Цаг үе
Боловсролын зээлийн сантай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг өргөн хүрээнд явуулж байна
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба болон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сантай холбоотой хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.
Боловсролын зээлийн сангийн зээл тэтгэлэгтэй холбоотой үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан эсэхийг бүрэн шалгаж, тогтоохын тулд мөрдөн шалгах ажиллагааг өргөн хүрээнд явуулж байна. Тодруулбал, 1997-2023 оны хооронд тус сангаас гадаад улсын магистр, доктор, дэлхийн шилдэг их дээд сургуульд бакалаврын хөтөлбөрт хамрагдах 2288 суралцагчид олгосон зээл тэтгэлэг, үүнээс 941 суралцагчид олгосон 47,1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлийг хянан үзэж, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг шалгаж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар ажлын хэсгээс зээл тэтгэлэгт хамрагдсан 2115 суралцагч, мөн 2017 оноос хойш зээлээс чөлөөлөгдсөн 200 гаруй хүний хувийн хэрэг, материалтай танилцан, 1600 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авч, тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн Боловсролын зээлийн санд эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан 2 хүнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 269 суралцагч 1.4 сая ам.доллар буюу 4,8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийжээ.
Цаг үе
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна
Энхтайваны өргөн чөлөө буюу Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрсэн. Төслийн хамгийн чухал ажлуудын нэг болох ган татлагыг тавдугаар сараас татаж, ажлын сүүлийн үе шат болох үндсэн 58 мм-ийн ган татлагыг холбож байна. Энэхүү ажлыг нийт хоёр удаа давтан гүйцэтгэх юм.
Үндсэн ган татлага буюу тросс нь 58 мм-ийн голчтой бөгөөд зургаан багц ган татлагын нийлмэл бүтэцтэй. Энэхүү зургаан багц тус бүрийг салгаж, сүлжих аргаар хооронд нь холбох ажиллагаа хийнэ. Өөрөөр хэлбэл зургаан цэгт холболтын сүлжих ажил гүйцэтгэж байгаа юм. Холболт, сүлжих нийлмэл ажлын нийт урт нь 80 метр байна.
“Дүүжин замын тээвэр” төслийг Францын Пома группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байна. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажилладаг.
Дүүжин замын тээврийн нэг шугам нь 1035 автомашин, 35 автобустай дүйх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, нүүрсхүчлийн хийн ялгаруулалт үлэмж багатай. Улаанбаатар хотод нийтийн тээврийн шинэ төрөл бий болгож, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх стратегийн ач холбогдолтой төсөл болж байна.

Цаг үе
Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн осол бүртгэгджээ
Жолооч та бүхэн сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол болон явган хүний гарцын ойролцоо хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан, гарц руу ойртож буй болон гарцаар гарч байгаа явган зорчигчдод зам тавьж өгөөрэй.
Явган зорчигч болон унадаг дугуйтай иргэд зам хөндлөн гарахдаа хөдөлгөөний нөхцөл байдлыг сайтар нягталж, тээврийн хэрэгсэл бүрэн зогссоны дараа зорчих хэсгийг хөндлөн гарч хэвшинэ үү.
Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д "Жолооч явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, гарцаар гарч байгаа болон гарцаар гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө" гэж заасан байдаг.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг, дадал олгож, гарцаар зөв гарч хэвшихэд нь анхаарч, хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Явган хүний гарц бол аюулгүй байдлын бүс. Замын хөдөлгөөнд оролцогч бүр дүрмээ мөрдөж, харилцан хүндэтгэлтэй оролцсоноор осол, хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Цаг үе
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган болон дугуйн зам, автобусны буудал, сандал, хогийн сав, замын тэмдэг, хайс хашлага зэрэг хотын нийтийн эд хөрөнгийг хөөстэй угааж, ариутгал, халдваргүйтгэл хийж байна.
Энэ хүрээнд нийт 75 байршлын 900 мянган ам метр талбайд хөөстэй угаалга, ариутгал, халдваргүйтгэл хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар хотын төв болон гэр хорооллын иргэдийн хөдөлгөөн ихтэй 39 гудамж, талбайн 389 мянган ам метр талбайд хөөстэй угаалга хийж, ариутгаж халдваргүйжүүллээ.
Тус ажлыг тавдугаар сарын 28-наас эхлэн зохион байгуулж байна. Түүнчлэн замын хөдөлгөөнд саад учруулахгүй, түгжрэл үүсгэхгүй байх үүднээс 21:00 цагаас 07:00 цагийн хооронд гүйцэтгэж байна.
-
Цаг үе2019/09/05
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй
-
Үзэл бодол2021/10/15
Д.Цэнджав: “Ковид-19”-ийн халдварын дараах эмчилгээг эмчийн заавар, ...
-
Урлаг спорт2022/09/23
Автомашингүй өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн гүйлт зохион байгуулна
-
Шударга мэдээ2025/04/16
Ж.Хатанбаатар нарыг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчинг...
