнө ХБНГУ-ын Боннын  их сургуулийн Монгол-Төвөд судлалын тэнхимаар зочиллоо. Биднийг тус сургуулийн “Монгол-Төвөдийн   эдийн соёлын дурсгалыг цахимжуулах төсөл”-ийн  эрдэм шинжилгээний ажилтан, доктор  Б.Нямсүрэн угтаж авсан юм.


“Монгол-Төвөдийн   эдийн соёлын дурсгалыг цахимжуулах төсөл”  дорно дахины  судлалын салбарт үнэхээр ач холбогдолтой, томоохон  судлагдахуун аж. Энгийнээр хэлбэл “онлайн музей” гээд хэлчихэж болмоор. Тухайн үзмэрийг хайхад тайлбартайгаа  тодорхой гарч ирнэ. Европын музейнүүдэд байгаа  Монгол-Төвөдийн соёлын биет өв болон хувь хүмүүсийн сан хөмрөгт байсан ховор эд зүйлсийг нэг дор  товч хараад,  төвөггүйхэн үзэж болох боломжийг бүрдүүлж чаджээ. Энэ нүсэр ажлыг эрдэмтэн, судлаач Ханс Ротын удирдлага дор  1972 оноос  1988 он хүртэл  хэрэгжүүлж, Европын улс орнуудын 102 музей болон хувь хүмүүсийн сан хөмрөгөөс цуглуулгаа бүрдүүлжээ. 

 
2007 оноос уг төслийг үргэлжүүлэн хэрэгжүүлэхдээ Боннын их сургууль дахь Төв Ази судлалын архивт хадгалагдаж буй Ханс Ротын үзмэр, эд өлгийн зүйлийн мэдээллийг цахимжуулж, соёлын биет өвийн нээлттэй цахим мэдээллийн сан бүрдүүлж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх боломжтой болгожээ.  
Тодруулж хэлбэл, Боннын их сургууль дахь Төв Ази судлалын архивт хадгалагдаж буй 22000 орчим үзмэр, эд өлгийн зүйлсийн гэрэл зураг, түүнийг хадгалж буй музейн мэдээлэл болон холбогдох тайлбарыг нийт 55000 орчим карт  дээр бүртгэж баримтжуулсан байна. Мөн архивын сан хөмрөгт зарим музейгээс авч цуглуулсан, материалын дээжис, үзмэр, эд өлгийн нарийн хийц, технологийн талаарх мэдээлэл, хээрийн судалгааны явцад авсан 2000 орчим гэрэл зураг, зарим цуглуулгыг худалдаж авсан данс, бүртгэлийн дэвтэр болон музей дэх архивын материал, Ханс ротын өөрийнх нь гар тэмдэглэл, гар зураг хадгалагдаж байгаа аж.

2013 онд энэ төслийг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, нарийн бичгийн дарга асан,  профессор, доктор Т.Галбаатарын санаачлагаар Монгол-Германы хамтарсан төсөл болгон хэрэгжүүлэхээр тогтож, төслөө Герда Хенкелийн санд өгөхөд  2013-2018 онд хүртэлх төслийн судалгааны санхүүжилтийг олгожээ. Энэ хугацанд 64 музей болон хувь хүмүүсийн цуглуулгаас бүрдсэн 40 орчим мянган картыг гэрэл зургийн хамт цахимжуулж, мэдээллийн санд нэмж оруулсан байна. Энэ төсөл нь  Европын улс орнуудын музейнүүд болон хувь хүний цуглуулга дахь Монгол, Төвөдийн соёлын биет өвийн үзмэрүүдийг хамгийн өргөн цар хүрээнд баримтжуулсан учраас дорно дахины судлалаар ажиллаж байгаа эрдлэмтэн судлаачид төдийгүй угсаатны зүй, шашин, соёл урлаг, соёлын өвийг сэргээн засварлах салбар, музей судлалд үнэ цэнэтэй хэрэглэгдэхүүн юм.

49 жилийн түүхтэй энэхүү төслийн эрдэм шинжилгээний ажилтанаар Монгол бүсгүй Б.Нямсүрэн  2013 оноос хойш ажиллаж байна. Тэрээр Монгол судлал, Төв Азийн хэл, соёл судлал, Герман судлалаар магистр, хэл шинжлэлийн чиглэлээр доктор хамгаалжээ. ХБНГУ-ыг Боннын их сургуулийн Монгол-Төвөд судлалын тэнхимын   зочин профессор, доктор Т.Эрдэнэ-Очир танхимынхаа талаар УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвад танилцууллаа. Тус сургуулийн Монгол-Төвөд судлалын тэнхим 2011 онд түр хаагдаад, 2013 оноос дахин нээгджээ. Европ дахь  Монгол судлалын бүрэн сургалттай цөөхөн  төвүүдийн нэг. Зөвхөн монгол хэл гэлтгүй Монгол судлал, түүх,соёл,  угсаатны зүй,   улс төр, нийгэм гээд судалгааны өргөн цар хүрээг  хамардаг юм байна.  Германы эрдмийн солилцооны алба буюу ДААД  2015-2022 он хүртэл Монгол судлалын хөтөлбөрийг санхүүжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд МУИС-ийн эрдэмтэн, багш нар  хоёр  жилийн хугацаатайгаар Боннын их сургуулийн Монгол-Төвөд судлалын тэнхимд ирж багшилдаг аж.


Зочин профессор, доктор Т.Эрдэнэ-Очир Монгол хэл,  монгол бичиг, нийгэм, соёл , угсаатан судлалын хичээл зааж байгаа гэв. Одоогоор энэ тэнхимд  20 гаруй  оюутан суралцаж  байна.  Дэлхий дахинд ковидын цар тахал дэгдэж, хөл хорио бүрэн цуцлагдаагүй энэ үед тус сургуулийн хичээл цахимаар орж байгаа учир хөл хөдөлгөөн багатай, нам гүмхэн байлаа. Хээрийн судалгааны дадлагыг Монголд очиж хийдэг байсан ч цар тахлын улмаас зогсонги байдалд оржээ.  Номын зохиогч Д.Тэрбишдагва Герман улсад хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо “Монгол-Төвөдийн   эдийн соёлын дурсгалыг цахимжуулах төсөл”  -ийн ажилтан, Манж, Монгол судлаач, доктор хатагтай Бритта Мариа Груберт болон Боннын их сургуулийн Монгол-Төвөд судлалын тэнхимд бэлэглэлээ. Доктор Бритта Мариа Грубер Ази судлалын чиглэлээр  судалгаа их  хийдэг, Монголын эртний түүхийн талаар өргөн мэдлэгтэй хүн байв.


Тэрээр “Таны хэлсэн Монгол Улс археологийн баян бүрд гэдэгтэй санал нийлж байна. Энэ чухал судлагдахууныг нарийвчилж судлахад Монголын тал дулимаг ажиллаж байгааг анхаарч, судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх нь чухал шүү. Хүн төрөлхтний түүхэнд асар их хувь нэмэр оруулсан үндэстэн ” гэж саналаа хэлж байв. Энэ үеэр номын зохиогч Д.Тэрбишдагва Боннын их сургуулийн оюутнуудад Монголын талаар лекц унших боломж хэр байгааг тодруулж, сургуулийн удирдлагуудтай хамтарч ажиллах саналын талаар ярилцав.  Мөн номын зохиогч Монгол-Төвөд судлалын тэнхим болон номын сантай танилцаж  явахдаа 7 жилийн турш Монгол судлалаар суралцаж байгаа Аналинатай тааралдав. Энэ бүсгүй “Архидалт ба Монголын нийгэм” гэсэн сонирхолтой сэдвээр магистр хамгаалж, одоо үргэлжлүүлэн докторантурт суралцаж байгаа бүсгүй юм байна.



Герман бол Монгол судлалаараа дэлхийд тэргүүлэгч орон билээ. Тус улсын нэр хүнд бүхий томоохон их, дээд сургуулиудад Монгол судлалын тэнхим ажиллаж, доктор, профессорууд судалгаа шинжилгээний ажлаа хийж, Монгол судлалын чиглэлээр суралцаж буй гадаад оюутны тоо өсч, Холбооны Засгийн газраас Монгол судлал болон Монголын түүх өв соёлыг сурталчлах томоохон ажлуудыг санхүүжүүлсээр ирсэн билээ. Гэвч энэ үеэр нэг харамсалтай мэдээ чих сортолзуулав. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа  ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр Боннын их сургуулийн Монгол судлалын тэнхимийн судалгааны нэг ажлыг 10 жилээр сунгахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж,  Монгол судлалын ангийн нэг оюутныг Монголд ирж судалгааны ажлаа үргэлжлүүлэх нэг жилийн тэтгэлгийг  олгосон юм билээ. Гэтэл нэг л удаа санхүүжилт хийгдээд дараагийн ерөнхийлөгч сонгогдоод үргэлжлүүлж  одоо болтол олгоогүй гэж яригдлаа. Боннын их сургуульд Монгол судлалыг хөгжүүлэх  бүхий л зардлыг Германы талаас санхүүжүүлж иржээ. Монгол Улсаас хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхгүй байгааг сонсох л хамгийн тааламжгүй мэдээ байв. Оюуны хөрөнгө оруулалтандаа гар татах тусам хөгжлийн хурд тэр чинээгээр саарна  гэдгийг төр засгийн байгууллагад ажиллаж байгаа  хүмүүс ухаарч, төрийн залгамж бодлого ямагт аргамжаатай мэт залгамжлан хэрэгжих учиртайг сэхээрээсэй  билээ хэмээн бодогдлоо. Монгол Улс судалгаа, шинжилгээ, Монгол судлалыг өргөжүүлэхэд адаглаж амалснаа биелүүлчихдэг баймаар юм. Үнэндээ  татвар төлөгчид  үр ашигтай хөрөнгө оруулалт хий, нийгмийн зайлшгүй хэрэгцээтэй асуудалд зарцуул, улс орноо сурталчил, оюуны боловсролд анхаар, сургалт, судалгааг өргөжүүл  гэж тасралтгүй татвар төлсөөр ирсэн. Түүнийг оночтой,  зөв хуваарилалт хийж,    адаглаад л  үүх түүхээ сурталчлах, хэл соёл, археологи гээд чухал салбаруудын судалгааг хийхэд дандаа гадаадынхны гар харалгүй зарцуулдаг болж, худлаа амалдагаа больж, хариуцлагатай байх цаг иржээ.
Германы зүрхэнд орших Монголын түүх, соёлын сурталчилгааны төв Mongolei Zentrum





Боннын их сургуулиас гараад номын зохиогч Д.Тэрбишдагва Mongolei Zentrum-д хүрэлцэн ирж Герман улсад хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номын танилцуулах ээлжит уулзалтаа хийв. Энэхүү уулзалтыг Mongolei Zentrum төвийн үүсгэн байгуулагч Франк Фосен болон Нордрайн-Вестфален мужийн өргөмжлөлт консул ноён С.Шмитц нар нээж үг хэллээ. Номын танилцуулах уулзалтанд  оролцохоор ХБНГУ-аас  Монгол Улсад сууж байсан элчин сайд асан Шрёдер, Эдийн засгийн хөгжлийн яамны хэлтсийн дарга хатагтай Г.Хамершмидт, Өвөрмонголын эрдэмтэн Л.Хурцбаатар, өргөмжлөлт консул Гроссе-Зендер зэрэг улстөрч, төр нийгмийн зүтгэлтэн, археологийн эрдэмтэн судлаачид, герман уншигчид гээд 30 гаруй хүн цугласан байлаа.







Германы эдийн засгийн хөгжлийн яамны  Азийн орнуудын хамтын ажиллагааны асуудал хариуцдаг хэлтсийн дарга  Г. Хамершмидт  Гумбольдтийн их сургуульд хамт сурч байсан анд нь байсан учир зорьж ирэн, номын зохиогч Д.Тэрбишдагвад  баяр хүргэж байлаа.  










Германы нэрт  хуульч Гроссе-Зендер “ Би Д.Тэрбишдагвын номыг  Германд хэвлэгдэнгүүт нь авч уншсан. Би 1993 оноос хойш Монгол Улсад олон удаа очиж,   хууль, эрх зүйн чиглэлээр зөвлөгөө өгч, өргөмжлөлт консулаар  ажиллаж байсан хүн. Номыг нь уншихад Монголын тухай сэтгэлд үлдсэн олон түүх, мэдээллийг эргэн санаж,  Монголын нэн эртнээс өнөө цөгийн үеийн түүхийг товч, оновчтойгоор дүрсэлсэн нь ихэд таалагдсан. Берлины хана нурж, хоёр Герман нэгдснийг монгол хүн хэрхэн тусгаж авсан болон Монголд ардчиллын салхи яаж шуурсан талаар дүгнэлт, зураглалыг залуучууд шимтэн уншаасай гэж бодож байна. Чингис хааны үр  удмын түүхийн талаар шинэлэг зүйл бичсэн санагдлаа, үүнийг  шинжлэх ухааны үндэслэлтэйгээр  судалгааг гүнзгийрүүлж бичихийг хүсэж байна.  Хүн төрөлхтний түүхэнд монголчуудын үлдээсэн үнэт зүйл болон  өнөөдрийн Монголын нөхцөл байдлын  талаар ойлгуулахад  их чухал ном болсон байна.” хэмээн онцлов. Энэ удаагийн уулзалтыг Mongolei Zentrum төвийг үүсгэн байгуулагч Франк Фосен ба түүний гэргий Б.Мөнхзулын хамт зохион байгуулжээ. Эцэг, эхээсээ уламжилж авсан нэн эртний хотын төв дэх байрыг тохижуулан Монголын соёлын төв байгуулж, Монголыг сонирхогчид, монголчууддаа олон талаар хүртээл болгосон сувгуудаар ажиллаж байна. Энэхүү төвийн талаар www.mongolei.de болон www.fb.com/MongoleiZentrum   мэдээлэл авч болно.  Энэ төвд ороход монгол айлд зочилж буй мэт сэтгэгдэл төрнө. Хоймортоо модоор урласан хоёр том сийлбэртэй сандал, эрээн цоохор авдарууд эгнүүлж тавьсан, хээ хуар алагласан ор, эмээл, бусад хэрэгслийг иж бүрнээр тавьжээ. Бэлэг дурсгалын зүйлс, үндэсний дээл хувцас, монгол ном, хөгжмийн CD гээд  олон зүйл өрөөстэй. Үндэсний хэв шинжийг агуулсан  бараг бүхий л зүйлийг энэ соёлын төвийн үзмэр болгож Монгол Улсыг сурталчилж байгаа юм болов уу гэсэн сэтгэгдэл төрснийг нуух юун. Энэ төвдөө номын хурим, урлаг, соёлын олон арга хэмжээг байнга зохион байгуулж иржээ. Б.Мөнх-Зул бүсгүйгээс  эх орноо гадаадынханд сурталчилж  таниулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих , гар урлалын бүтээлийг таниулах, худалдаалах, ном, хөгжмийг түгээн дэлгэрүүлэх  гэсэн сэтгэл үнэртэнэ. Түүний нөхөр 1997 онд    Mongolei.de  хэмээх анхны монголын талаарх цахим хуудас нээхэд тухайн үед чатыг нь хүмүүс их ашигладаг байсан юм  билээ. Энэ цаг мөчөөс хойш энэ гэр бүл Монголын соёлыг сурталчлахын зэрэгцээ   монгол уран дархчууд, оёдолчид, уран гартнуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Германд борлуулж иржээ. Эднийд Монголоос   бүтээгдэхүүнээ нийлүүлдэг хувь хүмүүс ч олон. Зарим нь бүүр 20 гаруй жил хамтын ажиллагаатай байгаа төдийгүй үр хүүхдүүд нь залгамжлан үргэлжлүүлэх болжээ. Монголд жижиг, дунд үйлдвэрлэл  эрхэлж байгаа хүмүүсийн     бүтээгдэхүүнийг нь гадаадад  борлуулж тусалж буй нь үнэхээр баярлууштай хэрэг билээ.











Германд олон жил  амьдарч байгаа монголчуудад   монгол номнуудыг хүргэх, герман аялагчдад зориулсан ном,  буддын шашин болон бөө мөргөлийн холбогдолтой  ном зохиол, сонсдог ном, Герман хүүхдүүд зориулсан Монголын номыг ч борлуулдаг юм байна. Багт наадмын баяраар Кёлн хотод 1984 оноос хойш Герман хүмүүс монголчуудыг дуурайж хувцаслаж хэв маяг дэлгэрчээ. Тэр хүмүүс энэ төвөөс хувцас, эдлэл хэрэгсэл, тавилга хүртэл худалдаж авдаг гэнэ. Зарим германуудын гэрт нь ороход монгол айлд ороод ирэв гэмээр  тохижуулсан байдаг гэж Б.Мөнхзул өгүүллээ.  Энэ төвд худалдаалагдаж байгаа дээл хувцасыг л сонирхоход хийц нь  их чамин,  өнгөний сонголт сайтай  гээд тоочоод байвал олныг өгүүлэхээр юм билээ. Б.Мөнхзул гэр бүлийнхээ хүний хамт Монголд очиж герман хүмүүс ийм өнгө хийц сонирхдог, ийм хэвшил, хандлагатай  гэдгийг тайлбарлаж, Германы соёлыг Монголд түгээж, Монголын соёлыг Германд  дэлгэрүүлж хоёр орны хооронд жинхэнэ гүүр болж ажиллаж  яваа бүсгүй юм.
 
Үргэлжлэл дараагийн дугаарт

Д.Доржпагма
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол болж, “Нийслэлийн бахархал” шагнал гардууллаа. Нийслэлийн хөгжил, дэвшилд бодит хувь нэмэр оруулж, иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан үр бүтээлтэй ажилласан иргэний амжилт, санаачилгыг үнэлэн алдаршуулав.

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслолыг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлчүүд та бидний эрүүл мэнд, амар тайван амьдрал, аюулгүй байдлын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл чимээгүй хөдөлмөрлөдөг баатрууд бол онцгой байдал, эрүүл мэнд, хот тохижилт, цагдаа бусад үйлчилгээний салбарт зүтгэж буй мянга мянган ажилтан албан хаагчид билээ. Түүхт ойн энэ өдөр есөн салбарын шилдэг төлөөлөл "Улаанбаатарын бахархал" цомыг хүртлээ. Энэ бол та бүхний мэдлэг, ур чадвараа зориулж, хамт олныхоо итгэлийг дааж ирсэн олон жилийн хөдөлмөр зүтгэлийн үнэлгээ” хэмээн тодотголоо.

 “Нийслэлийн бахархал” шагналын эзэд

  1. “Хотын авран хамгаалагч бахархал” номинаци

Дэмбэрэлсүрэнгийн Анхбаатар - Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал сөнөөгч

2009 оноос 17 жил онцгой байдлын салбарт ажилласан.

  • 1465 орчим гал түймрийн болон гамшиг ослын дуудлагаар гарч,
  • 1265 удаа гал түймэрт байлдааны тархалт хийж,
  • 7 тэрбум төгрөгийн төр, аж ахуй, нэгж, байгууллага, иргэдийн өмч хөрөнгө
  • 497 хүний амь насыг авран хамгаалж,
  • 68 удаа үер усны дуудлагаар үүрэг гүйцэтгэж,
  • 194 үерт өртсөн иргэнийг авран хамгаалж,
  • 7 иргэний автомашиныг уснаас гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллаж,
  • 598 удаа айл өрхийн галын аюулгүй байдлын үзлэг шалгалтыг зохион байгуулж,
  • 9787 урьдчилан сэргийлэх тараах материалыг иргэдэд хүргүүлэн ажилласан.
  1. “Аюулгүй зорчилтын бахархал” номинаци

Лувсаннямын Ганзангиа - “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч

Нийтийн тээврийн салбарт 1995 оноос эхлэн 32 жил ажилласан. Зөвхөн 2026 онд:

  • 17 зорчигч тээврийн чиглэлд
  • 206 хоног зорчигчдод үйлчилж,
  • 1568 цаг нийтийн тээврийн шугам замд ажиллаж,
  • 1 жилийн хугацаанд 731 рейс гүйцэтгэж,
  • 1 өдөрт 1158 зорчигч тээвэрлэжээ.
  1. “Хот, нийтийн аж ахуйн бахархал” номинаци

Батмөнхийн Мөнххишиг - “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ашиглалтын инженер. Орон сууц нийтийн аж ахуйн салбарт 2013 оноос хойш тасралтгүй 13 жил ажилласан. Хэрэглэгч, оршин суугчдаас ирүүлсэн хүсэлт, өргөдлийн шийдвэрлэлтэд байнга хяналт тавьж, үйлчлүүлэгчтэй зөв боловсон харьцаж ирсэн үлгэр жишээ шилдэг ажилтнуудын нэг юм.  

  1. “Эерэг өөрчлөлтийн бахархал” номинаци

Баатарчулууны Нандинцэцэг - Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн ахлах нийгмийн ажилтан. 2010 оноос нийгмийн хамгааллын чиглэлээр 16 жил ажилласан. Нийгмийн салбарт, тэр дундаа гэр оронгүй иргэдэд үйлчлэх үйлсэд тасралтгүй 16 жил ажиллах хугацаандаа иргэн нэг бүртэй ажиллаж, тэдний амьдралын чанарыг сайжруулж, зорилтот бүлгийн иргэдийг нийгэмшүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байна.

  1. “Эрүүл мэндийн бахархал” номинаци

Алтангэрэлийн Нямсүрэн - Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгийн гэмтэл, согогийн тасгийн эрхлэгч, мэс заслын эмч. 2014 оноос эрүүл мэндийн салбарт 12 жил ажилласан.

А.Нямсүрэн нь сүүлийн 5 жилийн хугацаанд:

  • 64,796 амбулаторийн үзлэг
  • 12,087 урьдчилан сэргийлэх үзлэг
  • 5,846 хүнд мэс заслын ажиллагааг багаа ахлан хийж, хүндрэлгүй тусламж үйлчилгээ үзүүлэн ажилласан байна.
  1. “Хотын үзэмж бахархал” номинаци

Сарангэрэлийн Цэдэвдорж - Чингэлтэй дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ХХК-д хог тээвэрлэлтийн ачигч, зам талбайн үйлчлэгчээр 2004 оноос хойш өнөөг хүртэл 22 жил тасралтгүй ажиллаж байна. Авто зам болон явган замын цэвэрлэгээг технологийн дагуу чанартай гүйцэтгэж, зам талбайгаа өдөр бүр 3 удаагийн давтамжтайгаар цэвэрлэж, өдөр бүр тогтоосон төлөвлөгөөг давуулан биелүүлэн ажилладаг.

  1. “Эрдмийн бахархал” номинаци

Начингийн Оюунчимэг - Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн физикийн багш. 1987 оноос боловсролын салбарт 39 жил ажиллаж байна. Физикийн хичээлийн заах арга зүйг сайн эзэмшиж, сурагч бүрийн авьяас чадварыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж ирсэн. Түүний шавь нарын гаргасан амжилтаас дурдвал:

Аймаг, нийслэлийн физикийн олимпиадаас: 44 алт, 40 мөнгө, 59 хүрэл

Улсын физикийн олимпиадаас: 17 алт медаль буюу 17 удаа улсын аварга, 29 мөнгө, 35 хүрэл

Олон улсын физикийн олимпиадаас: 3 мөнгө, 9 хүрэл

Ази тивийн физикийн олимпиадаас: 1 мөнгө, 5 хүрэл медаль тус тус хүртэж нийтдээ олон улсын 24 медаль хүртсэн байна.

  1. “Аюулгүй хотын бахархал” номинаци

Таупихын Ардабек - Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа, жолооч, цагдаагийн дэд ахлагч. Т.Ардабек нь 2026 онд:

  • 28 удаа авто эргүүлийн чиглэлд
  • 672 цагийн үүрэг гүйцэтгэж,
  • 314 дуудлага мэдээллийг хүлээн авч шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

Мөн 2026 оны 10-р сарын 06-ны өдрийн 09:00 цагт эргүүлийн үүргээ гүйцэтгэж дуусаад гэртээ харих замдаа СХД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцанд гал түймэр гарч байгааг мэдэн галын голомтод байсан 13 настай 1 охиныг аврахын зэрэгцээ 7 айлын 9 иргэнийг болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлсэн юм.

  1. “Сайн үйлсийн бахархал” номинаци

Цэвээний Энхбаатар - Шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор. 2002 оноос байгаль орчинд ээлтэй сайн үйлсийн олон ажил хийж гүйцэтгэж ирсэн.

  • Тужийн нарсны мод үржүүлгийн газар нарсны тарьц тарьж, ургуулж ойжуулалт хийсэн. Чингэлтэйн дээд Салхитад 4 га газарт ойжуулалт хийсэн.
  • Сүхбаатар дүүргийн 20-р хорооны Сэлхийн Гүнжийн булгийг тохижуулахад оюутан, сонирхогчдыг уриалан 5 жил дараалан 5000 орчим улиас, хайлаас, бургас тарьж, услах, хамгаалах ажлыг сайн дураараа хийж байгаа.
  • 2023 оноос Хамрын хийдэд 200 гаруй монос, бүйлс тарьж ургуулсан.
  • 2023 оноос Сэлхийн зуслангийн ууланд ойжуулах ажлыг эхлүүлж, 2 га газар хашаажуулан, улиас, монос, хайлаас, чацаргана, шинэс, гацуур зэрэг 3000 гаруй мод тарьсан бөгөөд өнөөдөр 90 хувийн ургалттай байна.

 

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ой болон “Улаанбаатар театр” ОНӨТҮГ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан бүтээсэн “Улаанбаатар” пянзны нээлтийн ёслол боллоо. Нийслэлийн соёл, урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэх, хотын түүх, онцлог, өнгө төрхийг илэрхийлсэн бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, “Улаанбаатар” соёлын брэндийг бий болгох зорилгоор уг пянзыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр бүтээжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар” пянз нь нийслэлийн түүх, соёл, урлагийн өвийг хадгалан үлдээж, хойч үедээ өвлүүлэн таниулахын зэрэгцээ хотын соёлын онцлогийг олон улсад сурталчлах ач холбогдолтойг онцоллоо. Мөн нийслэлээс соёл, урлагийн салбарыг дэмжих, уран бүтээлчдийн туурвих үйл ажиллагааг өргөжүүлэх, Улаанбаатар хотын соёлын брэндийг бий болгох чиглэлээр цаашид анхааран ажиллахаа илэрхийлэв.

“Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ариунбаатар хэлэхдээ, “Авьяасаар бүтээсэн 20 жил” уриан дор бүтээсэн энэхүү пянз нь нийслэл хотынхоо соёл, урлагийн өвийг дуу хөгжмөөр дамжуулан мөнхөлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготойг онцоллоо.

“Улаанбаатар” пянзанд нийслэлийн түүх, үндэсний өв соёл, хотын өнгө төрхийг илэрхийлсэн “Миний Улаанбаатар”, “Дөрвөн уул”, “Хангарьдын дуулал”, “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Улаанбаатарын тухай дуу”, “Улаанбаатарын үдэш”, “Хангарьд”, “Модун”, “1963”, “Ай наанаа”, “Айсуй хүлгийн төвөргөөн” зэрэг хөгжмийн бүтээл багтжээ. Түүнчлэн Үндэсний хөгжмийн “Хангарди” найрал хөгжим, удирдаач Соёлын тэргүүний ажилтан Б.Эрхэмбаярын удирдлага дор хөгжимдсөн, хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын “Хангарьд”, С.Мөнхбатын “Модун”, О.Чинбатын “1963”, Х.Алтангэрэлийн “Тусгаар Монгол Улс” удиртгал, Р.Бат-Эрдэнийн “Айсуй хүлгийн төвөргөөн” зэрэг бүтээлийг багтаасан нь онцлог юм.

Мөн “Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын 20 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн дээд шагнал Хангарди одон хүртээж, удирдлага, уран бүтээлчдэд ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Нийслэлийн Улаанбаатар театр үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Нийслэл хотын 387 жилийн ойд зориулан бүтээсэн “Улаанбаатар” пянзны нээлтийн ёслол 2026 оны 10 дугаар сарын 30-ны 11:40 цагт Улаанбаатар театрын "Үзэсгэлэнгийн танхимд" болно.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт боллоо

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 387 жилийн ой, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулж буй Д.Лувсаншаравын нэрэмжит 31 дэх удаагийн “Хүүхдийн найрал дууны наадам”-ын гала тоглолт  боллоо.

Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат гала тоглолтыг нээж, үг хэлэв. 

Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан тус наадмыг 2006 оноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон.

Энэ удаагийн наадмын эхний шатанд нийслэлийн долоон дүүргийн 59 сургуулийн 2,531 сурагч оролцсон бол хоёрдугаар шатанд 19 сургуулийн 767 сурагч шалгаран оролцож, авьяас, чадвараа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

Д.Лувсаншаравын нэрэмжит 31 дэх удаагийн “Хүүхдийн найрал дууны наадам”-ын шилдгүүд:

Тэргүүн байр: Монгол-Оросын хамтарсан сургуулийн “Рапсодия” найрал дууны хамтлаг

Дэд байр: Монгол дахь Канад сургуулийн “Нарны үр сад” найрал дууны хамтлаг

Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын “Хөгжил” сургуулийн “Гэгээ” найрал дууны хамтлаг

Тусгай байр:

- Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн “Нарны дуулал” найрал дууны хамтлаг

- Нийслэлийн ерөнхий боловсролын “Монгени” сургуулийн “Одод” найрал дууны хамтлаг

Нэрэмжит шагнал:

- Д.Лувсаншаравын нэрэмжит шагнал: Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эрин” сургуулийн “Melody” найрал дууны хамтлаг

- Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны нэрэмжит шагнал: Нийслэлийн ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн “Яруу эгшиглэн” найрал дууны хамтлаг

Тусгай номинаци:

- Шилдэг удирдаач багш: Монгол-Оросын хамтарсан сургуулийн хөгжмийн багш Филиппова Кристина Витальевна

- Шилдэг сургуулийн удирдлага: “Логарифм” дунд сургуулийн хамт олон

Тус наадам нь хүүхэд багачуудын хөгжмийн авьяасыг нээн хөгжүүлэх, найрал дууны урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол, урлагийн мэдрэмжийг төлөвшүүлэх, сургуулийн хөгжмийн боловсролын чанарыг дээшлүүлэх, найрал дууны урлагийн уламжлал, өвийг хойч үедээ өвлүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2026/11/02

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Улстөр нийгэм2026/11/02

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өри...

Цаг үе2026/11/02

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

Урлаг спорт2026/10/30

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

Улстөр нийгэм2026/10/30

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийс...

Цаг үе2026/10/30

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн туха...

Улстөр нийгэм2026/10/30

Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын ...

Улстөр нийгэм2026/10/30

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосист...

Улстөр нийгэм2026/10/30

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи ...

Цаг үе2026/10/29

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургу...

Санал болгох