Цаг үе
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч, говь, тал хээрийн нутгаар салхи, шуургатай байна.
2023 оны нэгдүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. 16-18 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 20-22 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. 17-19 хэм хүйтэн байна.
2023 оны 01 дүгээр сарын 18-наас 01 дүгээр сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
18-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 18-нд нутгийн зарим газраар, 19, 20-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 19-нөөс нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.
Цаг үе
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар БНСУ-ын “Пинеко Ко” ХХК-тай санамж бичиг байгууллаа
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл, өрхийн гэр, байшин сууцны дулаалгыг сайжруулах төслийн хүрээнд БНСУ-ын “Пинеко Ко” ХХК-тай хамтран ажиллах зорилгоор санамж бичиг байгууллаа.
Талууд “Улаанбаатар хотын гэр хорооллын айл, өрхийн гэр, байшин сууцны дулаалгыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамтын ажиллагааны үндсэн суурийг бүрдүүлэх, монгол гэрийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, дулаан алдагдлыг бууруулах замаар харилцан тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Пинеко Ко” ХХК нь төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд харилцан мэдээлэл солилцож, уялдаа холбоотой ажиллах бөгөөд цаашдын хамтын ажиллагаа, бизнесийн боломжийг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй судалж, дараах хэлбэрээр хамтран ажиллана. Үүнд:
- Талууд хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж түүнийг хэрэгжүүлэх;
- Хамтын ажиллагааны хэрэгжилтийг үнэлэх, дүгнэх, хянах болон мэдээлэл солилцох, чиглэлийн үйл ажиллагааг хэлэлцэх зорилгоор уулзалт зохион байгуулна.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна
Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилготой “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрт энэ хичээлийн жилээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 189 мянга гаруй хүүхдийг долоо хоногт гурван удаа хамруулж байна. Ирэх жил нийслэлийн ЕБС-ийн 1-12 дугаар ангийн бүх сурагчийг хамруулахыг зорьж байгаа. Энэхүү “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаны хүмүүс “АПУ дэйри” ХХК-д ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Ирэх жил нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн бүх сурагч буюу 450 мянган хүүхдэд сүү өгөхийг зорьж байна. Дөрвөн улирлын туршид сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд Улаанбаатар хот орчимд үйл ажиллагаа явуулж буй сүүний фермерүүдэд сүүний үнээ худалдаж авахад зориулсан нэн хөнгөлөлттэй зээлийг олгохоор бэлтгэл ажил хангаж байна. Сүүний үйлдвэрүүдэд сүү нийлүүлдэг фермерүүдийн үйл ажиллагааг дэмжсэнээр нийлүүлэлт өснө. Мөн ирэх жилээс сүүний автоматуудыг сургууль дээр нь байршуулаад тогтсон цагаар сүүгээ гаргаж өгдөг зохион байгуулалтад орохыг зорьж байна” хэмээн онцоллоо.

“АПУ дэйри” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярмагнай ““АПУ дэйри” ХХК хотоос 300 орчим км зайнаас зун 1800, өвөл 700 фермерээс жилдээ 22 сая литр сүү татан авч байна. Үйлдвэртээ дэлхийд тэргүүлэгч Европ стандартын Герман, Итали, Шведийн тоног төхөөрөмж ашигладаг. D витаминаар баяжуулсан “Сайн” сүүг 2022 оноос сурагчдад өгч байгаа. “Сайн” сүүг монгол хүүхдийн эрүүл мэндийг дэмжиж, шимт бодисын дутагдлаас сэргийлэх зорилгоор үнээний цэвэр сүүгээр хийдэг. Монгол Улсад бэлчээрийн мал аж ахуй голлодог учраас зундаа сүүний нийлүүлэлт сайн. Харин өвлийн улиралд нийлүүлэлт багасдаг. Тиймээс сүүний тасралтгүй нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд сүүний үнээ худалдаж авахад фермерүүдэд дэмжлэг үзүүлэх нь хамгийн зөв шийдэл юм. Бид мөн тараг, сүү хийх процессыг хүүхдүүд, хүмүүст нээлттэй үзүүлдэг үйлдвэр барьж байгаа. Сүү хөтөлбөртэй холбоотой таны санаачилгуудыг дэмжиж хамтарч ажиллана” гэв.





НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 6377 теле камер ажилладаг. Үүний 4113 камерыг нэгдсэн болон дэд төвд холбож ашиглалтыг сайжруулсан. Нийт камерын 2555 камер буюу 62 хувь нь хэвийн ажиллагаатай байна. Харин эвдрэл, сааталтай 2750 камерыг засварлах ажил үргэлжилж байна. Мөн ААН, байгууллагуудтай хамтран орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд стандартын шаардлага хангасан 52 мянга гаруй камерыг суурилуулж, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох үйл ажиллагаанд ашиглаж байна.
Энэ талаар ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Теле хяналтын ашиглалтын тасгийн дарга Л.Ганзориг “Гэр хороолол, гудамж талбайг камержуулах чиглэлээр 2500 цэгийн судалгаа, тооцоог хийж байна. Өмнө нь гэмт хэрэг, зөрчил илрүүлэхдээ ААН, айл өрхийн хяналтын камерыг нэг бүрчлэн шалгадаг байсан. Ингэхдээ камерын чанар муу, харагдах өнцөг хязгаарлагдмал, бичлэг хадгалах хугацаа богино, шөнийн цагаар улсын дугаар таних боломжгүй зэрэг хүндрэл тулгарч, нотлох баримт устах, мөрдөн шалгах ажиллагаа удаашрах эрсдэл бий болдог байсан. Харин теле камерын нэгдсэн болон дэд төв ашиглалтад орж, стандартын шаардлага хангасан камеруудыг нэмэгдүүлснээр камерын бичлэгийг нэг төвлөрсөн цэгээс шүүн үзэх, тээврийн хэрэгслийн улсын дугаар, маршрут, хөдөлгөөнийг хурдан тогтоох боломж бүрдсэн. Ингэснээр хэрэг илрүүлэх хугацаа 10–20 дахин богиносож, мөрдөн шалгах ажиллагаа илүү шуурхай болж байна. Мөн Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосон. Үүний үр дүнд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөх байдал сайжирч, зөрчил буурч, гэмт хэрэг, осол аваараас урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний эрчмийг хянах боломж бүрдсэн” гэв.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн нэгдсэн хяналтын теле камерын системийг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын бүх авто зам, гол уулзвар, нэгдүгээр эгнээ тасралтгүй камержсан. Өнөөдрийн байдлаар нэг хэрэгт холбогдсон тээврийн хэрэгслийг тогтоож, баримтжуулах хугацаа дунджаар 30 минутаас 2 цаг болж буурсан нь өмнөхтэй харьцуулахад 10–20 дахин хурдан шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлжээ. Түүнчлэн теле камерын хяналтын нэгдсэн системд холбогдсон 4113 камерын тусламжтайгаар:
- Зам тээврийн осол – 365
- Гэмт хэрэг – 261
- Замын хөдөлгөөнд оролцсон маршрут – 333
- Хойшлуулшгүй ажиллагаанд дэмжлэг – 76
- Бусад – 382
- Нийт 1417 удаагийн камер шүүлгэх хүсэлтийг хүлээн авч, 783 нотлох баримтыг холбогдох байгууллагад хүргүүлэн, гэмт хэрэг илрүүлэхэд хамтран ажилласан байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
