Цаг үе
Улсын гуравдугаар төв эмнэлэг Америкийн эмч нартай хамтран ажиллаж байна

Улсын гуравдугаар төв эмнэлэг АНУ-ын “ВИРТУ” сантай 2014 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны гэрээний хүрээнд энэ сарын 14-28-нд тус сангийн шугамаар АНУ-ын Гэгээн Барнабасын Гэмтлийн төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч мэдрэлийн мэс засалч Реза Яссари тэргүүтэй тархи, нуруу, нугасны мэс заслын зочин профессорын баг ажиллаж байна.
Америк эмч нарын баг тус эмнэлэгт ажиллах хугацаандаа гадаад улсад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай 30 гаруй өвчтөнд нарийвчилсан үзлэг оношлогоо хийж, эпилепсийн эмгэг голомт авах зэрэг тархи, нурууны мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг тус эмнэлгийн мэдрэлийн мэс заслын багтай хамтран хийж байна.
Мөн ажлын байрны болон танхим хосолсон сургалтуудыг хамтран зохион байгуулж, тус эмнэлгийн мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулан бэхжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна.
Энэ удаагийн зочин профессорын багт эпилепсийн эмгэгийн үеийн сэтгэл зүйч эмч ирсэн бөгөөд эпилепсийн эмчилгээ хийлгэж буй эмчлүүлэгч, тэдгээрийн ар гэрийн хүмүүст сэтгэл зүйн тусламж үзүүлэхэд эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах юм.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 16-ны Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Цаг үе
Өнөр хорооллын ус тогтдог хэсгүүдэд инженерийн иж бүрэн шугам угсарч, авто зам тавина
НЗДТГ болон Дэлхийн банк хамтран "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд Өнөр хорооллын арын 2.7 км авто зам, Баянхошуу буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг цогц, гудамж замын жишиг байдлаар өргөтгөн шинэчлэх ажил эхэллээ. Өнөр хорооллын арын замд борооны ус ихээр тогтдог учраас газар доогуур иж бүрэн ус зайлуулах шугам хоолой тавих бөгөөд өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил үргэлжилж байна.
Энэ талаар "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийн зохицуулагч Х.Булгаагаас тодрууллаа. Тэрбээр "Эдгээр замын зураг төслийг Финланд улсын Финнок компани Монгол Улсад анх удаа жишиг байдлаар гаргаж боловсруулсан. Өнөр хороолол, Баянхошуу орчмын тухайн бүс нь сургууль, цэцэрлэг олонтой суурьшлын бүс. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх төрлийн оролцогчийн аюулгүй байдлыг хангасан цогц, гудамж замын жишиг байдлаар бүтээн байгуулалтыг хийх юм. Өөрөөр хэлбэл, замын ердийн шинэчлэлээс илүү нийтийн тээвэр, явган зам, унадаг дугуйн зам, ногоон байгууламжийг авто замтай нь иж бүрэн шинэчлэх онцлогтой” гэдгийг хэлэв.
Мөн явган хүний гүүрэн гарц, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч бүхий гарц зэрэг нэмэлт тоноглолуудыг хийнэ. Дээрх замуудад ус ихээр тогтдог хэсгүүд байгаа учраас иж бүрэн ус зайлуулах системийг ч шийднэ. Ингэснээр уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг хангахаар төлөвлөжээ. Өнөр хорооллын арын зам, Геологийн төв лабораториос Баянхошуу, Баруунсалааны салдаг уулзвар хүртэлх уг авто замуудыг Монгол Улсдаа жишиг байдлаар шинэчилснээр түгжрэлийг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлэх юм.
Цаг үе
Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 6 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Дундговь аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв зэрэг байгууллага, албан тушаалтанд зөвлөмж хүргүүлэв.
Төрийн байгууллагын үзүүлж буй үйлчилгээнд хүнд суртал, чирэгдэл учруулсан байж болзошгүй дүрэм, журам, шийдвэрийг хянах ажлын хүрээнд “Авто зам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журам”, “Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам”, “Төлбөртэй тусламж үйлчилгээний журам” зэрэг журмыг тус тус хянав.
Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг сургалтад 9 байгууллагын 1332 албан тушаалтныг хамруулав.