Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Р.Раш: Төрийн сүлд, дууны үг, аяыг өөрчлөх гээд олоогүй. Ц.Дамдинсүрэн гуайн үг дээр ганц нэг үг өөрчлөгдсөн байх

Огноо:

,

Анхны Ерөнхийлөгчөө сонгосон,  Улсын Бага Хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.

Лувсангийн Пүрэвдорж: Шинэ Үндсэн хууль нь монголын улс төр, гүн ухаан, хууль цааз, эдийн засаг, ёс суртахуун, соёл иргэншлийн шинжлэх ухааны томоохон цогц бүтээл
Би Говь-Алтай аймгийн Хасагжаргалан суманд төрсөн, малчин айлын хүүхэд. Бага, дунд сургуульд суугаагүй, эцэг, эхтэйгээ мал маллаж байгаад цэрэгт татагдаж, хугацаат алба хааж байгаад офицерын сургуульд орсон. Тус сургуулиа төгсөөд офицер болж, цэргийн анги салбарт ажиллаж байгаад ЗХУ-ын цэрэг-улс төрийн академид явж, таван жил суралцан төгсөж ирээд цэргийн улс төрийн ажил хийсэн.
Ийнхүү жагсаалын цэргээс Батлан хамгаалах яамны дэд сайд, Армийн улс төрийн газрын дарга хүртэл байлдагчаас генерал цолтойгоор 34 жил тасралтгүй алба хаасан.
1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, ардчилсан Үндсэн хууль хэлэлцэн батлах үйл хэрэгт оролцсон юм. Монгол Улсын төр, нийгмийн байгууллыг бүхэлд нь өөрчилж, цаашдын замналыг тодорхойлж заасан шинэ Үндсэн хууль бол монголын улс төр, гүн ухаан, хууль цааз, эдийн засаг, ёс суртахуун, соёл иргэншлийн шинжлэх ухааны томоохон цогц бүтээл гэж би боддог. Энэ Үндсэн хууль монгол үндэстнийг улс төр, нийгмийн төдийгүй ухаарал сэтгэлгээний цоо шинэ орчинд аж төрөх нөхцөлийг бий болгосон юм. Чухамхүү энэ Үндсэн хуулийг мөрдсөний үр дүнд Монгол Улс хариас хараат бус, жинхэнэ бие даан бүрэн тусгаар тогтнож, монгол хүн эх орныхоо бүрэн эрхэт эзэн, эрх чөлөөтэй иргэн болсныг хэн ч үгүйсгэж чадахгүй биз ээ.

Шинэ Үндсэн хуулийг орон даяар бүх нийтээр хэлэлцсэн хийгээд Их Хурал 76 хоног радио, телевизээр шууд нэвтрүүлэн хэлэлцсэн явц хүртэл монголын нийгмийг соён гэгээрүүлэх томоохон үйл хэрэг болсон гэвэл хэтийдэхгүй л болов уу. Өмнөх хаалттай нийгэмд ийм юмыг бид үзэх нь атугай дуулаа ч үгүй байсныг нуух хэрэггүй. Ингэж монголын ард түмний санаа сэтгэл, оюун ухаан шингэсэн Үндсэн хуулийг баталсан билээ.

Хорин жилийн тэртээ депутат бид нар АИХ-ын Их танхимд 430-лаа Үндсэн хуулиа баталж байсан. Харамсалтай нь  миний анд сайн нөхөр алба нэгт генерал, үзэг нэгт яруу найрагч Пүрэвийн Мөнхдорж Үндсэн хууль ид хэлэлцэж байхад төрийн түшээгийн суудал дээрээ зуурдаар нас нөгчиж, АИХ-ын танхим тэр аяараа уй гашууд автаж билээ. Цэл залуу, авьяас билэгтэй, аяс нөхөрсөг сайхан хүн байсан нь санаанд тодхон үлджээ.
Монгол төрийн үйл хэрэг, нийгмийн хамаг ёсыг бүхэлд нь төгс, цогц тохинуулах бүрэн чадамжтай энэ Үндсэн хуулийг ухаарч хэрэгжүүлэхэд бидний оюун ухааны хийгээд ёс зүйн чинээ чадал, өдгөө баахан дутаж байх шиг санагддаг.
Р.Раш: Амьдрал өөрөө зөрчлийг хэрхэн шийдвэрлэхээс хамаардаг учраас бүхэлдээ Үндсэн хууль олон хүний оюун санаа шингэсэн агуу хууль юм
Улс орны хөгжлийн хууль, эрх зүйн суурь үндэс болох одоогийн Үндсэн хуулийг батлалцах завшаан надад тохиосонд би бэлэгшээж явдаг. Үндсэн хуулийн төслийг Улсын Бага Хурал боловсруулж, Ардын Их Хуралд оруулж хэлэлцүүлсэн юм. АИХ анх 10 хоног хуралдана гэж ажлаа төлөвлөөд 76 хоногг хуралдаж, 76 гишүүнтэй УИХ-ыг байгуулж төрийн эрхийг түүгээр бариулахаар шийдсэн  билээ.
Анх орж ирсэн төсөл нь “Их цааз” нэртэй байсан. Албан ёсны тогтоол шийдвэр гэж гараагүй, гэхдээ л Чимэд гуайг Үндсэн хуулийн эх баригч гэж үзэцгээж байв. Улсын Бага Хурлын даргаар тэр үед Р.Гончигдорж, орлогчоор К.3ардыхан, нарийн бичгийн даргаар Б.Чимид нар, Төрийн байгуулалтын байнгын хороог С.Баяр, Эдийн засгийн байнгын хороог М.Энхсайхан, Хууль зүйн байнгын хороог Д.Лүндээжанцан нар ажиллаж, толгойлж байв. Миний бие энэ бүгдийг тоочин бичихийн учир нь манай нам анхнаасаа л улс орон дахь улс төрийн нөхцөл байдал, хүчний харьцааг зөв үнэлж холбогдох шийдвэр гаргаж чаддаг байсан гэж тэмдэглэх гэсэн хэрэг.
Тухайн үед АИХ, АИХ-ын Тэргүүлэгчид, Засгийн газрыг манай намын гишүүд толгойлж байв. Нам дээр ярьж байгаад УБХ-ын даргын албыг залуучуудад өгөх нь зүйтэй гэж үзээд С.Зориг, Р.Гончигдорж хоёр өрсөлдөж Гончигдорж нь болсон юм. МАХН-ын даргаар ажиллаж байсан Г.Очирбат, Б.Даш-Ёндон нар үнэхээр улс орны улс төрийн судасны цохилтыг барьж атгаж чадаж байжээ гэж би боддог. Ж.Батмөнх дарга санал гаргаж улс төрийн товчоо өөрөө огцорсон, МАХН Үндсэн хуулийн заалт болох удирдан чиглүүлэх дүрээсээ өөрөө татгалзсан зэргээр төр, засгийн шинэчлэлийг Үндсэн хуулийн  аргаар хийх нөхцөлийг бий болгосон. Ингэж шинэ Үндсэн хууль аятайхан гарах нөхцөл байдлыг МАХН бүрдүүлсэн юм.

Үндсэн хуулийн төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлж, намын бүх шатны байгууллагууд ярилцаж дүгнэлтээ гаргаж байлаа. Гадаадын олон орон тэр дундаа эх газрын Герман, Франц зэрэг орнуудын үндсэн хуулиудыг сайн судалсан гэж төсөл санаачлагчид депутат бидэнд танилцуулж байв. Тэр үед одоонгийнх шиг англи хэл төдийлөн дэлгэрээгүй байсан учир орос хэл дээр орчуулагдсаныг уншиж судалж байлаа.

Үндсэн хуулийн нэр, улсын нэр, төрийн сүлд, туг далбаа, төрийн дуулал зэрэг дээр их л маргацгааж байж билээ. Ерөнхийдөө социализмын үед хэрэглэж байсан нэр томъёоноос зайлсхийх гэж хичээж байсан. Гэхдээ манжийн үе рүү хэтэрхий хэлбийчих гээд байна гэж үзээд голоор нь явсан юм даг. Лав л улсын нэрийн хувьд “ард” гэсэн үгнээс тэгж жийрхээд байвал “БНМУ” гэж нэрлэе гэсэн дундын хувилбар болох саналыг Лүндээжанцан депутат дэвшүүлж байсан. Ярьж байгаад Бүгд Найрамдах гэдэг үгийг өөр тийш нь оруулж Монгол Улс гэдэг үгээр тогтоож байлаа.
Төрийн сүлд гэхэд л Өүлэн эхийн дүртэй, таван сум атгасан янз бүрийн толгойтой шувууны хэлбэртэй зурагнууд зааланд үзэсгэлэн болж гарч байсан. Ерөнхийлөгчийн засаглалтай байя, парламентын засаглалтай болъё гэж нэлээд маргасны эцэст “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хурал хадгална" гэж тогтоосон юм даг. Хоёр танхимтай байя, АИХ дээд танхим нь, Улсын Бага хурал нь  доод танхим нь болог гэцгээж байв. Миний бие ч энэ саналыг дэмжиж байсан санагдана. Сүүлийн үед Бат-Үүл гишүүн үүнийг нэлээн ярих шиг болсон. УИХ-ын гишүүдийн тоон дээр их маргалдаж байсан. Депутат н.Ядамсүрэн 112 байлгая гэж зүтгүүлж байв. Михайлд нэг бодол байна даа гэж би тэр үед бодож байж билээ. Одоогийн 100 болгоё гэдгийг л хэлж байсан бололтойдог оо. С.Баяр депутат засаглал хуваах онол практикийн асуудлаар жинтэй үг хэлж, зааланд нөлөөлж байсан.
Төрийн сүлд, дууны үг, аяыг өөрчлөх гээд олоогүй. Ц.Дамдинсүрэн гуайн үг дээр ганц нэг үг өөрчлөгдсөн байх. Сүүлд нь охиноос нь тэрийг дургүйцсэн, маягтай зүйл сонинд нийтлэгдсэн шиг санагдана. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэн эрхийг УИХ тогтооно гэж оруулсан. Манайхны зарим нь түүнийг өнөөдөр дээр үеийн улс төрийн товчоо маягаар ойлгох гээд байгаа нь буруу.
Р.Гончигдорж зэрэг олон депутатууд хүний эрх, эрх чөлөө болон  бусад асуудпуудаар санал дэвшүүлж төслөө хамгаалж идэвхтэй оролцож байлаа.
Бага хурлын эдийн засгийн байнгьн хороо  газар хувьчлах асуудлыг ихэд чармайсан. Ер нь газрыг иргэдэд хувьчлахгүй бол зах зээлийн нийгмийг байгуулж чадахгүй гэж үзсэн. Гэхдээ бэлчээрийг хувьд өгч болохгүй, энэ бол улсын тусгаар тогтнолтой холбоотой асуудал, газрын хэвлийн баялаг, ой мод, ус, ан амьтан төрийн өмч байна гэж тогтсон.Нэгэнт хувьчлагдсан газрыг хураан авч болохгүй, хэрэв төр авах тохиодолд нөхөн олговор олгох хэрэгтэй гэж депутат н.Балдан-Очир ярьж байсныг санаж байна.
Өнөөдөр тэр нь олон хүний амь, амьдралд хэрэг болоод явж байх жишээтэй. Дашбалбар агсан газрыг хувьд өгч болохгүй, улсын тусгаар тогтнол алдагдана гэж үзэж байв. Мальн хошуу хаашаа эргэхийг бага зэрэг гадарладгийн хувьд би ч бэлчээр улсынх байх ёстой гэж санал нэмэрлэж байсан. Эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудлаар депутат Д.Мөнхөө ажил хэрэгч саналуудыг удаа дараа хэлж, улсын нийслэлийг Улаанбаатар гэж өнөөгийнхөөр нь нь үлдээхээр Энэбиш агсан зүтүүлж байв. Тэр үед “дэд бүтэц” гэдэг үг монгол хэлний зүйд орж ирээгүй байсан учир зам харилцаа гэдэг  үгийг хавчуулая гэж ярьж байснаа санаж байна.
Үндсэн хуулийг бичихэд Үндсэн хуулийн ажлын хэсэг чухал үүрэг гүйцэтгэсэн. Ардын хяналт, прокурорын ерөнхий хяналтыг зогсоосон нь арай эртэдсэн асуудал гэж боддог. Бараг цөмөөр хяналтад дургүйцсэн тэр үед депутат н.Молом тайлбарлаад дийлээгүй юм даг. Хэрэв ардын хяналтын ажил түр боловч үргэлжилсэн бол өмч хувьчлал тэгж их самуурахгүй байсан болов уу.
Иргэн хүн оршин амьдрах газраа өөрөө сонгож тогтооно гэж байгаа. Энэ томьёолол Үндсэн хуулийн онолын  хувьд маргаангүй зөв. Гэхдээ зам харилцаа, зах зээл, эрүүл мэнд, боловсрол орон нутагт олигтой хөгжиж чадаагүй өнөөгийн нөхцөлд хүн амьн төвлөрөл нийслэлд хэт ихсэх зэрэг зөрчлүүд гарч байна.
Амьдрал өөрөө зөрчлийг хэрхэн шийдвэрлэхээс хамаардаг учраас бүхэлдээ Үндсэн хууль олон хүний оюун санаа шингэсэн агуу хууль юм.  
            Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

Огноо:

,

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр,

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томиллоо.

Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Монгол Ардын намаас 16 сайд, ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдож байна.

Засгийн газрын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдлоо.

Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас түлш шатахуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь хоёр дахин нугаран өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газар бүрэлдэж байна. Бүх юмны суурь үнэ болдог, түлш шатахууны үнийн огцом өсөлт инфляцыг хөөрөгдөх, цалин орлогыг үнэгүйдүүлэх, валютын урсгалыг гадагшлуулах, экспортын гол салбар уул уурхай, тээвэр, үйл ажиллагааны зардлыг нэмэх зэрэг ноцтой эрсдэл дагуулж байна. Түлш шатахууны үнийг барих боломжгүй гэдэг үнэнээ дахин хэлээд, гагцхүү тасалдал, хомсдол үүсгэхгүйн төлөө хичээн ажиллах болно. Монгол Улс дэлхийг нөмөрсөн цар тахлын үеийг туулсан шигээ түлш шатахуун, эрчим хүчний хямралыг сөрөх цаг эхэллээ.

Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо дараах хоёр үндэслэлийг харгалзан тооцлоо.

Бидэнд сандал суудал биш санал шийдэл хэрэгтэй. Нүүдэл суудал, байр сав, албан бланк, тамга тэмдэг солих нь хэдэн арван тэрбум болно. Хэдэн сайд цөөллөө гээд мөнгө хэмнэх биш илүү төлнө. Нэг сайд цомхотгоход дагаад төрийн албан хаагчид ажил төрөлгүй болно. Шүүхийн олон зуун хэрэг маргаан үүснэ, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулна. Төсөв мөнгө, эд хөрөнгө, дунд нь үрэгдэж завшигдах, тамга тэмдэг солигдох гэх мэтэд хоёр өдрийн алга ташилтын төлөө цаг, мөнгө үрмээргүй байна. Цаг, мөнгө алдмааргүй байна.

Түлш шатахууны үнэ, хомсдол бол эдийн засгийн дайны байдал. Байгаа хүчээрээ байлдаанд шууд орно. Хийдэл давхардал, илүүдэл давхцалд иж бүрэн чиг үүргийн шинжилгээ хийж, долоо хэмжиж нэг огтлоод оновчилно. Үсээ засах гээд чихээ огтолж болохгүй.

Судлан тооцоолж үзэхэд одоогоор 3000 сул орон тоо байна. Үүнийг бөглөх шаардлагагүй. Энэ бол 26 яам татан буулгасантай адил хэмнэлт. Бусад зардлыг тооцохгүй, зөвхөн цалингийн сан жилд 7.4 тэрбум төгрөг болно.

Бүтэц цомхон байх нь зөв боловч бүтэц оновчтой байх нь бүр зөв. 12 дэд сайд цомхотгоод, Үндсэн чиглэлийн дөрвөн дэд сайдтай үлдэнэ.

Сайдын алба бол эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Салбартайгаа цоо шинээр дадлагажигч шиг танилцахгүй, танин мэдэхүйн дамжаанд суух шаардлагагүй, мэдлэг, туршлагыг харгалзан авч үзлээ. Хурд гүйцэж ажиллах, галтай ч гашуун шийдвэр гаргах, асуудлыг шийдэл болгох, хариуцсан салбараа манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай эсэхийг тооцлоо.

Шинээр томилогдож байгаа хүмүүст ч мэдлэг чадвар нь байгаа эсэхийг харгалзан авч үзнэ.

Олон нам, эвсэл, сонирхлын бүлгээс бүрдсэн УИХ, хүчтэй сөрөг хүчинтэй нөхцөлд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн бүрэлдэхүүн гэдгийг нуугаад байх юмгүй шууд хэлье. Түлш шатахуун, тог цахилгааны тасалдал аюул болоод байхад төр засгийн ажил тасалдал болж болохгүй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй байна.

Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт, ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана. Бид дэлхийг өөрчлөхгүй ч дэлхий биднийг өөрчлөхгүйг үргэлж санаж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг, илүү хурдтай ажиллах ёстой. Ирээдүй цаг дээр биш энэ цаг дээр ажил, асуудлаа ярьж ажиллана.

Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавина. Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан.

Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Төрийн сангаа удирдаж, байгаа хөрөнгө, нөөцөө зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслаж зогсоох, татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна.

Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. 

“Эрхэм УИХ-ын гишүүд ээ,

Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая тн, 2027 онд 3.1 сая тн-д хүрэх төлөвтэй байна.

Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж, нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна.

Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648$-оор нэмэгдэж 1,385$, Евро-5 дизель түлш 483$-оор нэмэгдэж 1,410$, Евро-5 АИ-92 автобензин 441$-оор нэмэгдэж 1,206$, АИ-95 автобензин 441$-оор нэмэгдэж 1,176$, АИ-98 автобензин 441$-оор нэмэгдэж 1,226$ болж, төрлөөс хамаарч 441-648$-оор өссөн.

Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн АИ-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2,200  төгрөгөөр нэмэгдэж 5,200, Евро-5 дизель түлш 1,300 төгрөгөөр нэмэгдэж 5,300, Евро-5 АИ-92 автобензин 1,100 төгрөгөөр нэмэгдэж 4,200, АИ-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4,100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна.

Цаашид Ойрх дорнодын мөргөлдөөн энэ хэвээр үргэлжилж, улам хурцдаж “Брент” төрлийн газрын тосны үнэ баррель нь 130 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 1,750   ам.доллар, жижиглэнгийн үнэ литр тутамд 3,296 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 150 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,019 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 4,235 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 200 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,693 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 6,587 төгрөгөөр нэмэгдэн, литр дизель түлшний үнэ 9700 төгрөг болох эрсдэлтэй байна.

Манай улс ОХУ-ын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай хэлцэл хийсний дүнд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны хил үнийг 2022 оны тавдугаар сараас хойш 705 ам.доллароор тогтворжуулан жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээлээс хамааралтай үнийн өөрчлөлтгүй явж ирсэн. 

Манай улс АИ-92 автобензинийн гаалийн албан татвараас сардаа ес орчим, жилдээ 100 орчим тэрбум төгрөг, дизелийн түлшнээс сардаа 25 орчим, жилдээ 300 орчим тэрбум төгрөгийн орлого олдог тэр хэмжээгээр төсвийн орлого хасагдах эрсдэлтэй.

Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны  бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой юм.

Иймд "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолд оруулах өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр боловсрууллаа. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэлээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе20 цаг 8 минут

Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтыг зургаадугаар сарын 15-нд бүр...

Шударга мэдээ20 цаг 11 минут

Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг...

Цаг үе20 цаг 13 минут

Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг...

Цаг үе20 цаг 16 минут

Эмнэлгийн орчин дахь эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарсан үнэлгээ...

Цаг үе20 цаг 22 минут

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Цаг үе20 цаг 26 минут

Европын Холбооны шүүх “мессенжер”-ийн талаарх шийдвэрийг хэвээр ...

Улстөр нийгэм20 цаг 29 минут

Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд...

Улстөр нийгэм20 цаг 32 минут

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна...

Цаг үе20 цаг 34 минут

Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ

Улстөр нийгэм2026/06/03

Эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хуулийн т...

Санал болгох