Цаг үе
Суварга хайрхан ууланд холбогдох түүх, шашин, соёлын судалгааны үр дүнг хэлэлцлээ

Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Төрийн тахилгат Суварга хайрхан ууланд холбогдох түүх, шашин, соёлын судалгааны үр дүнтэй холбоотой эрдэм шинжилгээний бага хурал тус аймагт боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт “Уул ус, овоо тахилга, уламжлалт зан үйлд хүндэтгэлтэй хандаж, төрийн тахилгат хайрхнууд, үндэсний бахархалт зүйлсийг дээдлэн хамгаалах…”-аар тусгасан.
Энэ дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан судалгааны баг Суварга хайрхан уулын тайлга тахилгын уламжлал, шинэчлэл, зан үйл болон байгаль, газар зүйн онцлог зэргийг судлах, уулын тэнгэрийг тайх тахилгын ёслолын дэг, ёслол үйлдэх хуваарийг шинэчлэх эсэх талаар санал боловсруулжээ.
Суварга хайрхан уулыг нутгийн иргэдийн санал, хүсэлт зэргийг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 183 дугаар зарлигаар Төрийн тахилгатай болгосноос хойш гурван удаа тахиад байна.
Монгол төрөөс ард түмний дунд хадгалагдан үлдсэн байгальд ээлтэй зан үйл, дэг ёс, аргуудыг нээн илрүүлэх, судлах, сурталчлан таниулахад анхаарч байгаагийн нэг илрэл нь уул хайрхдын тэнгэрийг тайх ёслол юм.
Өнөөдрийн байдлаар Төрийн тахилгат 12 хайрхан уулыг таван жил тутам тахиж байна.
Цаашид төрийн ёслолыг уламжлалт зан үйлийн дагуу үйлдэхэд анхаарч, бүх хайрхан ууланд үе шаттай судалгаа хийх юм.
Цаг үе
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алдсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Цаг үе
Баяр наадмаар 171 байцаагч хяналт шалгалт хийнэ
Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хамтран баяр наадмын өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, Хүнс хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газрын хяналтын 171 улсын байцаагч өнгөрөгч зургадугаар сарын 30-ны өдрөөс энэ сарын 15-ны өдрийг хүртэл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж хамтран гүйцэтгэж байна.
Хяналт шалгалтад улсын болон аймгийн баяр наадмын үеэр хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэд, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хамруулж, гарч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг авч ажиллахаар болсон.
Цаг үе
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.