Улстөр нийгэм
“Монголын нууц товчоо”-г ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх ажлын хэсэг байгуулахаар тогтлоо
УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан, Монгол Улсын Ардын багш, доктор, профессор Д.Бадарч нарыг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд, “Монголын нууц товчоо”-г ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг ахлахаар болсныг танилцуулав.
Тэрбээр хэлэхдээ, Монгол Улс 2012 оноос хойш удаа дараа “Монголын нууц товчоо”-г ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр хандаж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй нь хариуцсан яам болон эрдэмтдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа дутагдаж байгаагийн илэрхийлэл юм. Иймд, уг асуудлыг Монгол Улсын Их Хурал онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд авч үзэж, Байнгын хорооны даргаар ахлуулсан уг ажлын хэсгийг төр болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын оролцоотойгоор өргөн хэмжээнд зохион байгуулах зайлшгүй шаардлага үүсэж байна. Монголын эзэнт гүрний түүх, нэн ялангуяа Хүннү, Их Монголын түүх, соёл нь манай улсын тусгаар тогтнол, оршин тогтнох эрхийн гол баталгаа болдог. Энэ үүднээс эх түүхээ зөв хадгалж, хамгаалах нэг арга зам бол түүх, соёлын голлох нотолгоо болох өвүүдийг ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх явдал юм гэлээ.
Монгол Улс одоогоос 60 жилийн өмнө буюу 1962 оны 11 дүгээр сарын 1-нд ЮНЕСКО-д гишүүнээр элсэн орсон. Улмаар ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн конвенцод 1990 онд нэгдэн орж, 1996 онд анх Дэлхийн өвд бүртгүүлж болох Монголын байгалийн болон соёлын өвийн Урьдчилсан жагсаалтыг боловсруулж, Дэлхийн өвийн төвд хүргүүлж байсан билээ. ЮНЕСКО нь байгалийн болон соёлын өвийг хамгаалах, таниулан сурталчлах, хойч үедээ үлдээх зорилгоор 1972 онд Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцыг батлан хэрэгжүүлж эхэлсэн. 2020 оны байдлаар 167 улсын нийт 1121 байгалийн болон соёлын өв Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байна. Үүнээс 869 нь соёлын, 213 нь байгалийн, 39 нь хосолмол өв юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
-
Улстөр нийгэм2022/01/28
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ
-
Улстөр нийгэм2020/07/17
Инфографик: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль (шинэч...
-
Цаг үе2024/11/12
Зайсангийн хуучин гүүрийн урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 12-ны шөнө ...
-
Улстөр нийгэм2023/01/18
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Гантай утсаа...
