Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ванданжавын Адъяасүрэнд Ардын багш цол хүртээлээ

Огноо:

,

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Ардын багш цолыг:

  • Математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг төлөвшүүлэх, заах арга зүй, технологийг сайжруулан, сургалтын хэрэглэгдэхүүнийг баяжуулахад идэвх санаачилгатай ажиллаж, эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвин, олон зуун шавь бэлтгэж, олон улсын олимпиадад гаргасан амжилтаараа эх орныхоо нэрийг өндөрт өргөн, математикийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн Шинэ Монгол технологийн их сургуулийн математикийн багш, доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ванданжавын Адъяасүрэнд хүртээлээ.

Гавьяат эдийн засагч цолоор:

  • УИХ-ын Төсвийн байнгын хорооны Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга асан Далрайн Даваасамбуу,

Гавьяат хуульч цолоор:

  • Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Чагдаагийн Хосбаяр,

Гавьяат багш цолоор:

  • МУБИС-ийн Багшийн сургуулийн математикийн багш, боловсролын ухааны доктор, профессор Цэдэннямын Нямжав,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • ШУА-ийн Газарзүй, гео экологийн хүрээлэнгийн Агаар, сансрын зайнаас тандан судлалын салбарын дарга, академич Дамдинсүрэнгийн Амарсайхан,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Баримт бичиг, хяналт шинжилгээний газрын дарга, МУИС-ийн багш, доктор, профессор Содномдоржийн Янжинсүрэн,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • “Эрдэмтний хөгжлийн академи” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, доктор, профессор Дарьжавын Бор,
  • Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, сэтгүүлч Чүлтэмийн Отгонбаатар,
  • Монголын зохиолчдын эвлэлийн орлогч дарга Пэрэнлэйн Нямлхагва,

Хүний гавьяат эмч цолоор:

  • АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ганбаатарын Эрдэнэтуяа,

Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:

  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төслийн зохицуулагч Бадралын Бурмаа,

Гавьяат малчин цолоор:

  • Сүхбаатар аймгийн Уулбаян сумын малчин, Улсын хошой аварга малчин Дамдины Баярсайхан,

Гавьяат уурхайчин цолоор:

  • “Багануур” ХК-ийн засварын хэсгийн дарга Гүрсэдийн Соронзонболд,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

  • “Диспечерийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Гомборагчаагийн Балжинням,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • Төр, захиргааны ахмад ажилтан Гүрийн Эрдэнэтөгс,
  • Орхон аймгийн Улаан загалмайн хорооны дарга Дамбын Тунгалаг,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Цэргийн дуу бүжгийн “Эрдмийн чуулга”-ын уран сайхны удирдаач, дэд хурандаа Лхаажавын Баттөр,

Гавьяат тамирчин цолоор:

  • “Шандас ММА тулааны клуб”-ын холимог тулааны мэргэжлийн тамирчин, Дэлхийн аварга Баатархүүгийн Энх-Оргил,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • “Марзан Шарав сан”-гийн тэргүүн Чулуунбатын Хишигчулуун,
  • “Талх чихэр” ХХК-ийн ахмад технологич Дуйнхаржавын Хоролмаа,
  • “Багануур” ХК-ийн Нүүрс бутлан ачих хэсгийн инженер Пүрэвжавын Эрдэнэцогт,
  • Чөлөөт уран бүтээлч, дуучин Эрдэнэсүрэнгийн Төрмандах,
  • “Нью сигначе” нүдний эмнэлгийн ерөнхий эмч Пүрэвийн Энхмаа,
  • МҮОНРТ-ийн редактор Гарьдшувуугийн Отгонжаргал,

Алтан гадас одонгоор:

  • “Силк вэй стар” Азийн олон улсын дууны тэмцээний Гран при шагналт, дуучин Иозеф Червенка Мишээл,
  • “Чингис хаан” үндэсний музейн тайлбарлагч Очирсүрэнгийн Энхцолмон,
  • “Монцемент билдинг материалс” ХХК-ийн үзлэг хяналтын инженер Сурмаахоролын Гансүх,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • “Говь” ХК-ийн үйлдвэрийн дарга Сүхбатын Отгонцэцэг,
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ахлах мэргэжилтэн Пүрэвийн Сайнбилэг,
  • “Элэн бьюти академи”-ийн сургагч багш Мөнхбатын Эрдэнэжаргал,
  • “Позитив Монголиа”-ийн үүсгэн байгуулагч Дашгэрэлийн Түвшинбаяр нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд нь амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Мөн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Огноо:

,

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны дунд Хөх морь сарын шинийн есөн буюу 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо.

Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ.

Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн тахилгад бөө нарыг оролцуулах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Энэ дагуу төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцож, тус тусын зан үйлээ үйлдлээ.

Мөн орой Хэнтий, Төв аймгийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.

Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.

Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Төрийн хонжин тэргүүтэй Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг залсны дараа Их сүлдэч зул, арц, хүж асаан хүндэтгэл үзүүллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хамаг монголчуудын дээд шүтээн Хэнтий хан, Бурхан Халдун уул бол Эзэн богд Чингис хааны сүр хүч, суу алдрыг тэтгэгч Сүлд тэнгэрийг оршоосон, үеийн үед тахиж, өнө мөнхөд шүтэх зарлигтай хайрхан гэдгийг онцоллоо.

Оройн дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны айлтгалтай Бурхан Халдун хайрхны цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл болохыг тэмдэглэлээ.

Иймээс Их хааны айлтгал, Их Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээг бататган илэрхийлэх үүднээс Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолборыг төрийн тэргүүний зарлигаар шинээр бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн морин жил ёслол төгөлдөр нээж байгааг сонордууллаа.

Ерөнхийлөгч, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм дээд үүрэг гэдгийг хэллээ. Мөн Хэнтий хан хайрхан, Бурхан Халдун уулын шүтээн Сүлд тэнгэр монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн Үйлстөгөлдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хэнтий аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Дамдинжавын Аюурбуньд хүлээлгэн өглөө.

Төрийн хонжин Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхлэх команд өгөхөд хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэлээ. Их сүлдэч “Их хар сүлдийн өчил” өчих үед тахилгад оролцогсод Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх идээ шүүсний дээж зэргийг Их хар сүлд болон хайрхны зүг өргөж, Их хар сүлдэнд мөргөлөө.

Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Сумын мэргэн Жаргалсүрэнгийн Эрхэмбаярт хүлээлгэн өгч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Сумын алдарт уяач, мянгат малчин Цэрэнжамцын Барссайханы цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.

Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн гэрэлт цогцолборт мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлснээр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.

Бурхан Халдун уулыг Хиад боржигины өвөг Бодончарын үеэс тахиж, Эзэн Богд Чингис хааны үед Хамаг Монгол, Монголын Эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байсан. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгосон юм. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа

Огноо:

,

Гадаад харилцааны сайдын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др. С.Жайшанкар, сайд Б.Батцэцэг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарын Монгол, Энэтхэгийн албаны хүмүүс энэ сарын 23-нд Энэтхэг Улсын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Газрын тосны үйлдвэрийн явцтай танилцлаа.

Төлөөлөгчдийг Сайншанд хотын удирдлага, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, компанийн инженер техникийн ажилтан, хамт олон найрсгаар угтан авав.

Захирал Д.Алтанцэцэг төслийн явц байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар танилцуулав. Тэрээр үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд ангиуд, ган хийцүүд үйлдвэрийн талбайд бууж, угсралтууд хийгдэж байгаа гэж ярив. Мөн үйлвэрийн гол байгууламж болох нэрэх цамхагийн хэсгүүд өнгөрсөн сарын сүүлчээр үйлдвэрийн талбайд бууж, одоо угсарч эхэлсэн байна. Сонирхуулахад цамхагийн өндөр нь 58,4 метр, диаметр нь 3,2 м, жин нь 245 тонн гэжээ. Мөн 520 гаруй км урт түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалт 90 шахам хувьтай яваа аж.

Гадаад хэргийн сайд С.Жайшанкар төслийн явцын талаар мэдээлэлтэй байсан ч өөрөө газар дээр нь ирж танилцсандаа сэтгэл хангалуун байна гээд Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн бодит илэрхийлэл болсон уг төслийг төлөвлөсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлэхэд Энэтхэгийн Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов

Огноо:

,

Швейцарийн Бургенстокт АНУ-ын талтай хэлэлцээ хийж байсан Ираны төлөөлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Ираны эсрэг хийсэн заналхийлсэн мэдэгдлийг эсэргүүцэн хэлэлцээг түр зогсоожээ.

Трамп олон нийтийн сүлжээгээр дамжуулан Ираныг Ливан дахь “төлөөлөгчдийн” үйл ажиллагаагаа нэн даруй зогсоох ёстой гэж анхааруулсан байна. Тэрбээр эс тэгвээс АНУ Ираны эсрэг дахин, илүү хүчтэй цохилт өгч болзошгүй гэж мэдэгджээ.

Ираны хэвлэлүүдийн мэдээлснээр, тус улсын төлөөлөгчид АНУ-ын талд эсэргүүцлээ илэрхийлж, уулзалтын танхимыг орхисон байна. Улмаар 80 орчим минут үргэлжилж байсан хэлэлцээг түр завсарлуулж, Ираны тал дотоод зөвлөлдөх уулзалт хийжээ.

Ираны төлөөлөгчдийн тэргүүн, Парламентын дарга Мохаммед Багер Галибаф олон нийтийн сүлжээнд “Тэд үгээ анхааралтай сонгох хэрэгтэй. Манай зэвсэгт хүчин янз бүрийн хэлбэрээр хариу өгөхөд бэлэн байна” гэж бичсэн байна.

Одоогоор талуудын хэлэлцээ цааш үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ10 цаг 41 минут

Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролц...

Улстөр нийгэм10 цаг 45 минут

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Цаг үе11 цаг 52 минут

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал ...

Цаг үе12 цаг 7 минут

Авлигын эсрэг НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлэх олон улсын арга хэмжээг М...

Цаг үе12 цаг 14 минут

“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асу...

Улстөр нийгэм12 цаг 20 минут

БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар газрын тос боловсруулах үйлд...

Урлаг спорт12 цаг 26 минут

Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан "Цайны замын авто ралли" э...

Цаг үе12 цаг 34 минут

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Цаг үе12 цаг 40 минут

БНТУ-тай “Эдийн засгийн тусгай бүс”-ийн хамтын ажиллагааг эрчимж...

Улстөр нийгэм2026/06/22

Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов

Санал болгох