Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Лавлагаа шатлалын эмнэлгүүдийн мэдээллийг сонслоо

Огноо:

,

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг өнөөдөр (2024.12.23) хуралдаж, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн мэдээллийг сонслоо.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганмаа улсын болон дүүргийн эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үнэлгээ дүгнэлт болон эрүүл мэндийн салбарын тогтолцоо, хүний нөөц, шинээр нэвтэрч буй технологи, санхүүжилт, засаглалын талаар мэдээлэл сонсохоор төлөвлөснийг хуралдааны эхэнд танилцуулсан юм.

Хуралдаанд П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн захирал, доктор, профессор Ц.Төмөр-Очир, Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн захирал, клиникийн профессор Ц.Уранчимэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн захирал, доктор, профессор Ж.Отгонбаатар, Цэргийн төв эмнэлгийн захирал, хурандаа Б.Энх-Од, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга, клиникийн профессор Ч.Өнөрсайхан, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга, Монгол Улсын Хүний гавьяат эмч М.Чимгээ нар мэдээлэл хийлээ.
III эмнэлэг улсын хэмжээнд зүрх судасны мэс засал, мэдрэлийн болон зүрх, тархины судсан дотуурх оношилгоо эмчилгээ, тархины харвалт, зүрхний шигдээсийг эмчлэх хамгийн өндөр ачааллыг авч ажилладаг бөгөөд Эрүүл мэндийн яамны харьяанд Төлөөлөн удирдах зөвлөлийн удирдлагад ажиллаж байна. Нийт 810 ажилтантай бөгөөд үүний 191 нь эмч, эм зүйч, 376 нь сувилагч, тусгай мэргэжилтнүүд байна. Тус эмнэлэг Монгол Улсад хараахан бие даан хийх боломжгүй нарийн ур чадвар шаардсан, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээг нэвтрүүлэх, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр хийж гүйцэтгэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж буй юм. Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны үр дүнд тус эмнэлгийн төсөв сүүлийн гурван жилд 3.3 дахин нэмэгдсэн ч 2024 онд 19.2 дахин буурчээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт бүрэн хийгдэхгүй байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээ, түүний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлж байгааг доктор, профессор Ц.Төмөр-Очир танилцуулав.
Арьсны өвчин судлалын Үндэсний төв Монгол Улсын хэмжээнд арьс, харшил, эмчилгээний гоо заслын чиглэлээр нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж буй лавлагаа шатны төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг юм. Арьсны төрөл бүрийн өвчлөл, харшлын үр дүнтэй эмчилгээнүүдийг нэвтрүүлэхийн зэрэгцээ тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд арьсны хортой, хоргүй хавдрыг авах мэс заслын аргууд, хэт авианы оношилгоог шинээр хийж, мөн харшлын паспортыг хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Улсын хэмжээнд арьс, харшлын тусламж үйлчилгээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын энэ талаарх чадавхыг сайжруулахад анхаарал хандуулж байгаа хэмээн тус эмнэлгийн захирал, клиникийн профессор Ц.Уранчимэг мэдээллээ.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвд хамгийн тулгамдаж байгаа асуудал бол хүний нөөц, тэр дундаа сувилагч нэн дутагдалтай байгааг доктор, профессор Ж.Отгонбаатар онцолсон юм. Нийт 1145 ажилтантай тус эмнэлэгт 240 эмч, 295 сувилагч ажиллаж байна. Эх барих, эмэгтэйчүүд болон хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрхэлдэг тус төвд Засгийн газрын 2023 оны 419 дүгээр тогтоолын дагуу 13, Олон улсын магадлан итгэмжлэл (JCI)-д хамрагдах хүрээнд 20, нийт 33 үйлчлүүлэгчийн тусламж, үйлчилгээ авч буй процессын судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнд эмчилгээ, үйлчилгээг чиг үүрэг, тасаг нэгжээр хуваагдсан байдлаар бус, үйлчлүүлэгчийн авч буй тусламж, үйлчилгээний нийт процессын түвшинд авч үзэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан тухай доктор, профессор Ж.Отгонбаатар ярив.
Цэргийн төв эмнэлэг улсын хэмжээнд галт зэвсгийн болон хүйтэн зэвсгийн гэмтэл, эм, химийн бодисын хурц хордлогын эмчилгээ, үйлчилгээг хариуцахын зэрэгцээ Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, ахмад настнууд, тэдгээрийн ар гэрт үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, мөн Баянзүрх дүүргийн мэс заслын тусламж үйлчилгээг хариуцдаг байна. Энэ талаар тус эмнэлгийн ерөнхий эмч, хурандаа Б.Энх-Од танилцуулаад, Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг, цэргийн анги гэдгийг тодотгов. Нийт 346 ажилтан, алба хаагчийн 174 нь их эмч, 278 нь сувилагч ажээ. Эмнэлэг нийтдээ 570 ортой бөгөөд энэ сарын 10-ны байдлаар ор/хоногийн гүйцэтгэл 74.7 хувьтай байгаа гэв. Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаггүй тул тус салбарын бодлогын зохицуулалт, түүнд оруулж буй өөрчлөлт зэрэг асуудлаар саналаа өгч чаддаггүй гэдгийг хурандаа Б.Энх-Од дурдлаа.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв Өнөр хороолол болон Баянхошуу бүсийн 150 мянга, түр оршин сууж буй 25 мянга орчим хүн амд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэхийн зэргэцээ нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, мөн дүүргийн 43 хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тус төв ЭМДЕГ-тай 176 оношийн хамааралтай бүлгээр гэрээ байгуулж, гүйцэтгэлийн дагуу 14.8 тэрбум төгрөгийн санхүүжилт нэхэмжилсэн боловч анхан шатны маягт гүйцэд хөтлөөгүй гэсэн шалтгаанаар 1.3 тэрбум төгрөгийг эх олонлогийн хасагдлаар хассан тухай төвийн дарга, клиникийн профессор Ч.Өнөрсайхан ярив. Тэрбээр цэргийн албанд татагдах насны залуусын эрүүл мэндийн байдал тааруу байгааг анхааруулж, салбарын хэмжээнд хүний нөөц дутагдалтай байгаа, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг бодитой болгох, эмнэлзүйн стандарт, заавар, удирдамжийг үе шаттайгаар шинэчлэх шаардлага байгааг тэмдэглэв.
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг бол 2004 оноос “удирдлагын гэрээгээр” ажиллаж буй цорын ганц эмнэлэг юм. Монгол хүний нас баралтын гол гурван шалтгааны нэгдүгээрт төрөл бүрийн хавдар, хоёрдугаарт амьсгалын замын өвчлөл буюу хатгаа, гуравдугаарт архины хордлого орж байгааг Хүний гавьяат эмч М.Чимгээ танилцуулгадаа онцолж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад юуны өмнө эмийн хангалт, сонголтыг зөв, оновчтой хийх нь чухал болохыг дурдсан юм. Тэрбээр эмнэлгийнхээ үйлчилгээ, менежментээр жишээлэн тоног төхөөрөмжийн хангалт, хүний нөөцийн зохистой бодлого хэрэгжүүлсний үр дүнг танилцуулж, салбарын хэмжээнд эмчилгээ, үйлчилгээний өртгийг бодитой тогтоох, боловсон хүчний, тэр дундаа сувилахуйн мэргэжилтнүүдийн гадагшлах урсгалыг сааруулах шаардлагатайг анхаарах нь зүйтэй гэлээ.
Лавлагаа шатлалын эмнэлгүүдийн өнөөгийн нөхцөл байдлын талаах мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Бейсен, Ж.Чинбүрэн, Д.Батлут, Г.Очирбат нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд эмнэлгүүдийн удирдлага, менежментийг сайжруулах, гүйцэтгэлээс илүү гарсан нөөцөө захирах эрхтэй болгох, эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, ажлын ачаалал болон санхүүжилтийг оновчтой болгож, салбарын удирдлагын тогтолцоог шинэчлэх зэрэг олон асуудлыг хөндсөн юм. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, түүний тогтолцоо, засаглал, санхүүжилтийн асуудлыг илүү нарийвчлан судлах шаардлагатайг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганмаа тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав

Огноо:

,

Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөт 23, төлөвлөгөөт бус 48 удаагийн хяналт шалгалт зохион байгууллаа.

Зөрчилд холбогдсон 8627 гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, 27 аж ахуйн нэгж, байгууллагад зөрчил арилгах талаар албан шаардлага хүргүүлэв.

Зөрчил гаргасан гадаадын иргэдийн 91.1 хувь нь уригч байгууллагаар, 8.6 хувь нь уригч иргэнээр, 0.2 хувь нь хувь хүнээр зөрчилд холбогдсон байна. Зөрчлийг төрлөөр нь авч үзвэл, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх зөрчил 46.1 хувь, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй зөрчил 41.3 хувийг тус тус эзэлж байна.

Мөн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зэрэг үндэслэлээр 33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.

2026 оны эхний хагас жилийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зөрчилд холбогдсон гадаадын иргэдийн тоо 25.1 хувиар, зөрчил гаргасан уригч хуулийн этгээдийн тоо 16.5 хувиар тус тус өссөн байна. Харин зөрчил гаргасан уригч иргэний тоо 10 хувиар, албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 0.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ

Огноо:

,

Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.

Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ

Огноо:

,

Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.

Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.

Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.

Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.

“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.

Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе8 цаг 9 минут

Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдий...

Цаг үе8 цаг 12 минут

Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт х...

Цаг үе8 цаг 14 минут

Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жу...

Улстөр нийгэм8 цаг 17 минут

Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын ү...

Улстөр нийгэм8 цаг 19 минут

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь М...

Шударга мэдээ8 цаг 25 минут

Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тог...

Улстөр нийгэм8 цаг 29 минут

Хүүхэд хөгжүүлэх төвийн төсөлд түншлэгч урьж байна

Улстөр нийгэм8 цаг 32 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Цаг үе8 цаг 35 минут

Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална

Цаг үе2026/07/21

Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэл...

Санал болгох