Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
Аргын тооллын 2023 оны хоёрдугаар сарын 13. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 23. Сумъяа гараг. Хонгорцог одтой, найман цагаан мэнгэтэйхар бар өдөр.
Өдрийн наран 8 цаг 03 минутад мандан, 18 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
Цаг үе
ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны нийлүүлэлтийг 2026 онд тасралтгүй, тогтвортой явуулахаар тохиролцов
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзаж, газрын тосны бүтээгдэхүүнийг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх асуудалд гарсан бэрхшээлийг хэрхэн шийдэх талаар санал тавьж харилцан тохиролцлоо.
Уулзалтаар шатахуун нийлүүлэлтийн явцад өмнө нь гарч байсан хүндрэлийг давтахгүй байх, 2026 онд нийлүүлэлтийг хэрхэн тогтвортой хангах талаар ажил хэргийн саналуудыг хэлэлцэж, цаашдын төлөвлөлт, уялдаа холбоог хангах ажлыг 2 яамны зүгээс онлайн хэлбэрээр тогтмол зохион байгуулж шуурхай шийдвэрлэж байхаар ярьж тохирлоо.
ОХУ-ын талаас 2026 онд Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээг хэвийн төвшинд, тасралтгүй нийлүүлэх боломжтой бөгөөд өөрийн экспортлогч ААН-дийн төлөвлөгөөнд Монголын ААН-дийн захиалгыг эрт оруулж төлөвлөх боломжоор ханган нийлүүлэлтийг хэвийн байлгах боломжтой гэдгээ илэрхийллээ.
Мөн ОХУ-ын нутаг дэвсгэрт, Монгол Улсын хилтэй ойр бүсэд шатахууны агуулахыг манай дотоодод хадгалах савны нөөц бүрдтэл түр хугацаанд түрээслэн нөөц бүрдүүлэх тал дээр хамтарч ажиллах, цаашид ОХУ-ын үйлдвэрүүдээс ачигдахаас эхлэн Монгол Улсад хэрэглэгчийн машинд цэнэглэгдэх хүртэлх бүх процессыг удирдан шийдэх удирдлага, зохион байгуулалтын нэгдсэн “эко систем”-ийг хамтран бий болгох боломжийг судалж, холбогдох шийдвэр гаргах талаар ярилцав.
Сайд Г. Дамдинням сүүлийн саруудад үүссэн шатахуун хомстолыг даван гарахад хамтран ажиллаж тус яамны зүгээс шуурхай удирдлагаар дэмжлэг үзүүлж байсанд талархал илэрхийлэв. ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв Монгол Улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүнийг цаашид тогтвортой нийлүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж, бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтад “Газпром”, “Роснефть”, "Нефтьхимисервис", "Татнефть", "Оросын төмөр зам" зэрэг компаниудын төлөөлөл болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцов.
Цаг үе
Өвөлжилтийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ
"Хүмүүнлэгийн баг"-ийн ээлжит хуралдаанаар өвөлжилтийн нөхцөл байдал, ойрын хугацааны цаг агаарын урьдчилсан төлөв, өвөлжилт, хаваржилт хүндэрснээс үүдэн гарах зудын эрсдэлийн талаар хэлэлцлээ.
Хурлыг УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, НҮБ-ын Суурин зохицуулагч Яаап Вэн Хайердэн нар хамтран удирдсан юм.
Хурандаа Т.Баярхүү хурлыг нээж хэлсэн үгэндээ "Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал цаашид хүндрэх магадлалтай байна. Тиймээс эрсдэлийг бодитоор үнэлэх, мэдээллийг цаг алдалгүй солилцох нь хүмүүнлэгийн хариу арга хэмжээг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт, агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн хийсэн үнэлгээгээр 9 аймгийн 36 сум цагаан зудтай, 16 аймгийн 54 сум цагаанаар зудархуу байна" гэлээ.

Хуралдаанд оролцогчид энэ үеэр цаг үеийн нөхцөл байдлын бодитой, шуурхай мэдээлэл нь хүмүүнлэгийн шийдвэр гаргалтын үндэс болохыг тэмдэглээд, төр, олон улсын байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Өвөлжилт хүндэрч, ялангуяа хаврын улиралд мал төллөх үеэр эрсдэл нэмэгдэх хандлагатай байгааг харгалзан олон улсын байгууллагууд нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, шаардлагатай тохиолдолд хүмүүнлэгийн дэмжлэгийг нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Цаг үе
А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр тэргүүтэй холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Партизан, Гурав-61-ийн гарам, тус дүүргийн 32 дугаар хороо Эмээлт, Сонсголонгийн уулзвар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхрын замд ажиллалаа.

НИТХ-ын дарга А.Баяр “Дээрх замуудад жолооч хурд хэтрүүлсний улмаас осол аваар ихээр гардаг. Тиймээс аюул эрсдэлтэй хар цэгүүдэд дундаж хурдны стандартыг батлан мөрдүүлэх, замын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, агшин зуурын хурд хэмжигч, цацруулагч байршуулах, камержуулалтыг сайжруулах, явган хүний зам, хайс хийх зэрэг ажлыг яаралтай хамтран хэрэгжүүлэхийг Замын цагдаагийн газрын дарга С.Галбадрах, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоо, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Зоригт, ЗХУТ-ийн хэлтсийн дарга Н.Намуу, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул нарт үүрэг болголоо.
2025 оны байдлаар Партизан орчмын замд долоон хүн, Эмээлтийн замд 9, Моносын уулзвар буюу Сонсголонгийн замд найман хүн зам тээврийн ослын улмаас нас барсан харамсалтай тоог Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Зоригт хэллээ. НИТХ-ын дарга А.Баяр “2026 онд зам тээврийн осол, эндэгдлийг бууруулахад онцгой анхаарч ажиллах болно” гэдгийг онцлоод Баянзүрх дүүргийн XI хороо, Хонхрын замын нөхцөл байдалтай танилцлаа.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ “Налайх, Хонхрын зам бол зүүн аймгийг Улаанбаатартай холбож байгаа гол зам. Энэ замд өнгөрсөн онд гурван хүн нас барж, 15 хүн бэртэж гэмтсэн. Бид Хонхрын замд 24 цагийн хяналтыг Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар, Экологийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулдаг. Энэ замд дундаж хурд хэмжигч буюу агшин зуурын хурд хэмжигч байршуулах зайлшгүй шаардлагатай. Агшин зуурын хурд хэмжигч байршуулснаар зам тээврийн ноцтой осол гарахаас сэргийлж чадна” гэв.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
-
Цаг үе2021/10/04
Улсын хоёрдугаар төв эмнэлэг дэргэдээ хүүхдийн цэцэрлэгтэй боллоо
-
Улстөр нийгэм2022/05/05
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам энэ оны 7 дугаар сард ашиглалтад ор...
-
Цаг үе2023/04/27
Нийгмийн салбарын нэгдсэн өдөрлөгийн үеэр зөвлөгөө, үйлчилгээг нэг дороос авах б...
-
Улстөр нийгэм2025/11/19
Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүнлэгийн салба...
