Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 4-6 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 6-8 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 7-9 хэм хүйтэн байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 16-наас 2024 оны арваннэгдүгээр сарын 20-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 16-нд Хөвсгөл, Хэнтийн уулс, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 16, 17-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 12-17 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 7-12 хэм, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.
Цаг үе
Эмгэнэл
1932-2025
Mонгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ нь 2025 оны 10 дугаар сарын 19-нд таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.
Х.Цэвлээ нь 1932 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төржээ. Бага, дунд сургуулиар дамжин, 1962-1966 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургууль, 1970-1972 онд Москвад ЗХУКН-ын дээд сургууль төгссөн улс төр судлаач, сэтгүүлч.
Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын бага сургуульд багш, сумын МХЗЭ-ийн үүрийн дарга, аймгийн намын хороонд зааварлагч, 1956-1959 онд Баянхонгор аймгийн “Лениний зам” сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1959-1962 онд Баянхонгор аймгийн Гүйцэтгэх Захиргааны Соёлын хэлтсийн дарга, 1966-1970 онд аймгийн МАХН-ын хорооны лектор-суртал нэвтрүүлэгч, 1972-1980 онд МАХН-ын Төв Хороонд лектор-суртал нэвтрүүлэгч, 1980-1990 онд МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Засгийн газрын төв хэвлэл “Үнэн” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, “Тоншуул” сэтгүүлийн эрхлэгч, 1990-1991 онд БНМАУ-ын Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хорооны дарга, 1991-1996 онд Засгийн газрын төв хэвлэл “Засгийн газрын мэдээ” сонины ерөнхий эрхлэгчээр ажиллаж байв. 2004 -2015 онд “Их Монгол” дээд сургуульд зөвлөх багшаар ажилласан сэтгүүлзүйн профессор юм.
Хорлоогийн Цэвлээ нь малчны эсгий гэрээс төрсөн энэ цагийн их авьяас билэгтэн, монгол амьдралын гүн ухаантан, энэрэнгүй үзэлтэн, бичиг номын мэргэн буурал, соён гэгээрүүлэгч байв. Тэрбээр өдөр тутмын сонин болоод радио телевизийн байгууллагыг удирдах, залуу авьяастныг төрүүлэх, халамжлан хүмүүжүүлэх, хэвлэл мэдээллийн удирдлагын шинэ арга барил бий болгоход үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан төр нийгэм, соёл, боловсролын алдар хүндтэй зүтгэлтэн байлаа.
Х.Цэвлээ нь өөрчлөн байгуулалтын үеийн Монголын сэтгүүл зүйг удирдан зохион байгуулж байсан оройлогчийн нэгэн, дан ганц намын бус ардчиллын үзэл санааг тэр үеийн “Үнэн” сониноор тунхаглан зарлаж, нийгмийн оюун санааны хувьд монголын сэтгүүл зүйд шинэ үеийг эхлүүлсэн гавьяатан юм. Түүний ардчилсан өөрчлөлтийн салхийг хагалан бичиж байсан “Ардчилсан хувьсгалын тохироо бүрдлээ”, “Галбын говийн дөрвөн тэмээчнийд”, “Тэжээгчээ алдвал тэтгэврийг хэн хариуцах бэ?”, “Хөл нүцгэн сэхээтэн” зэрэг нийгмийг донсолгосон хурц хурц өгүүлэл, асуудал дэвшүүлсэн олон арван нийтлэл нь тэр үеийн нийгмийн оюун санааны амьдралд хүчтэй нөлөөлсөн юм.
Х.Цэвлээ бол монголын гэгээлэг, цагаан сэтгүүл зүйг үндэслэгчийн нэг төдийгүй улс орны түүхийг тухайн цаг үеийн хамаг хүндийг үүрч, ажил амьдралын чухамхүү гал дунд явсан бодит хүмүүстэй нь мөнхлөн үлдээсэн хөрөг нийтлэлийн өвөрмөц сэтгүүл зүйн гол төлөөлөгч. Түүний үнэнийг эр зоригтой, эрс шулуун хэлсэн шударга сэтгүүл зүйн өнгө төрх хэзээ ч хувирч өөрчлөгдөөгүйг “Ээж бидэн хоёр”, “Алтан тууж”, “Дээлтэй судар”, “Болор судар”, “Манай үеийн баатрууд”, “Сониндумаа”, “Сүмбэр гурван оргил”, “Хоточ цагаан банхар”, “Нандин чанар”, “Үзэг бидэн хоёр” зэрэг нийтлэлийн томоохон ном бүтээлүүд нь нотолно.
Х.Цэвлээ нь эдүгээ дэлхий дахинд эрч хүчээ авч буй Ногоон хөгжил буюу ногоон сэтгүүл зүйг 1980-аад онд “Үнэн” сонины хуудаснаа эхлүүлсэн эрхэм энэ үйлсийг Монгол даяарт үндэслэгчдийн нэгэн байв. Түүний гардан хариуцаж даацтай дуугарсан “Эх орны ногоон хүрэм сэглэгдэж байна“ цуврал нийтлэлийг одоо ч ногоон сэтгүүл зүйн гол жишээ болгон үзэж судалсаар байна.
Монголын үндэсний сэтгүүл зүйн онолын болоод практик сэтгэлгээг шинэчлэгч Х.Цэвлээгийн “Миний сэтгүүл зүй 1,2”, “Нийтлэл зүйн тухай яриа”, “Өвөөгийн жор 1,2”, “Монголын шилдэг нийтлэлийн 59-р боть” зэрэг ном бүтээл нь үе үеийн оюутан сэтгүүлч, эрдэмтэн судлаач, багш сэхээтнүүдийн гарын авлага, сэтгүүл зүйн сургалт судалгааны энэ цагийн үнэ цэнтэй бүтээл болжээ.
Алдартай нийтлэлч Х.Цэвлээ насан турш эх хэлнийхээ баялгийг баяжуулагч, үлгэрлэн манлайлагч байж эх монгол хэлний хамгийн түвэгтэй, нарийн илэрхийллийг ч шаглан урлаж ирсэн үгийн ид шидийн гайхамшгийг эзэмшсэн сэтгүүл зүйн уран үгийн мастер байлаа.
Х.Цэвлээгийн “Монголын нууц товчоо”-г сэтгүүл зүйн онолын судалгааны хүрээнд татан оруулж, “сэтгүүл зүйн түүхийн дурсгалт бичиг мөн” гэж нотлохыг оролдсон судалгааны ажил нь монголын сэтгүүл зүйн онолын практикт төдийгүй Олон улсын “Монголын нууц товчоо” судлалд яах аргагүй үнэ цэнтэй, шинэлэг сэтгэлгээний үүд хаалгыг нээсэн юм.
Монголын сэтгүүл зүйн түүхэн дэх амьд домог, Монголын сэтгүүл зүйн ууган Хөдөлмөрийн баатар, хэвлэл мэдээллийн салбарын мэргэшсэн удирдагч, нэрт сурган хүмүүжүүлэгч, сэтгүүл зүйн онол, практикийг хослуулан хөгжүүлэгч, XX, XXI зууныг дамжсан хүчирхэг нийтлэлч Хорлоогийн Цэвлээгийн оюуны нөр их хөдөлмөр, бахдам үйлс, үндэсний тулхтай сэхээтний дуурайлалт чанар нь Монголын эгэл олон уншигчид, үзэг нэгт үе үеийн сэтгүүлчид, ялангуяа Монголын залуу хойч үеийнхний оюун санаанд үлгэр дуурайл болсоор байх болно.
Цаг үе
Шатахууны худалдаа эрхлэгч 21 аж ахуйн нэгжид торгууль ногдууллаа
Цаг үе
Өнгөрсөн 7 хоногт 1905 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Прокурорын байгууллага 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан 1,905 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, шалгасан байна.
Үүнээс эрх бүхий албан тушаалтан 602 буюу 31.6 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, бусад 167 буюу 8.8 хувийг харьяаллын дагуу болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд, 1136 буюу 59.6 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.
Бүртгэгдсэн нийт зөрчлийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 774 буюу 44.3 хувь, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 211 буюу 12.1 хувь, Танхайрах зөрчил 184 буюу 10.5 хувь, Хүний биед халдах зөрчил 120 буюу 6.9 хувийг эзэлж байгаа нь хамгийн их байна.
Прокурор зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны 357 шийдвэрийг хянаж, 55 шийдвэрийг хүчингүй болгоcон.
Дээрх хугацаанд прокурор зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 23 шийдвэрийг хянаж, 2 буюу 8.7 хувийг хүчингүй болгож, 15 буюу 65.2 хувийг эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 1 буюу 4.3 хувийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөх байгууллагад шилжүүлж, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн.
Прокурор хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхээр, эрх бүхий албан тушаалтны шийтгэлд өөрчлөлт оруулах, хүчингүй болгуулахаар 4 дүгнэлт бичиж, шүүхээр хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн.
Зөрчлийн улмаас нийт 811.558.000 төгрөгийн хохирол учирснаас иргэн, аж ахуй нэгжид учирсан 242.010.000 төгрөгийг, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 449.449.000 төгрөгийн хохирлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн.