Шударга мэдээ
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын зөвлөл байгуулах талаар уулзалт хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр Инновац, цахим бодлогын байнгын хорооноос мэдээллийн технологийн тусгай бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулан уулзалт зохион байгуулав.
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн цахим хөгжлийг дэмжих багц 5 хуулийг өнгөрсөн намрын чуулганаар УИХ-аар хэлэлцэн баталсан. 2022 оны хаврын ээлжит чуулганаар Монгол Улсад мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн тусгай бүс байгуулах, тус бүсэд үйл ажиллагаа явуулахтай холбоотой харилцааг зохицуулах хуулийг хэлэлцүүлэхтэй холбогдуулан Монголын электрон спортын холбоо, Монгол Валли, Аеро сити, Сиркл парк зэрэг улс орны эдийн засагт нөлөө үзүүлэхүйц төслүүдийн болон бусад хувийн хэвшлийн саналуудыг тусгах зорилгоор Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэд бодлогын зөвлөл байгуулахаар өнөөдрийн уулзалтаар шийдвэрлэж, санал солилцлоо.
Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Д.Цогтбаатар болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн байхдаа Монгол улсад мэдээллийн технологийн гарааны бизнесийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай хуулийн төслийг санаачлан Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байдаг. Хуулийг батлан хэрэгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах, салбарын стартап компаниуд үйл ажиллагаагаа явуулах таатай орчныг бүрдүүлж, юникорн компани болох нөхцөлийг нээх эрх зүйн орчныг бий болгон валютын урсгалыг Монголдоо төвлөрүүлэх боломжтой болох юм.
Цахим шилжилтийг дэмжих багц 5 хуулийн хэрэгжилтийг хангах, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тусгай бүс бий болгох, мэдээллийн технологийн цаашдын хөгжил, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоог хангасан бодлогын зөвлөл манлайлан ажиллах юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Шударга мэдээ
Архангай аймаг сүүлийн гурван жилд 48 янгир ямаа нутагшууллаа
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Булган ууланд энэ сарын 21-нд 21 янгирыг нутагшуулах арга хэмжээг “Монгол-99” ТББ зохион байгууллаа.
Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Монгол Улсын Урт хугацааны бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биологийн олон янз байдлыг хамгаалах, тархац нутаг, амьдрах орчныг нь тэтгэж хомсдолоос сэргийлэх, зориудаар өсгөн үржүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ховордсон амьтдыг түүхэн тархац нутагт нь сэргээн нутагшуулах, тоо толгойн өсөлтийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлж, энэ талаар санаачилга гаргаж буй иргэд, хувийн хэвшлийн оролцоог бүхий л талаар дэмжин ажиллаж байна.
2023 онд 11, 2024 онд 16, 2025 онд 21 толгой нийт 48 толгой янгир ямааг Булган уулын бүс нутагт сэргээн нутагшуулаад байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Дотоодын компаниудаас хагас коксожсон нүүрс худалдан авах асуудлыг судлахыг Г.Дамдинням сайдад үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны зургаадугаар сарын 20-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Албан даалгавар гаргалаа.
Тухайлбал, дэд сайд болон яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилох асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд болон Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргатай зөвшилцөж чиглэл авах, Засгийн газрын гишүүд УИХ-ын чуулганы хуралдаанд ирц бүрэн оролцох, Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврыг бүрэн хэрэгжүүлж, биелэлтийн тайланг ЗГХЭГ-т сар бүр ирүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах асуудалд онцгойлон анхаарч, эхлүүлэх, 2025-2026 оны өвлийг цахилгаан, дулааны хямралгүй даван туулах, шахмал түлшний нөөц бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг хэвийн тасалдалгүй байлгах, өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг долоо хоногт боловсруулж, танилцуулахыг үүрэг болголоо. Түлшний нөөц бүрдүүлэхдээ БНХАУ-аас хагас коксожсон нүүрс авахгүйгээр дотоодоос авах боломжийг судлахыг даалгалаа.
Аялал жуулчлалын улиралтай холбогдуулан жуулчдад үзүүлэх үйлчилгээний чанар, аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, тээвэр, нислэгийн асуудалд онцгой анхаарах, мөн хүнсний хангамжийг хэвийн байлгах, газар тариалангийн бүс, төвийн нутгаар ган гачигтай байгаатай холбогдуулан ургац алдахаас сэргийлэх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх, Засгийн газрын хуралдааны журмыг хатуу баримтлан ажиллахыг Ерөнхий сайд Албан даалгавраараа үүрэгжүүлжээ.
Шударга мэдээ
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, М.Нарантуяа-Нара, Ч.Лодойсамбуу, Г.Уянгахишиг, А.Ундраа нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Бизнес эрхлэгчдэд татвар, зээл, түрээсийн дарамт их байгаа энэ цаг үед аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг нь хүндрэл учруулж байгаа учраас НӨАТ-ын хувь хэмжээг 5 хувь болгох хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. Өнөөдрийн байдлаар аж ахуй нэгжүүдийн НӨАТ-ын өр 540 тэрбум төгрөгт хүрч, эдгээр хувийн хэвшлүүдийн дансыг хаах нөхцөл байдал үүссэн гэлээ.
Манай улсын НӨАТ-ын орлого өсч, орлого цуглуулах чадвар нэмэгдэж байгаа хэдий ч үр дүнд нь инфляци, ажилгүйдлийн түвшин өсөх, ДНБ буурах эрсдэл үүсэж болзошгүй байна гэдгийг хууль санаачлагчид онцоллоо. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн Албан татвар ногдуулах хувийн хэсгийн “11.1.Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна.” заалтын “… 10 хувиар ногдуулна.” гэснийг “… 5 хувиар ногдуулна” гэж өөрчлөх санал гаргажээ. Хуулийн өөрчлөлт батлагдсанаар орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг болохоос гадна татвар төлөгчдийн бааз нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, улсын төсөвт цугларах татварын орлого нэмэгдэх боломжтой гэж үзэж буйгаа танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Улстөр нийгэм2020/10/14
Сурагчдад олон улсын стандартад нийцсэн автобус үйлчилнэ
-
Цаг үе2022/12/23
Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгарууллаа
-
Улстөр нийгэм2021/12/01
УИХ дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Улстөр нийгэм2020/09/08
“Ипотекийн зээлийн хэрэгжилт”-ийн талаар арилжааны банкуудын удирдла...