Цаг үе
Өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.
2023 оны 01-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 22-27 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. 17-19 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. 24-26 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 1-6 метр. 18-20 хэм хүйтэн байна.
2023 оны 01 дүгээр сарын 26-наас 01 дүгээр сарын 30-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
26-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 28-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 26-нд Алтайн уулархаг нутгаар, 27, 28, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 27-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
Цаг үе
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Монгол Улсын Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Евгеньевич Цивилёвтэй уулзаж "Монгол Улсад Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" Монгол Улс болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурлаа.
Уг хэлэлцээр нь манай улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлэх бөгөөд "Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх тухай" хэлэлцээрийн хамт хүчин төгөлдөр үйлчлэх юм.
Ингэснээр, Ойрхи Дорнодын нөхцөл байдалтай холбоотой газрын тос, шатахууны урьд өмнө байгаагүй үнийн өсөлтийг бууруулах талаар ажиллах, хангамжийг тогтворжуулах чухал ач холбогдолтой юм.
Цаг үе
Татвар төлөгч 28.879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олголоо
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар төлөгч иргэн анх удаа амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авсан, амины орон сууц барьсан, дотоод болон гадаадын их дээд сургуульд сурч байгаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн бол татварын хөнгөлөлтөд хамрагдаж, буцаан олголт авдаг.
2025 оны хөнгөлөлт буцаан олголтыг иргэдийн дансанд энэ сарын 20-ноос шилжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр шилжүүлж дууслаа. 2025 оны жилийн эцсийн тайлангаар 28,879 татвар төлөгч иргэн 57.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг авахаар тайлангаа ирүүлсэн юм. Тодруулбал, шинээр орон сууц худалдан аваад анх удаа хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж байгаа 7,527 иргэнд 28.5 тэрбум төгрөг, үргэлжлүүлэн хамрагдаж байгаа 10,742 иргэнд 18.5 тэрбум төгрөг, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдаж байгаа 11,397 иргэнд 10.1 тэрбум төгрөг, хуульд заагдсан бусад нөхцөлөөр 12 иргэнд 30 орчим сая төгрөгийн буцаан олголтыг олголоо.
Банкны болон татвар төлөгчийн мэдээлэл зөрүүтэйгээс гүйлгээ буцаагдсан иргэдийн мэдээллийг харьяа татварын албаар дамжуулан дахин засварлаж, гүйлгээг ойрын өдрүүдэд хийнэ.
Ташрамд, Хувь хүний орлогын албан татварын орлого нь орон нутгийн төсвийн орлогын томоохон бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нийслэлийн төсвийн орлогын 50 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Жил бүрийн нийслэлийн төсөвт Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод зарцуулах санхүүжилтийн эх үүсвэрийг төсөвлөн, баталдаг. 2026 онд 63.0 тэрбум төгрөгийг татвар төлөгч иргэдэд буцаан олгохоор баталсан юм.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

