Цаг үе
Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ
Жигжидийн уулзвараас Гүнтийн пост хүртэлх Өвөр гүнтийн гэж нэрлэгдэх авто замыг 2015 онд ашиглалтад оруулсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл уг зам дээр зөвхөн арчлалтын засвар буюу нөхөөс хийж ирсэн. Иргэдийн зүгээс дээрх авто замыг шинэчилж өгөөч гэсэн санал хүсэлт цөөнгүй ирүүлсэн учраас нийслэлийн Замын хөгжлийн газраас Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. Тус авто замын ажлын гүйцэтгэгчээр "Фючер Прогресс" ХХК ажиллаж байна.

Авто замын ажлын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр "Замыг засаж, шинэчлэхдээ 30 см цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь тавьж, 5 см өнгөн хучилт хийнэ. Зорчих хэсгийн баруун талаар дугуйн зам, зүүн талд нь явган зам барина. Ус зайлуулах хоолойг замын налуу хэсгүүд дээр шийднэ. Тиймээс зам засварын ажлыг гурван хэсэгт хувааж, авто замыг хэсэгчлэн хаана. Тодруулбал, цементэн суурь бэхжих 48 цагийн хугацаанд гол замын хөдөлгөөнийг хааж, түр зорчих зам гаргаж зохицуулалт хийнэ. Бидний тооцооллоор хэсэг бүрийг ойролцоогоор дөрвөн өдөр хааж, засвар шинэчлэлтийг хийнэ. Авто зам дээр ус тогтохоос сэргийлж, зургаан байршилд авто замаас доош 10 см орчим хоолой гаргана" гэв.

Авто замын ажлыг гүйцэтгэгч "Фючер Прогресс" ХХК-ийн ерөнхий инженер Б.Батбаяр "Өвөр гүнтийн замын эвдэрсэн хэсгүүдийг шинэчилж, хашлагуудыг солино. Дугуйн зам, явган хүний замыг шинээр барина. Ус зайлуулах хоолойн бөглөрлийг арилгаж, уулын шуудуу гаргана" гэлээ.
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замд замбараагүй орц, гарц гаргаж, шуудууг эвдсэнээр ус ихээр тогтдог болсон

НЗХГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар “Өвөр гүнтийн замыг энэ жил ийнхүү шинэчлэхээс гадна 2024 онд тус замын намагтай хоёр хэсэг газарт 1.5-2 метр гүнд суурь сольсон. Тус замын эвдрэлийн гол шалтгаан нь орц, гарц замбараагүй гаргаж, шуудууг нь эвдсэн учраас ус тогтдог болсон байсан. Тиймээс бид одоо эхэлж буй засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 метр замыг цементээр бэхжүүлж, хоёр талын явган хүний болон дугуйн замыг 1.5 метр асфальт бетоноор хучна. Мөн шуудууг дахин шинээр барьж, орц, гарц бүр дээр 500-700 метр ус зайлуулах хоолойг хийхээр төлөвлөөд байна" хэмээн тодотгов.

Нийслэлийн хэмжээнд энэ онд 41 байршилд авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг нийслэлийн Замын хөгжлийн газраас хийж байна. Үүнээс 33 байршилд нь он дамжих зам засварын ажил, 8 байршилд нь шинээр зам барьж байна.
Өнгөрсөн долоо хоногт Гранд плазагийн уулзвараас 25 дугаар эмийн сангийн зам засварын ажил дууссан. Үргэлжлүүлэн энэ жишгээр Гранд Плазагийн уулзвараас Баруун 4 зам хүртэлх зам засвар, Денверийн гудамж, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу зэрэг байршилд зам засварын ажлыг хэсэгчлэн гүйцэтгэнэ. Зам засварын ажил нь улирлаас шалтгаалж богино хугацаанд явагддаг тул зайлшгүй нөхцөлд ажлын өдрөөр хэсэгчлэн хааж, ажил гүйцэтгэх шаардлагатай байдаг тул иргэдийг хүлээцтэй хандаж, засвар, шинэчлэлтийн талаарх мэдээлэлд ойр байхыг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр онцолж хэллээ.




НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдийг баривчилжээ
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах холбооны захиргааны барилгын гадна гал тавьж, агаарын буугаар гал нээсэн хэрэг гарсны дараа сэжигтнийг газар дээр нь баривчилжээ.
Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны мэдээлснээр, 43 настай, АНУ-ын армийн ахмад дайчин Эндрю Аррабака гэгч этгээд 26 Federal Plaza барилгын гадна шатанд шатамхай бодис асгаж гал тавин, салют буудуулсны зэрэгцээ агаарын буугаар хэд хэдэн удаа буудсан байна. Уг барилгад АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE), Холбооны мөрдөх товчоо (FBI) болон бусад холбооны байгууллагууд байрладаг юм.
Хэргийн улмаас гурван хүн хөнгөн гэмтэл авсны дотор холбооны хоёр ажилтан болон цагаачлалын шүүхийн сонсголд оролцохоор ирсэн нэг иргэн байсан гэж албаныхан мэдээлжээ. Холбооны хамгаалалтын албаныхан болон хамгаалалтын гэрээт ажилтан сэжигтнийг богино хугацаанд саатуулсан байна.
FBI-гийн мэдээлснээр, сэжигтэн баривчлагдах үедээ төрийн байгууллагын эсрэг байр суурь илэрхийлсэн бөгөөд түүний эзэмшилд сүх, хутга, алх, мачете зэрэг бусад зэвсэг байсан аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг терроризм гэж ангилах эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна.
Цаг үе
Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ
Монгол Улс 2026 оны эхний хагас жилийн байдлаар дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Үндэсний статистикийн хорооны урьдчилсан гүйцэтгэлээр, экспорт импортын хэмжээнээс 4.3 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ. Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 57.9 хувиар өссөн дүн гарчээ.
Мөн мөнгөний нийлүүлэлт 2026 оны эхний зургаан сарын байдлаар 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр, буюу 26.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлд үндэслэсэн бөгөөд Үндэсний статистикийн хорооноос танилцуулжээ.


Цаг үе
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барьсан. Тэгвэл тус хэсэгт жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, залуучууд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжинэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва зарлалаа.
Тэрбээр “Жуулчид Монголыг зорьж ирээд үндэсний хоол болон “Street food” хайх, олохгүй байх зэрэг асуудал гардаг. Тиймээс “Урт цагаан” орчимд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг болох, мөн Монголын урчуудын гар урлалын бүтээгдэхүүнүүдийг худалдаалах үйлчилгээний хэсгүүдийг нэмэгдүүлнэ. Ингэснээр жуулчдын урсгал төвлөрөхөөс гадна залуучууд чөлөөт цагаараа соёлтой үйлчилгээг авах боломжтой болно” гэв.
Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Бид цаашид жуулчны гудамжийг улам хөгжүүлж, Улаанбаатар хотын жуулчдыг энэ гудамж руугаа татан, хотын төв рүү хүмүүсийн урсгал бий болгох зорилготой. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж, иргэдийг бүтээгдэхүүн үйлчилгээний саналаа ирүүлэхийг урьж байна” гэлээ.


