Шударга мэдээ
АТГ: Үндэслэлгүй хөрөнгөжсөн Р.Ононгоос 644.9 сая төгрөгийг гаргуулна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх Р.Ононд холбогдох хэргийг мөрдөн шалгасан бөгөөд 2017 онд Сүхбаатар дүүргийн шүүх уг хэргийг хэлэлцээд түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Р.Онон нь Авто замын газрын орлогч дарга, Зам тээврийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болон мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг, “Ривер гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь 242 метр квадрат талбайтай 4 өрөө орон сууцыг 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 200.000 ам.доллар, 2012 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 260.000 ам. доллар, нийт 460.000 ам. доллар буюу 64736.800 төгрөгийг бэлнээр төлж, улмаар үлдэгдэл 3.218.200 төгрөгийг нэмж төлөн нийт 644.955.000 төгрөгөөр худалдан авч, түүний хөрөнгө их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон юм.
Авлигатай тэмцэх газрын санаачилга, хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасныг үндэслэн нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авахуулахаар Монгол Улсын Ерөнхий прокурорт хандсан бөгөөд энэ дагуу Р.Ононг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг үйлдсэн болохыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон тул төрд учруулсан гэм хорын хохиролд 644,955,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгуулах тухай нэхэмжлэлийг Монгол Улсын Ерөнхий прокурорын газар Иргэний хэргийн шүүхэд гаргасан.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Р.Ононгоос 644.955.000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлтэй Р.Ононд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Ингэснээр Авлигатай тэмцэх газраас гаргасан хүсэлтийн дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутайд тооцогдсон иргэн Р.Ононгоос 644 сая 955 мянган төгрөгийг иргэний журмаар гаргуулан улсад нөхөн төлүүлэхээр боллоо.
Шударга мэдээ
Шатахууныг улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож байна
Өчигдөр шөнийн 00:00 цагаас эхлэн шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлах зохицуулалт хэрэгжиж байна. Тус зохицуулалт наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шатахууны нөөцийг жигд хуваарилах зорилготой.
Өнөөдөр таны автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол шатахуун авах боломжтой юм.
Сануулахад:
- 0, 2, 4, 6, 8 буюу Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд,
- 1, 3, 5, 7, 9 буюу Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 5, 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авна.
Иргэд, жолооч та бүхэн хуваарийн дагуу шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлнэ үү.

Шударга мэдээ
Улаанбаатарт таван байршилд олон түвшний уулзвар, гүүр барина
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилготой "Олон түвшний уулзвар" төслийг Шинэ сэргэлтийн бодлого болон Нийслэлийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр болжээ.
Төслийн хүрээнд 2025–2028 онд замын хөдөлгөөний ачаалал хамгийн ихтэй байршлуудад олон түвшний уулзвар, гүүр, авто замын бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Эхний шатанд дараах таван байршилд бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ. Үүнд:
- Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзвар
- Хан-Уул дүүргийн Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар
- Баянзүрх дүүргийн Офицерын уулзвар
- Наадамчдын замын явган хүний гүүр
- Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Нарт хотхоны зүүн талын гүүр
Эдгээр таван байршлын техник, эдийн засгийн үндэслэл болон нарийвчилсан зураг төслийн ажлыг бүрэн боловсруулж дууссан байна.
Албаныхны мэдээлснээр, нийслэлийн замын хөдөлгөөний саатлын гол шалтгаан нь уулзваруудын нэвтрүүлэх чадвар хүрэлцээгүй байгаатай холбоотой бөгөөд түгжрэлийн ихэнх нь уулзваруудад үүсдэг байна. Үүнээс шалтгаалан иргэдийн зорчих хугацаа уртасч, шатахууны хэрэглээ, агаарын бохирдол, эдийн засгийн зардал нэмэгддэг аж.
Тиймээс олон түвшний уулзваруудыг байгуулснаар замын хөдөлгөөний урсгалыг тасралтгүй болгож, түгжрэлийг бууруулахын зэрэгцээ иргэдийн зорчих хугацаа, шатахуун болон тээврийн зардлыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, нийслэлийн авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Шударга мэдээ
2028 он гэхэд шатахууны гурван сарын нөөц хадгалах хүчин чадал бүрдүүлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шатахууны агуулах, хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлж, 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан байна.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 онд хувийн хэвшилтэй хамтран улсын хэмжээнд шатахуун хадгалах савны хүчин чадлыг 150 мянган шоо метрээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Мөн 2027 оны наймдугаар сар гэхэд хадгалах хүчин чадлыг 300 мянган шоо метрт хүргэснээр улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг бүрэн хадгалах боломж бүрдэх юм.
Харин 2028 он гэхэд шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг улам нэмэгдүүлж, улсын ердийн хэрэглээний гурван сарын нөөц бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Бүтээн байгуулалтын ажлуудыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг стратегийн ач холбогдолтой бүс нутагт хэрэгжүүлж байна.
