Цаг үе
Татвар төлөгч 28.879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олголоо
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар төлөгч иргэн анх удаа амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авсан, амины орон сууц барьсан, дотоод болон гадаадын их дээд сургуульд сурч байгаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн бол татварын хөнгөлөлтөд хамрагдаж, буцаан олголт авдаг.
2025 оны хөнгөлөлт буцаан олголтыг иргэдийн дансанд энэ сарын 20-ноос шилжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр шилжүүлж дууслаа. 2025 оны жилийн эцсийн тайлангаар 28,879 татвар төлөгч иргэн 57.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг авахаар тайлангаа ирүүлсэн юм. Тодруулбал, шинээр орон сууц худалдан аваад анх удаа хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж байгаа 7,527 иргэнд 28.5 тэрбум төгрөг, үргэлжлүүлэн хамрагдаж байгаа 10,742 иргэнд 18.5 тэрбум төгрөг, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдаж байгаа 11,397 иргэнд 10.1 тэрбум төгрөг, хуульд заагдсан бусад нөхцөлөөр 12 иргэнд 30 орчим сая төгрөгийн буцаан олголтыг олголоо.
Банкны болон татвар төлөгчийн мэдээлэл зөрүүтэйгээс гүйлгээ буцаагдсан иргэдийн мэдээллийг харьяа татварын албаар дамжуулан дахин засварлаж, гүйлгээг ойрын өдрүүдэд хийнэ.
Ташрамд, Хувь хүний орлогын албан татварын орлого нь орон нутгийн төсвийн орлогын томоохон бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нийслэлийн төсвийн орлогын 50 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Жил бүрийн нийслэлийн төсөвт Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод зарцуулах санхүүжилтийн эх үүсвэрийг төсөвлөн, баталдаг. 2026 онд 63.0 тэрбум төгрөгийг татвар төлөгч иргэдэд буцаан олгохоор баталсан юм.
Цаг үе
Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдийг баривчилжээ
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах холбооны захиргааны барилгын гадна гал тавьж, агаарын буугаар гал нээсэн хэрэг гарсны дараа сэжигтнийг газар дээр нь баривчилжээ.
Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны мэдээлснээр, 43 настай, АНУ-ын армийн ахмад дайчин Эндрю Аррабака гэгч этгээд 26 Federal Plaza барилгын гадна шатанд шатамхай бодис асгаж гал тавин, салют буудуулсны зэрэгцээ агаарын буугаар хэд хэдэн удаа буудсан байна. Уг барилгад АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE), Холбооны мөрдөх товчоо (FBI) болон бусад холбооны байгууллагууд байрладаг юм.
Хэргийн улмаас гурван хүн хөнгөн гэмтэл авсны дотор холбооны хоёр ажилтан болон цагаачлалын шүүхийн сонсголд оролцохоор ирсэн нэг иргэн байсан гэж албаныхан мэдээлжээ. Холбооны хамгаалалтын албаныхан болон хамгаалалтын гэрээт ажилтан сэжигтнийг богино хугацаанд саатуулсан байна.
FBI-гийн мэдээлснээр, сэжигтэн баривчлагдах үедээ төрийн байгууллагын эсрэг байр суурь илэрхийлсэн бөгөөд түүний эзэмшилд сүх, хутга, алх, мачете зэрэг бусад зэвсэг байсан аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг терроризм гэж ангилах эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна.
Цаг үе
Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ
Монгол Улс 2026 оны эхний хагас жилийн байдлаар дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Үндэсний статистикийн хорооны урьдчилсан гүйцэтгэлээр, экспорт импортын хэмжээнээс 4.3 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ. Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 57.9 хувиар өссөн дүн гарчээ.
Мөн мөнгөний нийлүүлэлт 2026 оны эхний зургаан сарын байдлаар 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр, буюу 26.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлд үндэслэсэн бөгөөд Үндэсний статистикийн хорооноос танилцуулжээ.


Цаг үе
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барьсан. Тэгвэл тус хэсэгт жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, залуучууд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжинэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва зарлалаа.
Тэрбээр “Жуулчид Монголыг зорьж ирээд үндэсний хоол болон “Street food” хайх, олохгүй байх зэрэг асуудал гардаг. Тиймээс “Урт цагаан” орчимд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг болох, мөн Монголын урчуудын гар урлалын бүтээгдэхүүнүүдийг худалдаалах үйлчилгээний хэсгүүдийг нэмэгдүүлнэ. Ингэснээр жуулчдын урсгал төвлөрөхөөс гадна залуучууд чөлөөт цагаараа соёлтой үйлчилгээг авах боломжтой болно” гэв.
Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Бид цаашид жуулчны гудамжийг улам хөгжүүлж, Улаанбаатар хотын жуулчдыг энэ гудамж руугаа татан, хотын төв рүү хүмүүсийн урсгал бий болгох зорилготой. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж, иргэдийг бүтээгдэхүүн үйлчилгээний саналаа ирүүлэхийг урьж байна” гэлээ.


