Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

БНИУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккарретаг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета болон Итали улсын төрийн өмчит “Леонардо” компанийн Зүүн Хойд Ази, далайн бүс нутаг дахь Бизнесийн хөгжлийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Ан жело Чеккини тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд БНИУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жованна Пиккаррэтад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буйд талархал илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хооронд 2022 оноос хойш яригдаж буй хэлэлцээрийг байгуулах ажилд онцгой анхаарал хандуулж, Малайз улсын Куала Лумпур хотноо зохион байгуулагдсан “ICAN 2024” Агаарын хэлэлцээрийн үйл ажиллагааны үеэр Агаарын харилцааны тухай хэлэлцээр болон хамтран ажиллах санамж бичиг үзэглэх ажлыг зохион байгуулсанд онцгойлон талархал илэрхийлэв.

Ирэх 2025 онд Монгол Улс, Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Уг ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хоёр улсын хооронд хийх өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр Агаарын харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурах саналтай байгаагаа хэллээ.

Талууд уулзалтаар БНИУ-ын иргэний нисэхийн чиглэлээр шинээр нэвтрүүлж буй шилдэг техник, технологийн сургалт, туршилтыг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Энэ хүрээнд дэлхийн 150 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, Итали болон Их Британи, Польш, АНУ-ын аж үйлдвэрийн салбарт томоохон байр суурь эзэлдэг “Леонардо” компанийн танилцуулгыг сонссон юм.

“Леонардо” компани нь 1950-иад оноос хойш нисдэг тэрэг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд үйл ажиллагааны хувьд сансар огторгуй, батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр техник технологи үйлдвэрлэдэг грүпп гэдгийг төлөөлөгчид нь онцолж байлаа. Ялангуяа нисэхийн салбарт өргөн хэрэглэгддэг олон үйлдэлт радар, агаарын IRST мэдрэгч, газар, далай, агаарын хэрэглээнд зориулсан IFF систем зэрэг хамгийн сүүлийн үеийн технологийг санал болгож буй технологийн компани юм.

Уулзалтын төгсгөлд, хоёр улсын агаарын тээвэр, нисэхийн салбарт хамтран ажиллах, тэр дундаа агаарын навигацийн техник, тоног төхөөрөмжийг нислэгийн хөдөлгөөний удирдлагад нэвтрүүлэх, агаарын зайн зохион байгуулалт, агаарын зайн хяналтын технологийн чиглэлээр хамтран ажиллах тухай боломжуудыг хэлэлцлээ. Мөн Итали улсын “Леонардо” компанийн удирдлагууд үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагаатай танилцах урилгыг хүргүүлж, Монгол Улсын Иргэний нисэхийн салбарт хэрэглэгдэж буй тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй танилцах хүсэлтээ илэрхийллээ.

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета болон уулзалтад оролцсон төлөөлөгчдөд ажил хэрэгч санал солилцсонд талархал илэрхийлээд, агаарын тээвэр, авто замын салбарт хамтран ажиллахад бид бүхэн үргэлж нээлттэй байх болно гэлээ гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах “Ногоон” тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн дэвшүүлсэн саналыг сонсож зарим асуудлыг шийдвэрлэв.

Улаанбаатар хотын худалдааны танхим цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр танилцууллаа. 

Хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт 500 орчим цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барих тооцоолол гаргажээ.

COP-17 хурлаас өмнө цэнэглэх 40 станц байгуулна. 2030 он гэхэд Монгол Улсад 50 мянган цахилгаан машины эрэлт бий болно.

Таван жилд 300 сая литр шатахууны хэрэглээг халж, 200 сая ам.доллар хэмнэх тооцоолол гарчээ.

Тиймээс энэ ажлыг ганц компани биш хувийн хэвшлүүд хамтран хэрэгжүүлэх нь чухал. Сонирхсон аж ахуйн нэгж, компаниудад бүрэн нээлттэй. Улаанбаатар хотын худалдааны  танхим холбох гүүр, платформ нь болж ажиллана гэж тус танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ хэлэв. 

Тус хөтөлбөрийн хүрээнд энэ жил Улаанбаатарт 80, орон нутагт 30  байршилд цахилгаан машины цэнэглэх станц суурилуулахаар төлөвлөжээ.  Нийслэл болон орон нутагт аль байршлуудад цэнэглэх станцаа суурилуулахаа шийдвэрлэх шаардлагатайг хэллээ. 

Цахилгаан машинтай иргэдийн 95 хувь нь гэртээ цэнэглэж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цэнэглэх 500 станц байгуулчихвал шөнийн цагаар цэнэглэхэд хямд үнэтэй байх ухаалаг төлбөрийн системийг нэвтрүүлэх юм байна. Цахилгаан машинтай жолооч нэг жилд долоон сая орчим төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо хийжээ. 

            Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хувийн хэвшлээ дэмжинэ, өвөлжилтийн бэлтгэлийг зундаа хангана гэдгийг онцлоод Сангийн яам татварын нэг хувийн хөнгөлөлтөөр санхүүжилтийг шийдэх, зургаадугаар сарын 5-ны дотор гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, Нийслэл болон Зам, тээврийн яам  80 байршлаа яаралтай тогтоож өгөхийг тус тус үүрэг болгов. 

Мөн Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд "Ногоон өртөө" буюу цахилгаан машин цэнэглэгч, кофе шоп, хоолны газар, дэлгүүр, 00 зэрэг цогц байгууламжтай байя. Хувийн хэвшлүүд хэрэгжүүлбэл татварын бодлогоор дэмжинэ. Бид газар олгоход бэлэн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатарт 804 мянган автомашин бүртгэлтэй,  0.2 хувь нь цахилгаан машин. Бид цахилгаан машины тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Хувийн хэвшилтэй хамтран ажиллахад баяртай байна, дэмжиж ажиллана. 80 байршлыг Зам, тээврийн яамтай хамтран шуурхай тогтоохоо илэрхийллээ. 

             Засгийн газраас 2026 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр баталсан Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах Ногоон тогтоолын хүрээнд мөн таван байршилд батарей хуримтлуур, нарны станц байгуулах ажлыг гүйцэтгэх сонирхлоо 100 гаруй аж ахуйн нэгж илэрхийлжээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо

Огноо:

,

“Нью прогресс групп”-ын “Эко драйвал” ХХК Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Альфа” эко гипсэн хавтангийн үйлдвэрээ ашиглалтад орууллаа.

Манай улс жил бүр 100 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гипсэн хавтан импортоор оруулж ирдэг. Тэгвэл энэ үйлдвэр дотоодын хэрэгцээг 100 хувь хангах бөгөөд жилд дээрх хэмжээний мөнгийг эх орондоо үлдээх юм.

Үйлдвэрийн нээлтийн ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, групп, компанийн хамт олонд амжилт хүслээ. Мөн барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд болон иргэд эх оронч худалдан авалт хийж байхыг уриаллаа.

Үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгийн 100 гаруй иргэн тогтмол ажлын байртай болсон байна.

Манай улс 2023 онд 8.8 сая м2 хавтан импортолсон бол энэ тоо 2025 онд хоёр дахин өсөж 18.5 саяд хүрсэн юм.

Салбарын яам цаашид  дотоодын үйлдвэрлэлийг зөвхөн импортыг орлох бус, экспортын чиг баримжаатай, нэмүү өртөг шингэсэн, олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэл болгон хөгжүүлэх зорилт тавьжээ.

 “Нью прогресс групп” 2000 оноос дэд бүтэц, үйлдвэрлэл, эрчим хүч, барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байна. 10 гаруй охин компани, 1,500 гаруй ажилтантай.

Томоохон бүтээн байгуулалт болох “Ховд эко цемент” үйлдвэр нь жилд 250 мянган тн буюу 504 хүүхдийн цэцэрлэг барих хэмжээний цемент үйлдвэрлэж, баруун бүсийн хэрэгцээг хангаж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо

Огноо:

,

Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Бяруузанын Пүрэвдагвыг батламжилж, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг хотын даргын тамгыг хүлээлгэн өглөө. Энэ өдөр нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж, олонхын саналаар дэмжсэн.

Улмаар НИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилох тухай тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжилснаар Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын 37 дахь дарга боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэл Улаанбаатар хотын эрх зүй, эдийн засгийн чадавхыг сайжруулж,  хөгжлийн шинэ боломжуудыг нээхэд манлайлал үзүүлж ажилласан үе үеийн удирдлагуудад талархал илэрхийлж, иргэдэд амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг нээлттэй, ил тод байдлаар үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Санал болгох