Үзэл бодол
Г.Гангамөрөн: ЖДҮҮ эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг Япон Улсын зах зээлд борлуулж эхэллээ
- ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИДДЭЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН БУЦАЛТГҮЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ -
Энэ сарын 1-нээс эхлэн Япон Улсын www.sto-ory.com сайтаар дамжуулан нийслэлийн 20 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүн борлуулагдаж эхэлсэн. Энэ талаар болоод жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн дунд нээгдэж буй онцлох боломжуудын тухай Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөнтэй ярилцлаа.
-Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төвөөс сүүлийн үед хийж хэрэгжүүлж байгаа онцлох ажлуудын талаар яриагаа эхэлцгээе.
-Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-аас өнгөрөгч 2021 онд бодлогын шинж чанартай томоохон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Зөвхөн төсвийн хүрээнд хийх ажлуудаас илүүтэй олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллалаа. 15 орчим байгууллагатай санамж бичиг байгуулан ажилласны нэг болох “HIS Mongolia” ХХК-тай хамтран Бичил, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Япон Улсын зах зээлд борлуулах ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ хоёр сарын хугацаанд бэлтгэл ажлаа базаан 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн цахим платформ ашиглан Япон Улсын зах зээлд борлуулалтаа эхэлсэн сайхан мэдээгээр шинэ оноо угтаж байна. Арваннэгдүгээр сард байгуулсан санамж бичгийн хүрээнд есөн дүүргийн 20 гаруй аж ахуй нэгжийн 170 гаруй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг www.sto-ory.com сайтад байршууллаа.
Түүнчлэн Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран нэг тэрбум төгрөгийн санхүүжилттэй тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламжийг олгож эхлэхээр боллоо. Мэдээж олон улсын байгууллагуудын төлөөлөл, мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан баг ажиллан, шалгаруулалт хийсэн. Эхний ээлжид Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн гэр хороололд ажиллаж байгаа, “Ковид 19” цар тахлын нөлөөнд өртсөн, тоног төхөөрөмжийн дэмжлэг зайлшгүй хэрэгцээтэй 33 иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад 10 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Ирэх хоёрдугаар сарын сүүлээр АНУ, Канад улсад зохион байгуулагдах олон улсын үзэсгэлэнд бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг оролцуулахаар төлөвлөөд байна. Германы хамтын ажиллагаа (GIZ)-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хоёрдугаар улиралдаа багтаан тус улсын зах зээлд гаргах тал дээр ажиллаж байгаа. Энэ мэтчилэн БНСУ, БНХАУ-ын зах зээлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, худалдан борлуулах, зах зээлийг нь өргөтгөх боломжуудыг эрэлхийлэн ажиллаж байна.
-Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн Япон Улсын зах зээлд гарч буй сайхан мэдээг дуулгалаа. Цахим платформд хэр өндөр хандалттай худалдааны сайтаар дамжуулан борлуулалтаа хийж байгаа вэ?
-HIS хэмээх Япон Улсын томоохон аялал жуулчлалын компани байдаг. Аялал жуулчлалын салбар дангаараа хөгжихөөс илүүтэй тухайн бүс нутаг, улс орны үндсэн бүтээл, бүтээгдэхүүн үнэ цэнэ нэмж өгдөг. Тухайлбал, Монгол Улсын хувьд өв соёл шингэсэн, өвөрмөц хийцтэй, монгол орны соёл, уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүнүүд их үнэ цэнтэй байдаг. Япон Улсын ард иргэд ч Монголын арьсан эдлэл, монгол шинж чанар бүхий бүтээгдэхүүнүүдэд дуртай байдаг. Тиймээс тус компанийн Монгол дахь салбар болох “HIS Mongolia” ХХК жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Япон Улсын зах зээлд гаргах, цаашилбал олон улсын зах зээлд өрсөлдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тус компани нь аялал жуулчлалын салбарт улсдаа эхний аравт бичигдэх шилдэг компани. Уг компанийн www.sto-ory.com сайтад байршуулсан бараа бүтээгдэхүүн дор хаяж 50 сая хэрэглэгчдэд шууд хүрч байгаа. “HIS Mongolia” ХХК-ийн гүйцэтгэх захирал Харада Осамү “Үүнийг дан ганц Японы зах зээл гэж харж болохгүй ээ. Энэ бол яг Алибаба шиг Японоос үүсэлтэй ч борлуулалт болоод зах зээл нь дэлхийн хэмжээнд үнэлэгдэх юм шүү” хэмээн зүйрлэж байсан.
-Тус сайтад бараа бүтээгдэхүүнээ борлуулж буй 20 гаруй аж ахуй нэгжүүдийг ямар шалгуур үзүүлэлтээр сонгосон бэ?
- Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-ын харьяанд бодлого үйл ажиллагааг нь зангидаж ажилладаг есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв багтдаг. Есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төвөөр дамжуулан иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын хүсэлтийг хүлээн авсан. Хүсэлт гаргасан аж ахуй нэгжүүд бараа бүтээгдэхүүнийхээ түүхий эд, материалыг хаанаас авч байна, эцсийн бүтээгдэхүүнээ хэрхэн яаж боловсруулж байна вэ, олон улсын зах зээлд гаргах чанарыг хангаж байна уу, MNS болон ISO стандартаар үйлдвэрлэж байна уу гэх мэтчилэн тодорхой хэмжээний нөхцөл шаардлагыг тавьж байгаа. Гэхдээ шалгуур гэхээсээ илүүтэй ерөнхий шаардлагыг л хангасан тохиолдолд тус цахим платформд бүтээгдэхүүнийг байрлуулж байгаа. Мэдээж цахим платформ дахь бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн зах зээлээр үнэлэгддэг тул хэрэглэгчид тухайн бараа бүтээгдэхүүнийг сонирхохгүй, хандалт муутай, худалдан авалт хийхгүй бол тодорхой хугацааны дараа цахим платформоос хасагдана. Тиймээс эхний ээлжид хүсэлт илгээсэн бүх аж ахуй нэгжүүдийнхээ бараа бүтээгдэхүүнийг тухайн платформд байршуулж байгаа. Ерөнхий шаардлага хангасан бараа бүтээгдэхүүний зураг авалт, маркетинг, орчуулга зэргийг үнэ төлбөргүй хийн төрийн үйлчилгээг хүргэж байна. Тиймээс үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид маань айж, эмээлгүйгээр бараа бүтээгдэхүүнээ бидэнд танилцуулаарай. Бидний зүгээс ч үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэдээ зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байгаа. Тухайлбал, сав баглаа боодол, бичиглэл, өнгө загварыг сайжруулах тал дээр зөвлөлдөн, сайжруулалт хийсний дараа тус платформд оруулах боломжтой.

-Монголд зарагдаж буй үнэ Японы зах зээлд зарагдах үнэ хэр зөрүүтэй байгаа вэ. Аж ахуй нэгжүүдэд ашигтай байж чадах уу?
-Бид жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэдээ хандан нэг л зүйлийг хэлж байгаа. Та бүхэн өөрсдийнхөө үнэ цэнэ, хөдөлмөрөө шингээн бүтээсэн бараа бүтээгдэхүүндээ хамгийн боломжит дээд үнийн дүнг тогтоогоорой. Үйлдвэрлэгчийн тогтоосон үнийн дүнгээс тухайн цахим платформынхон ямар нэг төлбөр, худалдан борлуулсны хувь хэмжээг суутгахгүй. Харин үйлдвэрлэгчийн тогтоосон үнийн дүн дээр тодорхой хувийн ашгийг л нэмнэ. Тиймээс жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд ямар ч дарамт байхгүй. Тухайн хүн “би бараагаа 100 мянган төгрөгөөр борлуулна” гэхэд уг үнийн дүнгээс ямар нэг төлбөр суутгахгүй гэдгийг л хэлмээр байна.
-10 сая хүртэлх төгрөгийн буцалтгүй тусламжид хэдэн иргэн, аж ахуй нэгж хамрагдаж байна вэ?
-Олон улсын байгууллагуудтай хамтарч байгаа тул тухайн байгууллагуудын нөхцөл шаардлагын дагуу буцалтгүй тусламжид хамрагдахаар хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгжүүдийг сургалтад хамруулсан. Сургалтын явцад хүсэлт гаргасан иргэдээс "Ковид 19"-ийн нөлөөнд хэрхэн өртсөн, цаашид яг оёдлын чиглэлээрээ дунд болон урт хугацаандаа ажиллах уу, ажлын байр бий болгож чадаж байгаа эсэх, ач холбогдолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байгаа юу гэх мэтчилэн олон чиглэлээр үнэлгээ хийсэн. Ийнхүү хамтарсан багийн үнэлгээ гарсны дараа хоёрдугаар шатны шалгаруулалтыг хийсэн. Тус хамтарсан багийн арав гаруй хүн тухайн иргэн, аж ахуй нэгжийн үйлдвэрлэл эрхэлж буй гэр, ажлын байранд очин уулзалт хийсэн. Ингэхдээ бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ ямар технологи ашиглаж байна, хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна зэрэгт нь үнэлгээ өгсөн. Мэдээж эхний шатны сургалтад хамрагдсаны дараах үр дүнг хэмжин, хэр ахиц дэвшил гарсан байна, яг энэ чиглэлээрээ тууштай ажиллах уу, эсвэл зүгээр л буцалтгүй тусламж авах зорилготой байна уу гэх мэтэд үнэлэлт хийн гурван шатны шалгаруулалтаар тодруулсан.
Анх 400 гаруй иргэн, аж ахуй нэгж хүсэлт гарган сургалтад бүртгүүлсэн байдаг. Гэтэл бүртгүүлсэн 400 гаруй хүний 1/3 хувь нь л сургалтад бүтэн хамрагдсан. Хоёр дахь шатны шалгаруулалтаар дахин 20-30 хувь нь хасагдсан байна. Ийнхүү эхний ээлжид 10 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламж хүссэн 33 хүнийг шалгарууллаа. Хил гаалийн асуудлаас болоод тоног төхөөрөмжөө шууд өгөх боломжгүй байгаа. Хилийн асуудал шийдэгдэн, тоног төхөөрөмж ирэхэд тухайн иргэдэд гардуулан өгнө.
-Сар шинийн баяр бол жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд маш чухал шүү дээ. Энэ үед танай байгууллагаас ямар үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?
-Засгийн газраас Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалга гаргасан. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэх хэдий ч ард иргэд маань тодорхой хэмжээний бэлтгэл базаах болов уу. Тиймээс бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид буюу үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг уламжлалт болон цахим үзэсгэлэн худалдаагаар борлуулахаар төлөвлөөд байна. Мэдээж үзэсгэлэн худалдааг “Ковид 19”-ийн нөлөөллөөс шалтгаалан урт хугацаанд зохион байгуулах боломжгүй. Тиймээс богино хугацаанд хэд хэдэн худалдааны төвүүдтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн цахим хэлбэрээр ч зохион байгуулна. Хүн бүр үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнээр баярын ширээгээ засах, бэлэг сэлтээ бэлтгэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
-Танд баярлалаа
Үзэл бодол
Ж.Дуламсүрэн: Махны үнийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махны борлуулалтыг өнгөрсөн жилээс эрт эхлүүлж байна
Нийслэлийн есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг жижиглэн хэлбэрээр худалдаалж эхэллээ. Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан УБЗАА-аас энэ жил нийт 5000 тонн мах нөөцлөн бэлтгэсэн. Үүнээс 2000 гаруй тонн нь үхэр, 3000 тонн нь хонины мах байна. Үнийн хувьд хонины махыг 13 мянган төгрөг, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулж байна.
Өмнөх жилүүдэд нөөцийн махны худалдааг гуравдугаар сараас эхлүүлдэг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнийн хөөргөдөл ихэссэн тул борлуулалтыг эрт эхлүүлсэн. Өнөөдөр бид Хан-Уул дүүрэгт нөөцийн мах худалдаалж буй дэлгүүрт ажиллаж байна. Тус дүүрэгт өнөөдрийн байдлаар 20 гаруй тонн мах нийлүүлсэн бөгөөд борлуулалт сайн байна. Мөн махны харьцаанд анхаарч байгаа. Тухайлбал, үхрийн маханд нуруу, гуяны цул, хавирга, харин хонины маханд сүүл, хаа, булчин мах, гуяны цул зэргийг багтааж, савласан.
Түүнчлэн зарим иргэдийн дунд нөөцийн махыг зуны улиралд бэлтгээд өвөл худалдаанд гаргадаг, удаан хугацаанд хадгалсан мах муу гэсэн ойлголт байдаг. Харин бид үйлдвэрийн аргаар, стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг сонгон бэлтгэсэн. Эдгээр есөн аж ахуйн нэгж өнгөрсөн оны 11–12 дугаар сард бэлтгэсэн махаа өнөөдөр худалдаанд гаргаж байгаа бөгөөд хадгалалтын хугацаа, чанарын шаардлагыг бүрэн хангасан шинэ мах юм” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Үзэл бодол
Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ
Засгийн газрын 2026 оны бодлого, зорилтоо танилцуулж, орон нутагтайгаа нэг чиглэл, нэг ойлголттой ажиллах зорилго бүхий Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт Төрийн ордонд болж байна.
Засгийн газрын бодлогыг хөрсөнд буулгаж, иргэдэд хүргэдэг хүмүүс бол орон нутгийн удирдлагууд юм.
Тиймээс Ерөнхий сайд Засгийн газраас баримталж байгаа бодлого, шинэчлэлийн талаар “Нэг монгол- Нэг зүг, Цэгцрэх хөдөлгөөн” илтгэлдээ дэлгэрэнгүй танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Засгийн газар хагас жилийн өмнө байгуулагдахдаа улс орны өмнө тулгамдсан олон асуудалтай нүүр тулсан.
Төрийн чадамж суларч, иргэд төрдөө итгэх итгэл алдарч, эдийн засгийн өсөлт хоёр дахин унаж 2.6 хувь болж, гадаад валютын нөөц огцом буурч, долларын ханш огцом өсч, үнийн өсөлт 15 хувийг давж өсөх, төсвийн орлого 3.3 их наядаар тасрах бодит эрсдэлтэй үед ажиллаж эхэлсэн. Ард түмний эзэмшлийн компанид хулгай, луйвар нүүрлэсэн. Төрд цэгцлэх ажил, цэгцрэх хөдөлгөөн нэхэгдэж байсан цаг үе гэдгийг Ерөнхий сайд “Нэг монгол- Нэг зүг, Цэгцрэх хөдөлгөөн” илтгэлийнхээ өмнө хэллээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д 7 дугаар сараас 3 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, нүүрсний олборлолт, борлуулалтыг 1.6 дахин өсгөж, улсын гадаад валютын нөөц ердөө гурав, дөрөвхөн сарын дотор 2 тэрбум ам.доллароор нэмэгдэж, эдийн засгаа сэргээж чадлаа. Төсвийн сахилга бат, эмх цэгц, гадаад худалдааны бодлого зөв чиглэлд орж эхэлмэгц бодит үр дүн эхнээсээ харагдаж эхэлсэн. Сэхэл авч сэргэсэн эдийн засгийг цаашид зөв залуурдах шаардлагатай. Үүний тулд ард түмэндээ ШИНЭ ИТГЭЛ төрүүлж, засаглалын ЭРС ШИНЭТГЭЛ хийх бодлогын зорилтыг Засгийн газраас дэвшүүлж байгаа юм. УИХ-аар 2026-2030 онд улс орноо хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлуулсан. Улс орныг бүхэлд нь цэгцлэх найман үндсэн чиглэл нь
-Хүний хөгжлийн шинэтгэл
-Эдийн засгийн бүтцийн шинэтгэл
-Үнэт зүйл, нийгмийн хөгжлийн шинэтгэл
-Байгаль орчин, ногоон хөгжлийн шинэтгэл
-Засаглал, цахим хөгжлийн шинэтгэл
-Үндэсний өрсөлдөх чадварын шинэтгэл
-Бүсийн хөгжлийн шинэтгэл
-Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюуны шинэтгэл юм гэлээ.

Мөн эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх “Цэгцрэх 300 хоногийн төлөвлөгөө”-г баталж, оны эхнээс хэрэгжүүлсэн. Энэ 300 хоногт эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх, Үндэсний баялгийн сангийн хуримтлал ба зарцуулалтыг бодитоор эхлүүлэх, баялгийн шударга хуваарилалтыг ажил болгоход орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллах ёстой. Төр өөрөө эмхлэгдэж, цэгцэрч байж л энэ боломж бодит хөгжил болно гэлээ.
2025 оны тайлан, 2026 оны зорилт, таван жилийн бодлого, зорилтын талаар Ерөнхий сайд илтгэлдээ дэлгэрэнгүй танилцуулаад “Эдийн засаг өсөхийн тулд зөвхөн бизнес чөлөөтэй байх нь хангалтгүй. Төр өөрөө эмх цэгцтэй, хэмнэлттэй, хариуцлагатай, хяналтын дор байх ёстой. Тиймээс төлөвлөгөөний дараагийн том багц нь төрийг дотроос нь цэгцлэх реформ юм. Энэ хүрээнд хуульд нийцэхгүй, хүнд суртал, чирэгдэл үүсгэж байгаа 1,000 гаруй журам, дүрмийг цуцална гэлээ.
Аймаг, орон нутгийн удирдлагууд амьдралд, иргэддээ ойр ажиллахыг Ерөнхий сайд зөвлөөд, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж ажиллахыг анхаарлууллаа.
Орон нутгийн удирдлагуудаас удаа дараа тавьж байгаа зарим асуудлын талаар Ерөнхий сайд байр сууриа илэрхийллээ.

Төсвийн хэмнэлтийг орон нутагтаа захиран зарцуулах эрхийг олгох, Улаанбаатараас асуудлыг шийдэх шаардлагагүй агентлагуудыг эрх мэдлийн төвлөрөл үүсгээд байгаа хуулиуддаа өөрчлөлт оруулж, орон нутагт эрх мэдлийг олгохыг салбарын сайд нарт даалгажээ. Татварын давуулан биелүүлсэн орлогыг Сангийн яамнаас хааж орон нутгийн төсвийн бие даасан байдалд нөлөөдөг байдлыг зогсоох хэрэгтэй. Орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг баталгаажуулах хууль эрх зүйн тогтолцоо бүрдүүлэхийн төлөө ажиллана гэсэн юм.
Сум хөгжүүлэх санг Хоршоог дэмжих санд нэгтгэж жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хөнгөлөлтэй зээл олгох боломжийг хаасан асуудлыг судалж, холбогдох журамд өөрчлөлт оруулна. Засгийн газар байгуулагдсан хугацаанаас хойш Газрын тухай хуульд өөрчлөлт оруулж сум, орон нутгийн иргэдийн өмчлөлийн газар, малчдын өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдэхийг үүрэг болгосон ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Тийм учраас энэ асуудлыг яаралтай шийдэх шаардлагатайг анхаарууллаа.
Ерөнхий сайд илтгэлийнхээ төгсгөлд “2026 он бол Шинэ итгэл, эрс шинэтгэл, бодит өөрчлөлтийн жил байх болно. Биднээс илүү хариуцлага, илүү бодит үр дүн шаардаж байна. Засгийн газар үндэсний баялгийг өсгөн арвижуулж, “Баялагтаа эзэн Монгол” эрхэм зорилгыг үгээр бус үйл хэргээр, амлалтаар бус ажлын үр дүнгээр нотлон харуулж ажиллана гэлээ.

Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт үргэлжилж байна. Энэхүү уулзалт Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, 2026 оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам болон аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын баримталж ажиллах чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгч, Засгийн газрын гишүүд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай гэрээ байгуулна.







Үзэл бодол
Ч.Хувьзаяа: AI системд нэвтэрснээс хойш эгнээ байр буруу эзэлсэн зөрчил гэхэд л 81 хувиар буурсан
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн билээ. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг таньж, тухайн жолоочид зөрчлийн мэдээллийг илгээх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл ирэх оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөнийг бүрэн АI системээр хянах ажлыг эхлүүлнэ. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Ч.Хувьзаяагаас тодрууллаа.
-Замын хөдөлгөөнийг AI системээр хянах, зохицуулах ажлыг багагүй хугацаанд хэрэгжүүлж байна. Ямар тохиолдолд AI системийг ашиглаж байна вэ?
-Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц болон замд 2600 гаруй хяналтын камерыг хиймэл оюун ухаанд суурилсан системд холбож, шинээр суурилуулсан. Тус камерын системийн тусламжтайгаар автозамын хөдөлгөөн, түгжрэл ачааллын шалтгаан нөхцөлийг цаг алдалгүй мэдэж, холбогдох хариу арга хэмжээ авч ажиллаж байна.
-Зөвхөн жолооч нарыг торгоход л AI ашиглаж байна гэсэн ойлголт олон нийтийн дунд үүсээд байсан. Тэгэхээр замын хөдөлгөөний бүхий л зохицуулалтад технологийн дэвшил ашиглаж байгаа юм байна. Тийм үү?
-Тэгэлгүй яахав. Нийслэлийн замын хөдөлгөөний эрчим, зорчилт хөдөлгөөний тооллогыг бодит цагаар авч, хөдөлгөөн зохицуулах, гэрлэн дохионд оновчтой зохицуулалт хийх, цаашлаад тээврийн ухаалаг систем /ITS/-ийг нэвтрүүлэхэд шаардлагатай суурь дата өгөгдлийг цуглуулахад ашиглаж байна. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилготой хэрэгжүүлж байна.
-Тодорхой үр дүн гарсан уу?
-Дээрх ажлын хүрээнд жолооч нарт Замын хөдөлгөөний ямар дүрмийг, хаана, хэрхэн зөрчсөн талаарх мэдээллийг зургаар баталгаажуулж, холбоос линк байдлаар энэ оны 2-р сарын 05-ны өдрөөс 12-р сарын 15-ны өдрийг дуустал "Таны ****УАН дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь хиймэл оюун ухааны нэгдсэн бүртгэлд бүртгэгдлээ" гэсэн утгатай сануулах мессежийг илгээж ажилласан. Ингэснээр хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын зөрчлийн тоо эрс багассаныг дараах тоон үзүүлэлтээс харж болно. Эгнээ байр буруу эзэлсэн зөрчил гэхэд 81 хувиар буурсан.
- 7-р сард-4.406.206
- 10-р сард-2.493.478
- 11-р сард 1.846.544 болж 81 хувиар буурсан байна. Мөн зогсох шугам давж зогссон зөрчил 7-р сард 335.800 байсан бол 11-р сард 166.455 болж буурсан, хуурамч дугаартай 587 авто машин илрүүлж зөрчлийг арилгуулсан байна. Энэ бол тодорхой үр дүн.
-Түгжрэлийг бууруулахад хэрхэн нөлөөлсөн байна?
-Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөр уулзвар, гудамж, замуудад түгжрэл, ачаалал үүсгэдэг байдал эрс буурч уулзварын нэвтрүүлэх чадвар тухайн чиглэлдээ 20 хүртэл хувиар сайжраад байна. Жолооч уулзвар нэвтрэхийн өмнө тухайн явах чиглэлийн эгнээгээ эзэлсэн байх ёстой. Гэтэл жолооч нар уулзварт дөхөж ирэнгүүтээ эгнээ байраа сольдог нь тухайн уулзвараар зөвшөөрсөн гэрэл дохиогоор нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг удаашруулах, цаашлаад уулзвар орчимд осол гарч түгжрэл ачааллыг бий болгодог байсан үзэгдэл эрс багасаад байна.
-Ирэх он буюу 2026 оны 1-р сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөний зөрчлийг AI-аар бүрэн илрүүлж, жолооч нарт торгууль ногдуулна гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Бүрэн AI-д шилжлээ гээд жолооч нарыг хуйгаар нь торгоно гэсэн үг биш. Жолооч та замын хөдөлгөөний дүрмээ бариад л явчих. Тэгвэл мэдээж торгохгүй шүү дээ. Замын хөдөлгөөний зохицуулалтыг технологийн дэвшилд бүрэн оруулж байгаа л хэлбэр. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд 2025 оны 7-р сарын 09-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх автоматжуулсан системийг оруулж өгсөн бөгөөд тус систем нь замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг таньж, жолоочийн үйлдлийг замын хөдөлгөөний дүрмийн заалттай тулган шалгаж, эрх бүхий албан тушаалтны цахим гарын үсгээр баталгаажуулах ажиллагааг 2026 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ дагуу л хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Хэдийгээр жолооч нарын дүрэм зөрчих байдал эрс буурч байгаа ч гэсэн зарим төрлийн зөрчлүүд хэвээр байна. Тухайлбал, зогс шугам давж явган хүний гарц дээр зогсох, гэрэл дохио зөрчих нь явган зорчигч болон хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг алдагдуулах, тэнцвэртэй зорчилтыг бий болгож түгжрэл ачааллыг бууруулах, уулварын нэвтрүүлэх чадварт сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн Улаанбаатар хотын авто замын чадамжийг бүрэн ашиглахын тулд үргэлжилсэн цагаан зураас давах, урсгал сөрөх, түр зогсох хориотой газар удаан хугацаагаар машинаа байршуулах, чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр зогсох болон эгнээгээр явах зэрэг зөрчлүүдэд зайлшгүй хариуцлага тооцох шаардлагатай байна.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
-
Үзэл бодол2025/05/20
С.Эрдэнэболд: Парламент хүний эрхийг тогтолцооны төв болгохоор ажиллаж байна
-
Цаг үе2023/03/24
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
-
Цаг үе2023/10/20
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
-
Улстөр нийгэм2021/09/15
Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
