Цаг үе
Айова хотын захирагчийг авлигын гэмт хэрэгт холбогдуулан баривчилжээ
Армстронг суурингийн албан тушаалтнууд олон арван сая долларын төсвийн хөрөнгийг шамшигдуулсан, мөн хэргээ нуун дарагдуулах зорилгоор хуурамч бүртгэл хөтөлсөн, суурингийн хөрөнгийг хувийн хэрэгцээнд ашигласан гэмт хэрэг үйлдсэн талаар прокурорын яллах дүгнэлтэд дурджээ.
Миннесота мужтай хил залгаа бөгөөд аялал жуулчлалын алдартай газар болох Окобожи амралтын бүсээс 40 милийн зайд орших суурингийн ард иргэдийг энэхүү баривчилгаа гайхшруулжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь тус албан хаагчдыг 2021 онд эрх бүхий байгууллагаас шалгаж буй талаар үндэслэл тайлбар авахаар ажиллаж буй талаар мэдээлжээ. Учир нь тус албан хаагчдын шалгагдаж буй зарим гэмт үйлдлийг 2017 оны 9 дүгээр сард хийсэн аудитын тайланд дурдаж, олон нийтэд ил болгосон байна.
“Мужийн аудитын тайланг үндэслэн энэ төрлийн гэмт хэрэгт албан тушаалтныг холбогдуулан шалгах нь төдийлөн түгээмэл биш юм. Иймээс энэхүү хэрэгт ямар учир шалтгааны улмаас албан тушаалтныг холбогдуулан шалгаж буй талаар би сайн ойлгохгүй байна.” хэмээн тус хотын нарийн бичгийн ажилтан асан Конни Такери, Мэри К.Статон нарын өмгөөлөгч Эд Бьёорнстад мэдээлжээ.
35 настай Мэри К.Статоныг өөрийн үйлдсэн хүндэвтэр гэмт хэрэгт холбогдуулан 2 дугаар сарын 26-ны өдөр эрх бүхий байгууллагад ирж хэргээ хүлээхийг шүүгч зөвшөөрсөн тул тэрээр барьцаа хөрөнгө байршуулж суллагдсан байна.
Харин Армстронг хотын захирагчаар сүүлийн арван жилийн ихэнх хугацаанд ажиллаж байсан 69 настай Грег Бум, түүний хүргэн бөгөөд цагдаагийн дарга Крейг Меррилл, 2016 онд тэтгэвэрт гарсан Таккери болон тус хотын нарийн бичгийн ажилтан Трейси Ланг нарыг баривчилжээ.
Грег Бум, Таккери, Трейси Ланг нарыг 2 дугаар сарын 12-ны өдөр баривчилсан байна. Тус гэмт хэрэгт холбогдон шалгагдаж баривчлагдсан явдалд сэтгэл дундуур байгаа Таккериг батлан даалтаар гаргахаар ажиллаж буй талаар түүний өмгөөлөгч Эд Бьюрнстад мэдээлжээ.
Мөрдөгчид 43 настай Крейг Мерриллийг Миннесота мужийн хил дээр баривчилсан байна. Түүнийг шилжүүлэн авах хүртэл Миннесота мужийн Мартин хотын шоронд саатуулжээ.
Айова мужийн Ерөнхий Прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч Линн Хикс тус хэргийг олон жилийн турш мөрдөн шалгаж буй талаар мэдээлсэн байна.
Грег Бум, Таккери, Крейг Меррилл нар нь 2014 оноос 2020 оны хооронд санхүүгийн ашиг олох зорилгоор үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд 25 жил хүртэл хорих ял сонсож болзошгүй талаар прокурорын яллах дүгнэлтэд тусгагджээ.
Прокурорын газраас мэдээлснээр Грег Бум, Крейг Меррилл нарыг 10 гаруй мянган ам.долларын чекийг завшуулсан хэргээр нэгдүгээр зэргийн хулгайн гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байна. Грег Бум, Таккери нар нь төлбөрийн чекийг тус хотын бусад албан хаагч болон зээлийн картын компанид илгээсэн гэмт хэрэгт холбогдон мөн яллагдагчаар татагдсан юм. Энэхүү гэмт хэргийн нийт хохирол одоогоор тогтоогдоогүй юм.
Цагдаагийн газрын дарга Крейг Меррилл нь мөн хоёр удаа цагдаагийн албан хаагчийн зэвсэг, хэрэгслийг албан бус зорилгоор бусдын эсрэг ашигласан хэрэгт холбогдон шалгагдаж байна.
2016 онд зохион байгуулагдсан хандив цуглуулах үдэшлэгийн үеэр Крейг Меррилл нь хотын засвар үйлчилгээний ажилтан болон ойролцоо байсан нэг иргэнийг “цахилгаан гүйдлээр цохигч” ашиглан гэмтээжээ. Түүнчлэн тэрээр тус үйл ажиллагаанаас цуглуулсан хандивын хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, мөн Айова мужийн хуулийг зөрчиж хотоос гадуур цалинтай амралт авсан байна.
Трейси Ланг нь 2017 онд иргэдээс ирсэн өргөдөл, хотын гудамжтай холбоотой санхүүгийн тайлан, хотын зөвлөлийн хуралдааны баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт шалгагдаж байна.
2017 оны мужийн аудитын тайланд тайлбарласнаар хотын санхүүгийн менежмент шаардлагад нийцээгүй болно. Мөрдөгчдийн олж тогтоосноор нийтийн аж ахуйн үйлчилгээний төлбөрийн олон арван мянган ам.долларыг тооцоолоогүй эсхүл зохих ёсоор төлөөгүй байсан бөгөөд мөн зохисгүй цалин хөлсний зардал, татварын торгууль буруу ногдуулсны улмаас олон мянган ам.долларын зардал гаргасан байна.
Тус хотын албан хаагчид компьютерын алдаанаас шалтгаалан 2016 онд санхүүгийн тайлан болон нийтийн аж ахуйн үйлчилгээний ашиглалтын бүртгэл устгагдсан талаар Аудитын газарт мэдэгджээ. Үүнээс шалтгаалан нийтийн аж ахуйн үйлчилгээний ашиглалтын зардлыг тооцоолох боломжгүй болж ус ашиглалтын төлбөр аваагүй, мөн зарим хэрэглэгчдээс бохир усны татварыг зохих ёсоор цуглуулаагүй үйлдлийг Аудитын газраас тогтоосон байна.
Аудитын газраас шалгалт хийх явцад зохих ёсоор байршуулаагүй олон тооны төлбөрийн чек хотын захиргааны байрны өрөөний шаланд унасан байсныг олжээ. Нийтийн аж ахуйн үйлчилгээний төлбөр төлөгдөөгүй талаар хэд хэдэн албан тушаалтан гомдол гаргасны дагуу Цагдаагийн газраас шалгалт хийсний үр дүнд хотын захиргааны байгууллагаас их хэмжээний хөрөнгө хураасан байна.
Грег Бум, Крейг Меррилл болон зарим албан хаагчид түүнийг байхгүй тохиолдолд хотын захиргааны санхүүгийн мэдээлэлд нэвтрэх боломжтой талаар хотын нарийн бичгийн ажилтан асан Мэри К.Статон Аудитын газарт мэдэгджээ. Түүний тайлбарлаж буйгаар цахим шуудан болон төлбөрийн хөрөнгө олон тохиолдолд алга болсон байна.
Грег Бум нь 2013 онд хотын захирагчаар сонгогдсон бөгөөд 2 жилийн дараа ажлаасаа чөлөөлөгджээ. Гэвч 2016 оны ээлжит бус сонгуулиар дахин сонгогдож, 2017 болон 2019 онуудад мөн сонгуульд ялалт байгуулсан юм.
Санхүүгийн тайланд тусгаснаар 2020 оны санхүүгийн жилд тус хот 1.4 сая ам.долларын орлого олж, 1.1 сая ам.долларын зарлага гаргасан байна.
Трейси Ланг ямар хэрэгт буруутгагдаж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байгаа бөгөөд нэмэлт тайлбар өгөхгүй талаар түүний өмгөөлөгч Бетани Брандс мэдээлжээ. Харин Грег Бумын өмгөөлөгч тайлбар өгөөгүй байна.
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийг 11 дэх жилдээ Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Тус марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэх юм.
Өнөөдрийн байдлаар 23 мянга гаруй оролцогч гүйхээр бүртгүүлээд байна.
Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын мэргэжлийн болон сонирхогч гүйгчид олноор оролцох болсон. Энэ нь арга хэмжээний цар хүрээ тэлж, оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж байгааг харуулж байна.
Марафонд гүйх иргэд насны ангилал болон бэлтгэлийн түвшиндээ тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Цаг үе
ОХУ: Ялалтын баярын парадыг цэргийн техникгүй зохион байгуулна
ОХУ-ын нийслэл Москва хотод тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын цэргийн парадыг энэ жил цэргийн техникгүй зохион байгуулахаар болсон талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.
Тэрбээр уг шийдвэр нь үйл ажиллагааны нөхцөл байдалтай холбоотойг онцолж, аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах зорилгоор ийм арга хэмжээ авч байгааг дурдсан байна. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь Киевийн дэглэмийг террорист үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаа талаар мэдэгдсэнийг иш татжээ.
Ийм нөхцөлд болзошгүй аюул заналыг багасгахын тулд бүх шаардлагатай арга хэмжээг авч буйг Песков тэмдэглэсэн байна. Тэрбээр парад цуцлагдахгүй, харин товчруулсан хэлбэрээр зохион байгуулагдана гэдгийг тодотголоо.
Мөн өнгөрсөн жилийн парад нь ойт жилийн хүрээнд өргөн хүрээтэй зохион байгуулагдсан бол энэ жил ойт жил биш тул цар хүрээ багассан байгааг дурдсан байна.
Цаг үе
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт мэдээлэл өглөө.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Иргэнийг 2026 оны I ээлжийн хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагааны бэлтгэлийг хангаж байна. Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд тогтоосон байруудад зохион байгуулна. Энэ удаагийн цэрэг татлагын онцлог нь хөдөө орон нутагт зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд Улаанбаатар хотод түр оршин суугаа газрынхаа харьяа цэрэг татлагын байруудад очиж, оролцох боломжтой юм. Үүнийг Цэргийн албаны тухай хуулийн 12.7-д заасан байдаг. Иргэд хөдөө, орон нутагт цэрэг татлагад хамрагдаж амжаагүй бол нийслэлд цэрэг татлагын түр товчооны байруудаар хамрагдаж болно. Иргэн цэрэг татлагын товчоонд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очих ёстой. Ингээд эрүүл мэндийн бүх төрлийн үзлэгт орно. Хэрвээ иргэн цэрэг татлагад хамрагдах боломжгүй бол шалтгаанаа тодорхойлсон баримт бичгээ бүрэн бүрдүүлж ирэх хэрэгтэй. Тухайлбал, ар гэр, дүү нараа асран хамгаалдаг бол хорооныхоо тодорхойлолт, эрүүл мэндийн шалтгаантай бол хамгийн сүүлд эмчид үзүүлсэн зэрэг баримтыг авч очих нь зүйтэй. Мөн гаднын улсад сурч, ажиллаж байгаа бол холбоотой гэрээ, баримт бичгүүдийг хамгийн сүүлийн он сараар нь нотолгоо болгон авчрах хэрэгтэй. Бичиг баримт дутуугаас болж асуудал үүсдэг. Харуулах баримтгүй хүнийг бид нотолж цэргийн албанаас чөлөөлнө гэдэг тун хүндрэлтэй. Иргэд холбогдох баримт, өргөдлөө бүрэн бүрдүүлээд албанаас чөлөөлөх хүсэлтээ өгнө. Бид бичиг баримтад үндэслэн хуулийн дагуу авч үзэн, тухайн иргэнийг тус цэрэг татлагаас чөлөөлөх боломжтой байдаг.
2026 оны I ээлжийн цэрэг татлагад татагдсан иргэд хилийн болон дотоодын цэргийн ангид алба хаана. Энэ төрлийн цэргийн байгууллагад алба хаахад давуу талууд бий. Тухайлбал, хилийн цэрэгт татагдсанаар тухайн иргэн эх орныхоо хамгийн үзэсгэлэнтэй газруудад байрладаг застав, отрядуудад дархан хилээ манах үүрэг хүлээнэ. Харин дотоодын цэргийн анги салбарт цэргийн албаа нэр төртэй хаавал улираах урилгыг алба хаагчдад хүргүүлдэг. Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр дотоодын цэрэгт алба хаасан залуус маань халагдана. Тавдугаар сарын 1-ний өдөр хилийн цэрэгт алба хаасан байлдагч нар халагдана. Энэ өдөр албаа сайн хаасан эх орны залуучууд халагдаж, мөн хүсэл эрмэлзэл дүүрэн залуус цэрэгт татагдана” гэлээ.
-
Шударга мэдээ2020/12/02
Бичил бизнес эрхлэгчдэд жилийн 11 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг 24 хүртэл ...
-
Шударга мэдээ2025/10/13
Санхүүгийн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалахад чиглэсэн шинэ шатны хяналт ор...
-
Урлаг спорт2023/10/18
Монголын боксын өсвөр, залуучуудын баг тамирчид Астанаг зорив
-
Шударга мэдээ2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижууллаа
