Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулна

Огноо:

,

Шинэ хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах болсон талаар Хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл өглөө.

Хэвлэлийн бага хуралд  Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд, Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар оролцов.

Улаанбаатар  хотын хувьд авто замын оргил ачааллын үе ирээд байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гаргасан судалгаанаас харахад энэ оны наймдугаар сарын байдлаар Монгол Улсад 1.3 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь өмнөх оноос 5.96 хувиар өссөн үзүүлэлт юм.

Түүнчлэн Улаанбаатар хотоос гарах тээврийн хэрэгслийн тоо сүүлийн гурван долоо хоногт 28.1 хувиар буурсан бол хот руу орох автомашины тоо 22.1 хувиар өссөн байна. Энэ бүхэн 2022 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотой юм. Тиймээс нийслэл хотод наймдугаар сарын 27-ноос эхлэн долоо хоног, найман өдрийн турш автомашинуудыг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасныг Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар танилцуулсан. Энэхүү зохицуулалт есдүгээр сарын 3-ны өдрийг дуустал 08:00-20:00 цагийн хооронд үйлчилнэ.

ӨМНӨХ ЖИЛ ОРГИЛ АЧААЛЛЫН ҮЕД 418,800 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗОРЧСОН БОЛ ЭНЭ ЖИЛ  443 МЯНГА ДАВСАН

Замын хөдөлгөөний удирдлагын ОНӨТҮГ-ын захирал С.Адьяасүрэн:

-Хотын хэмжээнд зорчиж байгаа тээврийн хэрэгслийн тоо, замын даацын харьцаа хэтэрсэн, хүнд байдалтай байна. Жил бүр импортоор ирж буй тээврийн хэрэгслийн тоо, ашиглалтаас гарч байгаа тээврийн хэрэгслийн тоотой харьцуулахад харьцангуй их. Үүнээс үүдэн замын хөдөлгөөний эрчим оргил үедээ 8.7 км цагийн хурдтай болж, ачаалал илт ихсэж байна. Тиймээс нийслэлийн хэмжээнд долоо хоног буюу найман өдрийн хугацаанд тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ нь хичээл сургуулийн бэлтгэл хангахтай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа түр арга хэмжээ юм. Түрүү жил тээврийн хэрэгслийн тоо 418,800 давж байсан бол энэ жилийн байдлаар 443,000 давах судалгаа гарсан. Иймд замд зорчих хурд 8 км-ээс доош орж, тэг зогсож болзошгүй учир тодорхой хугацаанд хязгаарлахаас өөр боломжгүй. Хугацааны хувьд наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2-ны өдрүүдэд сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1, 3-ны өдрүүдэд тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.

ХЯЗГААРЛАЛТЫН БҮС ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд:

-Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой замын ачаалал наймдугаар сарын 15-аас нэмэгддэг. 2019 оны үед буюу цар тахлаас өмнөх жилүүдэд хөдөө орон нутгаас 91 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрсэн. Энэ жил мөн тэр хэмжээний хэрэгсэл нэвтэрнэ гэсэн таамаг байна. Иймд ойролцоогоор 100 мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын хөдөлгөөнд ачаалал үүсгэж, хөдөлгөөнд нэмж оролцох нь. Мөн энэ үед зам тээврийн осол, дуудлага, зөрчил ихэсдэг. Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас Замын цагдаагийн алба хаагчдыг нэмэгдүүлэн ажиллуулж байна. Өмнөх жилүүдэд зөвхөн амралтын өдрүүдэд тэгш сондгойгоор зорчих хөдөлгөөнийг зохицуулж байсан бол энэ жил долоо хоногийн хугацаатай зохицуулалт хийхээр болсон. 2020 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон хязгаарлалтын хүрээнд зорчих хөдөлгөөнийг хязгаарлана. Хязгаарлалт эхлэх цэг нь хойд зүгт 32-ын тойрог, урд зүгт Тэмээтэй хөшөөний уулзвар, Баруун зүгт Саппорогийн тойрог, зүүн тийш Чулуун овооны пост хүртэл байна. Торгууль, шийтгэл биет болон телекамерийн тусламжтай дугаарын хязгаарлалтаар зорчсон зөрчлийг илрүүлж ажилладаг. Энэ чиглэлд жолооч нар дугаарын хязгаарлалттай өдөртөө хөдөлгөөнд оролцохгүй, бидний ажлыг дэмжин ажиллана гэж итгэж байна.

"CAR SHARING" ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Мэдээлэл өгсөн албан тушаалтнууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Энэхүү хязгаарлалттай холбоотой нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал нэмэгдэх үү, мөн автобусны үйлчилгээнд өөрчлөлт орох уу?

-Автомашины дугаарын хязгаарлалттай холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал нэмэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор аль чиглэлд хэдий хэрийн ачаалал үүсэхийг тооцоолоод зохицуулалт хийгээд явах боломжтой. Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхээс гадна "car sharing" үйлчилгээг нэвтрүүлэхийг зөвлөж байна. Нэг байгууллагын нэг зүгт гэртэй хүмүүс машиндаа хамт зорчих энэхүү үйлчилгээг дэлхийн олон улсад нэвтрүүлсэн байдаг. Улаанбаатар хотын иргэд энэ соёлд суралцахад илүүдэхгүй болов уу. Орон нутгаас 100 мянга орчим тээврийн хэрэгсэл богино хугацаанд орж ирдэг учир түр хугацаанд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ гэдгийг тодотгоё.

-Энэ онд шинээр нэмэгдсэн тээврийн хэрэгслийн тоо мэдээллийг өгнө үү?

-2022 он гарснаас хойш 58 мянган тээврийн хэрэгсэл нэмж Монгол Улсад бүртгэгдсэн. Үүний 30 гаруй мянган тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотод бүртгэгдээд байна. Жид тутамд 70-80 мянган тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод бүртгэж, улсын дугаар олгодог. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1.3 сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 640 орчим мянга нь нийслэлд бүртгэлтэй. Үүнээс 100 орчим мянга нь ямар нэг шалтгаанаар хөдөлгөөнд оролцдоггүй гэж үзвэл үндсэндээ хагас сая тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод өдөр тутам хөдөлгөөнд оролцож байна. Автомашины тоо нэмэгдэхийн хэрээр замын хүрэлцээ дутмаг болдог. Энэ жилийн хувьд шинээр зам тавих, зам засах ажлууд харьцангуй эрт эхэлж, эрт дууссан. Наймдугаар сарын 25-аас хойш хаалттай зам бараг байхгүй. Өнгөрсөн жил Зайсангийн чиглэлийн замд л гэхэд дулааны шугамын засвар орсон байснаас замын ачаалал өндөр байсан. Энэ ачаалал үүсгэхээр засварын ажил байхгүй гэсэн юм.  

“Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” энэхүү захирамжийг мэргэжлийн байгууллагын санал, тооцоо судалгаанд үндэслэн гаргасан юм. Захирамжид  дурдсанаар автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо (1,3,5,7,9)-оор төгссөн бол наймдугаар сарын 27, 29, 31 болон есдүгээр сарын 2-ны өдөр замын хөдөлгөөнд оролцуулах аж. Харин автомашины сүүлчийн орон нь тэгш тоо (0,2,4,6,8)-гоор төгссөн бол наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1, 3-ны өдөр 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалт хийж буйг дахин сануулъя. Түүнчлэн ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл болон дипломат байгууллагын автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд уг зохицуулалт хамаарахгүй юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ

Огноо:

,

Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.

Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ

Огноо:

,

Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.

Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.

Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.

Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.

“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.

Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгдлээ

Огноо:

,

Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний Ч:67 “Морин-Нисэх”, Х:7 “Туул тосгоны шинэ эцэс-Хангарьд ордон” чиглэлийн замналд “Шатахуун хангалтын алба” урд, хойд зогсоолыг шинээр нэмэв.

  

Мөн Х:15 “Жаргалант партизан-5 шар”, Х:21 “5 шар-Ногоон толгойн эцэс” чиглэлийн замналд “361 гарам” урд, хойд зогсоолыг шинээр нэмж, дээрх хоёр чиглэлээс гадна Х:14 “Баруун түрүүн-5 шар” чиглэлийн замналд “Баруун түрүүн засвар 3” урд, хойд зогсоол шинээр нэмэгдлээ.

 

Х:4 “10 шар байр-Шилжрээ” чиглэлийн замналд “Тэрэлж баруун салаа”, “Болор”, “Өгөөмөр”, “Монде тур”, “Шугуй” баруун, зүүн “UB 2”, “Ганц мод”, “Мэлхий хад” хойд, урд зогсоолуудыг нэмж, чиглэлийн нэршлийг Х:4 “Налайх(119-р цэцэрлэг)-Тэрэлж(шилжрээ)” болгон өөрчлөв.

 

Дээрх замналын өөрчлөлтийг долоодугаар сарын 1-ны өдрөөс мөрдөж эхэлнэ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе5 цаг 27 минут

Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэл...

Цаг үе5 цаг 31 минут

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно

Шударга мэдээ5 цаг 34 минут

Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26...

Цаг үе5 цаг 38 минут

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Улстөр нийгэм5 цаг 44 минут

Ерөнхий сайд СОР17 бага хурлын бэлтгэл, төслийн талбай дахь бүтээн б...

Улстөр нийгэм5 цаг 47 минут

Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлч...

Цаг үе2026/07/03

"Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо ц...

Шударга мэдээ2026/07/03

Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал за...

Улстөр нийгэм2026/07/03

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсы...

Улстөр нийгэм2026/07/03

Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг UNCCD COP17 бага хурлын талбайн б...

Санал болгох