Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Б.БАЯРБААТАР: Дөрвөн тулгуурт бодлого баримтлан ажиллана

Огноо:

,

-МАН улс эх орныхоо хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй хөгжлийн институци юм-

Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Баярмагнайн БАЯРБААТАРТАЙ ярилцлаа.

-Монгол Ардын Намын XXVIII Их хурлаас Хяналтын Ерөнхий Хороо /ХЕХ/-г байгуулсан. Орон тооны бус 13, орон тооны хоёр, нийт 15 гишүүнтэй. Тодруулбал, Намын Их хурлаасаа сонгогддог нэр хүндтэй, хариуцлагатай байгууллагын даргаар ажиллахаар томигдлогдсон Танд баяр хүргэе. Ажлаа аваад ямар чиглэл, бодлогод голлон анхаарч ажиллахаар төлөвлөж байна?

-Баярлалаа. Юуны өмнө танай сонины эрхэм уншигч болон хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны даргаар томилогдон ажлаа аваад удаагүй байгаа ч үйл ажиллагааны чиглэлээ баталж, зорилгоо тодорхойлоод ажилдаа ханцуй шумлан шуурхайлан орсон. Монгол Ардын Намын дүрмийн дагуу ХЕХ-г хуралдуулж тогтоол гарган үйл ажиллагааныхаа чиглэлийг ил тод зарлаж, ажлаа эхлүүлсэн. Тодруулбал, ХЕХ дөрвөн тулгуурт бодлогоо тодорхойлж, үйл ажиллагааныхаа чиглэлийг баталлаа. Тулгуурт бодлогынхоо хүрээнд дөрвөн дэд хороог байгуулж, ажиллах хүмүүсийнхээ ажлын чиг үүргийг тодорхой болгож, шийдвэрүүдээ гаргалаа.

-Өмнөх жилүүдэд ХЕХ намын гишүүдийн ёс зүй болон намын дүрмийг шинэчлэх асуудалд голлон анхаарч ажилласан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны сүүлчээр Бага хурлаа хийж, намын дүрэмд хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Бүр нарийвчилбал намын дүрмийн өөрчлөлтөөр хариуцлагын тогтолцоог тодорхой болгосон. Үүнтэй адил таны санаачлан эхлүүлсэн ажлын үр дүн тодорхой харагдах байх. Тиймээс дөрвөн тулгуурт бодлогод ямар асуудлыг оруулж, ямар чиглэлд анхаарч ажиллана гэсэн үг вэ?

-ХЕХ-ны уламжлал, зохион байгуулалтыг улам боловсронгуй болгоход дөрвөн тулгуурт бодлогын үр дүн, зорилго чиглэсэн. Дөрвөн тулгуурт бодлогын нэгдүгээрт, тусгагдсан зүйл бол намын дүрмийн биелэлтэд хяналт тавина. Намын дүрмийн биелэлт хэрэгжилтэд тавих хяналтыг шат шатанд сайжруулан намын дүрмийг нэг мөр ойлгон хэрэглэх, гадаад улсын үзэл баримтлал ойролцоо, улс төрийн намын дүрэмд харьцуулсан судалгааг хийж боловсронгуй болгох төслийг боловсруулна. Дээд шүүхэд бүртгэлтэй намын дүрмийг хуульд нийцсэн гэж байгаа боловч улс төрийн амьдралд хэрхэн нийцэж байна гээд асуудал ургадаг учраас үүнийг нэг мөр болгохоор зориглон барьж авсан нь энэ. Хоёрдугаарт, намын гишүүдийн ёс зүй, сахилга батыг дээшлүүлэхэд анхаарна. Намын гишүүддээ зөвлөн туслах, соён гэгээрүүлэх, гишүүдийнхээ эгнээг өргөтгөх бодлогыг баримтлан намын нийтлэг эрх ашгийг эрхэмлэн ажиллана. Гуравдугаарт, намын хүний нөөцийн бодлогын тулгамдсан асуудалд үнэлэлт, дүгнэлт өгч үүсээд буй алдаа дутагдлыг арилгахад бодитой хувь нэмэр оруулна. Дөрөвдүгээрт, намын санхүүгийн баримт бичгийн хөтлөлт, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг цэгцэлж, ашиглалт зарцуулалтыг хууль дүрмийн дагуу хэрэгжүүлнэ. Тодруулбал, сонгуульт гишүүний татвар төлөлтыг нэмэгдүүлэхэд голлон анхаарч ажиллана. Энэхүү дөрвөн тулгуурт бодлогыг хэрэгжүүлэхээр тодорхой тусгасан дөрвөн асуудалд дэд хороод байгуулан ажиллаж байна. Ажиллах ажлын чиглэл тодорхой учраас хүрэх үр дүн бий гэдэгт итгэж байна.  

Дүрэмтэй, сахилгатай нам

-Монгол Ардын Намын түүхт 100 жилийн ой ирэх онд болно. Ойг угтан “Гишүүн төвтэй ухаалаг Улс төрийн нам” болох зорилттой таны ажил уялджээ гэж ойлгож болох уу?

-Болно. Энэхүү зорилтын хүрээнд л дөрвөн тулгуурт бодлогынхоо чиглэл, үйл ажиллагааг уялдуулсан. Монгол Ардын Нам бол дүрэмтэй, сахилгатай нам. Өдгөө 100 жилийнхээ ойг угтах гэж байна. 1921 оны гуравдугаар сарын 1 бол Монгол Ардын Нам байгуулагдсаныг албан ёсоор баталгаажуулсан баярт өдөр. Энэ өдрийг манай намын мянга мянган гишүүд баяртайгаар хүлээн авч, угтан өнгөрүүлдэг. Түүхт ойн өмнө надад итгэл үзүүлж, Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны даргаар сонгосонд миний бие ихэд бэлгэшээн баярлаж байна. Энэ албыг нэр төртэй хашихыг хичээн ажиллана. Хяналтын Ерөнхий Хороо нийслэл, есөн дүүрэг, 330 сум, 168 хорооны намын хороонд үйл ажиллагаа явуулж,  өргөн бүтэц, зохион байгуулалттайгаар ажилладаг, хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг намын дээд  байгууллага. Тулгуурт бодлогынхоо эхэнд яагаад намын дүрмийн биелэлт, хэрэгжилтэд хяналт тавихаар зорилт дэвшүүлж байна гэвэл 99 жилийн түүхтэй МАН 100 жилийн ойгоо угтаж байгаа нам учраас бид дүрэмд ахиц дэвшил гаргах учиртай. Өөрөөр хэлбэл, бид 100 жилийн ойгоороо ухаалаг цахим нам болох зорилтыг дэвшүүлж, бодлого үйл ажиллагааныхаа шинэчлэлийг хэрэгжүүлэн, ахицтай, үр дүнтэй ажиллаж байна. Өнөөдөр дэлхий нийтээрээ дижитал эрин үед амьдарч байна. Иймээс Монгол Ардын Намын дүрэм, хүний нөөцийн бодлого үүнтэй нийцсэн байх учиртай гэж үзэж олон талаас нь судалгаа хийж, боловсронгуй болгох ажлыг зохион байгуулна. Дээр хэлсэнчлэн энэ бол ХЕХ-ны хийх ёстой нэгдүгээр ажил.

Өндөр ёс зүйг сахиулах өндөр үүрэг хариуцлага 

-Монгол Ардын Намын ХЕХ, Ёс зүйн хорооноос гишүүддээ ёс зүйн дүгнэлт гаргаж хариуцлага тооцдог тогтолцоог өнгөрсөн хугацаанд бүрдүүлж чадсан. Энэ бол Хяналтын Ерөнхий Хорооноос хийж, хэвшүүлж байгаа ажлын томоохон үзүүлэлт гэж харж байна. Гэсэн ч иргэний ёс зүйн төлөвшил өнөөдөр намын төдийгүй олон түмний анхааралд өртөн, нийгмийн тулгамдсан асуудал хэвээр байна. Хувь болоод хуульч хүний зүгээс ёс жудаггүй үзэгдлийг яаж шийдвэрлэх нь зүйтэй гэж боддог вэ?

-Ёс зүйн асуудал бол Хяналтын Ерөнхий хорооны анхаарлаа хандуулан ажиллаж байгаа хоёр дахь асуудал. МАН-ын Хяналтын Ерөнхий Хороо намын гишүүн болон намын сонгуульт албан тушаалтан намаас төрийн, улс төрийн албан тушаалд сонгогдож, томилогдсон албан тушаалтны ёс зүйн асуудалд хяналт тавьдаг. Таны хэлсэнчлэн нийгэмд өнөөдөр энэ асуудал нэлээд алдагдаж байгаа нь үнэн. Авлигал, хээл хахууль, хүнд суртал, ёс зүйгүй байдал багагүй гарч байгаа нь цаад утгаараа ёс суртахууны доголдол үүсч байна гэдгийг илтгэж байна. Тиймээс бид энэ талд нэлээд анхаарал хандуулж ажиллана. Хуучин цагт намын гишүүд хувийн дотоод зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой, биеэ авч яваа байдлаараа бусдыгаа үлгэрлэдэг, өдөр тутмын сониноос мэдээллээ авдаг, мэдээлэл боловсруулах чадвар өндөртэйгөөрөө бусдаас ялгардаг байлаа. Өнөөдөр энэ ялгаа багасч байгаад миний сэтгэл эмзэглэдэг. Тиймээс Монгол Ардын Нам гишүүдийнхээ ёс зүйн асуудал, соён гэгээрүүлэх, алдаа дутагдал гаргахгүй байх, сонгуульд ялалт байгуулсны дараа намаас төрийн болон улс төрийн албан тушаалд томилогдож очсон бол зөвхөн нэг эрх ашгийн дор Монгол Улсын хөгжлийн төлөө сэтгэл зүрхээ чилээдэг ёс зүйтэй албан тушаалтныг бэлтгэж томилдог байх тал дээр анхаарна. Монгол Ардын Нам бол Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн бататгаж, ээдрээ төвөгтэй цаг үеийн сорилт бэрхшээлийг даван туулж, 1990 оны Ардчилсан хувьсгалын үйлсэд тэрүүлэх үүрэгтэй оролцож, нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлэн, эх орноо хөгжил дэвшлийн замд хөтлөн, түүхэн их үйлсийг бүтээсэн Монгол Улсын улс төрийн ууган хүчин. Энэ ч утгаараа манай намын гишүүд ёс зүйтэй. Бүр тодруулбал, манай намын гишүүд үзэл баримтлал буюу хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрөө бүрэн ойлгосон байх ёстой юм.

-МАН-ын ХЕХ намын нэрээр сонгогдож томилогдсон албан тушаалтанд хяналт тавих үүргийг хүлээдэг. Тэгэхээр яалт ч үгүй намын боловсон хүчний бодлого, хүний нөөцийн талаар ярих болж байгаа юм. Нөгөөтэйгүүр олон нийтийн дунд намын боловсон хүчний бодлого алдагдлаа гэх шүүмжлэл түгээмэл байдаг. Чухам ямар учраас ийм шүүмжлэлд өртөөд байдаг юм бэ. Намын боловсон хүчний бодлого, хүний нөөцийн асуудалд хэрхэн хандах талаар дорвитой ямар ажил хийх вэ?

-Миний өмнө МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны даргаар ажиллаж байсан Д.Батбаатар “Төрийн хяналт суларсан болохоос намын хяналт сулраагүй” гэж нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө онцолсон үг нь яг одоо санаанд бууж байна. Үүнтэй би одоо ч санал нэг байна. Монгол Ардын Нам хүний арвин нөөцтэй. Намын боловсон хүчний бодлого буюу хүний нөөцийн асуудалд анхаарч ажиллана гээд гол хийх ажлынхаа гуравдугаарт эрэмбэлсэн байгаа, бид. Хүний нөөцийн бодлого алдагдлаа, хэдхэн хүний дунд албан тушаал эргэлдэж байна, гэнэт нэг хүнийг дарга болгоод гэх мэт гомдол, санал манай намын гишүүдийн дунд өрнөдөг. Бид хэзээнээс эхлээд боловсон хүчний бодлогыг тодорхой түвшинд алдагдуулав. Үүн дээр нэгдүгээрт судалгаа хийх хэрэгтэй. Хуучин цагт манай намын хүний нөөцийн бодлого асар өндөр түвшинд явагддаг байсан. Тэр түвшинд дөхүүлж чаддаггүй юм аа гэхэд тодорхой түвшинд ойртуулан шинэчилж, дээрээс нь нийгэм цаг үедээ тохирсон орчин цагийн бодлогыг хэрэгжүүлэх зорилтыг тавьсан. Жишээлбэл, Монгол Ардын Намаас төрийн болон улс төрийн албанд сонгогдож, томилогдсон хүн ажил, албан тушаалд томилогдоод нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг. Хувийн эрх ашгаа хойш нь тавьж чаддаг, шударга ёсыг эрхэмлэдэг авлига хээл хахууль, хүнд суртлаас ангид байж чаддаг боловсон хүчнийг бэлтгэх зорилготойгоор энэ бодлогоо улам боловсронгуй болгоно.

Шилэн нам, эмх цэгц

-Таны дэвшүүлэн ажиллаж байгаа дөрвөн тулгуурт бодлогод тусгагдсан асуудал бүр судалгаатай, баримттай нэг ёсондоо санал, шийдвэртэйгээ хэрэгжиж биелэх нь улам тодорхой харагдаж асуудлын өнцөг бүр нь сонирхолтой санагдаж байна. Ялангуяа тулгуур бодлогод тусч хийх ажлын төлөвлөгөө гарсан намын санхүүжилтын асуудал нэлээд анхаарал татаж байна. Аль ч намын санхүүжилт ил тод бус байдаг. Зарим намын нөхөд намаа “шилэн нам”  гэж тодотгон санхүүжилтынхээ талаар ярьдаг ч ил тод бус байсаар өнөөдрийг хүрсэн. Гэтэл та тулгуурт бодлогодоо намын санхүүгийн талаар хийх ажлаа зоригтой зарласны учир юу вэ. Тэгээд ч намын санхүүгийн бодлогыг санаснаар тодорхойлж, хийж хэрэгжүүлдэг ажил мөн гэж үү?

-Хийх ажлынхаа талаар тайлж, таниулах нь миний үүрэг учраас таны асуултад хариуцлагатай хариулъя. Дөрөв дэх тулгуурт бодлогод энэ талаар дэлгэрэнгүй тусгасан. Монгол Ардын Нам өмчтэй, хуулийн дагуу эд хөрөнгийн бүртгэлтэй нам. Тийм учраас намынхаа санхүүжилтыг ил тод, шилэн, зарцуулалт хандивыг аудитын байгууллагуудад хянуулдаг, гагцхүү хуулийг мөрдөж ажиллах, 330 сум, 21 аймаг, нийслэл есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа анхан шатны байгууллагуудынхаа удирдлагуудыг чадваржуулах, эд хөрөнгийн бүртгэлийг нэлээдгүй цэгцлэх, мөн үйл ажиллагаанд нь зөвлөж ажиллана.

-Юутай ч ХЕХ-ны зүгээс соён гэгээрлийн ажил намын гишүүдийнхээ дунд түлхүү хийх юм байна гэдгийг ойлголоо. Тэгвэл намын дүрмийн өөрчлөлтөд гишүүдээ идэвхжүүлэх талаар яг ямар өөрчлөлт тусгах вэ. Бодож, боловсруулсан зүйл, заалт байна уу?

-Дээр товч дурдсан. Цаг үетэйгээ нийцсэн өөрчлөлтийг хийх ёстой. Ингэхийн тулд олон талаас нь судалж байгаа. Нөгөөтэйгүүр МАН-ын гишүүн идэвхтэй, ёс зүйтэй байх учиртай. 21 аймаг, нийслэл, есөн дүүрэг, 330 сум, 168 анхан шатны байгууллагуудынхаа үйл ажиллагаанд оролцож мэдээ мэдээлэл авдаг идэвхтэй байж гэмээнэ анхан шатны байгууллагууд чадавхжина. Энэ бүгдийг дэмжсэн өөрчлөлтүүдийг хийнэ. Манай нам гишүүдээ цахим бүртгэлд бүртгэлжүүлж эхэлсэн. Ажил үр дүнтэй явж байна. Цахим орчинд намын гишүүдийг хэрхэн идэвхжүүлэхийг намын дүрэм болон үйл ажиллагаандаа тусгана. Мөн өнгөрсөн 2019 онд Монгол Ардын Нам нийслэлийн хэмжээнд анхан шатны байгууллагын тоог шинэчилсэн. Тухайлбал, бүтэц зохион байгуулалтад оруулж 532 анхан шатны байгууллага шинээр нэмж байгуулан ажиллуулсан. Энэ нь дүрмийн дагуу хийгдэж байгаа ажил юм. Цаашид бид үүнийг илүү ойлгомжтой, тодорхой, дархлаатай болгохоор намын дүрэмд өөрчлөлт оруулж ажиллана. Хяналтын Ерөнхий Хорооны бас нэг үндсэн чиг үүрэгт намын гишүүдээ соён гэгээрүүлэх, зөвлөн туслах явдал юм. Ер нь Монгол Ардын Намын гол тулгуур багана намын гишүүд байдаг. Тийм учраас гишүүн бүрийн санал, санаачлагыг хүлээн авч сонсдог, түүнийгээ үйл ажиллагаандаа тусгадаг байхын тулд намын гишүүн бүр өөрсдөө намынхаа үзэл баримтлал, намын дүрмээ сайн мэддэг байх нь чухал. Иймээс эхний ээлжид намын дүрэм, хичээн эрмэлзэх зүйлийн талаар соён гэгээрүүлэх ажил хийнэ. Хяналтын Ерөнхий Хороо гэх нэрээс харахад хяналт тавьдаг нь тодорхой байж байна. Үйл ажиллагааны доголдолтой байгаа газар болон ёс суртахууны зөрчил гаргасан намын гишүүдэд хариуцлага тооцох гээд асуудал мэдээж тодорхой түвшинд шийдэгдэж байх болно. Дээр хэлсэнчлэн бид хариуцлага тооцохоосоо урьтал болгож соён гэгээрүүлэх, энгийн үгээр хэлбэл, ингэж болохгүй шүү гэдгийг хэлэх, дараа нь болохгүй гэдгийг хэлсээр байтал алдаа дутагдал, зөрчил гаргавал хариуцлага тооцно. 99 жилийн түүхтэй ууган хүчний гишүүн өөрөө хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой гэсэн зарчмыг тавьж, энэ чиглэлд нэлээд анхаарч ажиллана

-Монгол Ардын Нам “Цахим нам” болсноо зарласан. Энэ ажлын хэрэгжилт үр дүнгийн талаар та ямар дүгнэлттэй байна вэ?

-Ухаалаг технологи буюу цахим нам болсон талаар манай намын гишүүд мэдээлэл сайтай байгаа байх. Өнөөдөр дэлхий нийтээр дижитал эринд амьдарч байна. Бид цахим нам болох зорилт дэвшүүлээд гурав дахь жилдээ бодлогын шинэчлэлүүд хийгээд явж байна. Олон талаас нь судалж үзэн энэ ажлыг эхлүүлсэн. Өнөөдөр Монгол Ардын Нам гишүүдээ цахим бүртгэлд хамруулах ажил 90 орчим хувьтай байна. Цахим системээрээ дамжуулан намын гишүүдээ идэвхжүүлж, мэдээ мэдээллээр хангадаг, намын гишүүдийн саналыг ямар ч цензургүйгээр шууд хүлээж авдаг бодлогыг хэрэгжүүлж байна. Дээр хэлсэнчлэн хүний нөөцийн бодлогыг цахим бүртгэлтэйгээ уялдуулах, цахим хэлбэрээр сонгон шалгаруулалт явуулж, шударга өрсөлдөөнтэй болгохоор ажиллаж байна. Энэ ажил нэлээд сайн үр дүнтэй явагдаж, суурь дэд бүтцээ тавьчихсан байгаа ч цаашдаа дуусах ажил биш улам боловсронгуй болгох чиглэлд ажиллана.

Насны залуу гэдгээрээ биш намд хийсэн ажлаараа түүх бүтээмээр байна

-Нууцгүй хэлэхэд таны ярианаас залуу хүний эрч хүч, бодлого судалгааг харсан чиглэл, ярвигтай ээдрээтэй асуудлыг нэг тийш болгох гэсэн хүч хөдөлмөр, зорилго мэдрэгдэж байгаа нь сэтгүүлч надад үнэхээр таатай байна. Энэ ч үүднээс Монгол Ардын Нам нийгмийнхээ сайн сайхны төлөө илүү хурдтай, шуурхай ажиллах, шинэ залуу боловсон хүчнээр Хяналтын Ерөнхий Хороог удирдан залуулахаар шийдсэн байх. Энэ бол намын хөгжлийн алс хэтийг харсан, залуу боловсон хүчнээ дэмжсэн намын зорьмог, зөв шийдэл болов уу гэж бодож байна. Таныг намын түүхэндээ хамгийн залуу Хяналтын Ерөнхий Хорооны дарга боллоо гэлцгээж байна билээ.

-Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны даргаар сонгогдох мөчид энэ талаар надад мэдээ мэдээлэл байгаагүй. Харин ажилд минь амжилт хүсэхээр ирсэн нөхдийнхөө амнаас “Түүхэндээ анх удаа хамгийн залуу Хяналтын Ерөнхий Хорооны дарга болж байна” гэдгийг сонссон. Өндөр хариуцлага, өндөр итгэл гэж би өөртөө хүлээж авсан. Энэ хариуцлагатай албанд ямар нэг доголдол, ёс зүйн алдаа дутагдал гаргахгүй албаа хариуцлагатайгаар намын тулгуур зарчим, жанжин шугамыг ганхуулахгүйгээр авч явах зорилго, сахилга батыг өөртөө тавьсан даа.

-Та улс төрийн ажилтнаас Хяналтын Ерөнхий Хорооны дарга болтлоо дэвшин ажиллаж байна. Энэ нь таны биеэ авч яваа соёл, ёс суртахууны хандлагатай холбоотой байх. Хамгийн эрт ажилдаа ирж, хамгийн орой явдаг намын боловсон хүчин та юм билээ бас. Энэ зан чанарыг та хэнээс өвлөсөн бэ. Нарийн тодорхойлж хэлбэл, намын жинхэнэ ажилтан хүний хандлага, сэтгэл танаас харагддаг. МАН-ын ахмад ажилтны амнаас “Намын ажлыг сэтгэлтэй, зүтгэлтэй хүн л хийдэг, өвөрмөц ажил” гэж хэлсэн нь санаанд орж байна. Нөгөөтэйгүүр 100 жилийн ойгоо тэмдэглэх ууган нам шинэчлэгдэж залуусаа дэмжиж чаддаг болохыг таны ажлын томилгоо нотоллоо гэж харж байна?

-Монгол Улсын Тусгаар тогтнолыг сэргээн тогтоосон болон 1921 оноос өнөөдрийг хүртлэх түүх Монгол Ардын Намтай салшгүй холбоотой. 1921 онд Монгол Улс ямар байсныг хүн бүхэн мэднэ. 200 гаруй жил бусдын дарлалд байсан улсыг Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагч Д.Сүхбаатараар толгойлуулсан анхны долоо сэргээн тогтоох, тусгаар тогтнолоо баталгаажуулах түүхэн үүргийг гүйцэтгэсэн. Ер нь МАН улс эх орныхоо хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй хөгжлийн институци юм. Энэ утгаараа би Монгол Ардын Намыг оюутан цагаасаа эхлэн судалж, өөрийнхөө хэмжээнд тодорхой түвшинд сонсч мэдсэн. Миний өвөө эмээ, аав ээж бүгд энэ намаар хүмүүжиж, энэ намын үйл хэрэгт оролцож явсан хүмүүс учраас би Монгол Ардын Намд элссэн.  Тэр цаг үеэс эхлэн намын үйл ажиллагаанд оролцож, сургуулиа төгсөөд УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж улмаар Монгол Ардын Намд улс төрийн ажилтан болж орсон. Намын үйл ажиллагаанд оролцоод 20-иод жил болж байна. Энэ хугацаанд намын улс төрийн ажилтнаас эхлээд ахлах улс төрийн ажилтан, газрын дарга хийж явсаар өнөөдөр Хяналтын Ерөнхий Хорооны даргаар сонгогдож байна. Дахин хэлэхэд, надад оногдсон өндөр хариуцлага, намайг хийж чадна гэж итгэл хүлээлгэсэн гэж ойлгож байна. Тэр утгаараа аль болох итгэлийг нь алдахгүй зарчимтай ажиллах зорилтыг өөртөө дэвшүүлэн ажиллаж байна.

-Та саяхан МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны даргаар ажиллаж байсан үе үеийн дарга нараа хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлсэн байсан. Танд тэдгээр хүмүүс юуг голлон захиж байх юм?

-Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны даргаар ажиллаж байсан дарга нараа өнгөрсөн долоо хоногт хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл уулзалтад  Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор профессор Л.Дондог, Монгол Улсын гавьяат багш Ш.Түдэв, УИХ-ын гишүүн асан Д.Идэвхтэн, Мэргэжлийн хяналтын дарга асан Н.Цагаанхүү нарын Хяналтын Ерөнхий Хорооны даргаар ажиллаж байсан үе үеийн дарга нар маань хүрэлцэн ирсэн. Тэдэнтэйгээ уулзаж сургаал, захиасыг нь сонсч нэг өдрийг өнгөрөөсөндөө ихэд сэтгэл хангалуун байна. Дарга нар маань ажлынхаа арвин туршлагаас хуваалцаж гишүүд, дэмжигчдээ соён гэгээрүүлэх үйлсэд их амжилт гаргахыг ерөөсөн. Энэ ч утгаараа Хяналтын Ерөнхий Хорооны үе үеийн дарга нарынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх өндөр хариуцлагыг хүлээж авсан нь нэр төрийн хэрэг ю
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

Огноо:

,

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр,

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томиллоо.

Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Монгол Ардын намаас 16 сайд, ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдож байна.

Засгийн газрын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдлоо.

Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас түлш шатахуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь хоёр дахин нугаран өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газар бүрэлдэж байна. Бүх юмны суурь үнэ болдог, түлш шатахууны үнийн огцом өсөлт инфляцыг хөөрөгдөх, цалин орлогыг үнэгүйдүүлэх, валютын урсгалыг гадагшлуулах, экспортын гол салбар уул уурхай, тээвэр, үйл ажиллагааны зардлыг нэмэх зэрэг ноцтой эрсдэл дагуулж байна. Түлш шатахууны үнийг барих боломжгүй гэдэг үнэнээ дахин хэлээд, гагцхүү тасалдал, хомсдол үүсгэхгүйн төлөө хичээн ажиллах болно. Монгол Улс дэлхийг нөмөрсөн цар тахлын үеийг туулсан шигээ түлш шатахуун, эрчим хүчний хямралыг сөрөх цаг эхэллээ.

Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо дараах хоёр үндэслэлийг харгалзан тооцлоо.

Бидэнд сандал суудал биш санал шийдэл хэрэгтэй. Нүүдэл суудал, байр сав, албан бланк, тамга тэмдэг солих нь хэдэн арван тэрбум болно. Хэдэн сайд цөөллөө гээд мөнгө хэмнэх биш илүү төлнө. Нэг сайд цомхотгоход дагаад төрийн албан хаагчид ажил төрөлгүй болно. Шүүхийн олон зуун хэрэг маргаан үүснэ, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулна. Төсөв мөнгө, эд хөрөнгө, дунд нь үрэгдэж завшигдах, тамга тэмдэг солигдох гэх мэтэд хоёр өдрийн алга ташилтын төлөө цаг, мөнгө үрмээргүй байна. Цаг, мөнгө алдмааргүй байна.

Түлш шатахууны үнэ, хомсдол бол эдийн засгийн дайны байдал. Байгаа хүчээрээ байлдаанд шууд орно. Хийдэл давхардал, илүүдэл давхцалд иж бүрэн чиг үүргийн шинжилгээ хийж, долоо хэмжиж нэг огтлоод оновчилно. Үсээ засах гээд чихээ огтолж болохгүй.

Судлан тооцоолж үзэхэд одоогоор 3000 сул орон тоо байна. Үүнийг бөглөх шаардлагагүй. Энэ бол 26 яам татан буулгасантай адил хэмнэлт. Бусад зардлыг тооцохгүй, зөвхөн цалингийн сан жилд 7.4 тэрбум төгрөг болно.

Бүтэц цомхон байх нь зөв боловч бүтэц оновчтой байх нь бүр зөв. 12 дэд сайд цомхотгоод, Үндсэн чиглэлийн дөрвөн дэд сайдтай үлдэнэ.

Сайдын алба бол эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Салбартайгаа цоо шинээр дадлагажигч шиг танилцахгүй, танин мэдэхүйн дамжаанд суух шаардлагагүй, мэдлэг, туршлагыг харгалзан авч үзлээ. Хурд гүйцэж ажиллах, галтай ч гашуун шийдвэр гаргах, асуудлыг шийдэл болгох, хариуцсан салбараа манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай эсэхийг тооцлоо.

Шинээр томилогдож байгаа хүмүүст ч мэдлэг чадвар нь байгаа эсэхийг харгалзан авч үзнэ.

Олон нам, эвсэл, сонирхлын бүлгээс бүрдсэн УИХ, хүчтэй сөрөг хүчинтэй нөхцөлд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн бүрэлдэхүүн гэдгийг нуугаад байх юмгүй шууд хэлье. Түлш шатахуун, тог цахилгааны тасалдал аюул болоод байхад төр засгийн ажил тасалдал болж болохгүй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй байна.

Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт, ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана. Бид дэлхийг өөрчлөхгүй ч дэлхий биднийг өөрчлөхгүйг үргэлж санаж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг, илүү хурдтай ажиллах ёстой. Ирээдүй цаг дээр биш энэ цаг дээр ажил, асуудлаа ярьж ажиллана.

Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавина. Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан.

Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Төрийн сангаа удирдаж, байгаа хөрөнгө, нөөцөө зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслаж зогсоох, татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна.

Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. 

“Эрхэм УИХ-ын гишүүд ээ,

Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая тн, 2027 онд 3.1 сая тн-д хүрэх төлөвтэй байна.

Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж, нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна.

Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648$-оор нэмэгдэж 1,385$, Евро-5 дизель түлш 483$-оор нэмэгдэж 1,410$, Евро-5 АИ-92 автобензин 441$-оор нэмэгдэж 1,206$, АИ-95 автобензин 441$-оор нэмэгдэж 1,176$, АИ-98 автобензин 441$-оор нэмэгдэж 1,226$ болж, төрлөөс хамаарч 441-648$-оор өссөн.

Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн АИ-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2,200  төгрөгөөр нэмэгдэж 5,200, Евро-5 дизель түлш 1,300 төгрөгөөр нэмэгдэж 5,300, Евро-5 АИ-92 автобензин 1,100 төгрөгөөр нэмэгдэж 4,200, АИ-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4,100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна.

Цаашид Ойрх дорнодын мөргөлдөөн энэ хэвээр үргэлжилж, улам хурцдаж “Брент” төрлийн газрын тосны үнэ баррель нь 130 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 1,750   ам.доллар, жижиглэнгийн үнэ литр тутамд 3,296 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 150 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,019 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 4,235 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 200 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,693 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 6,587 төгрөгөөр нэмэгдэн, литр дизель түлшний үнэ 9700 төгрөг болох эрсдэлтэй байна.

Манай улс ОХУ-ын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай хэлцэл хийсний дүнд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны хил үнийг 2022 оны тавдугаар сараас хойш 705 ам.доллароор тогтворжуулан жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээлээс хамааралтай үнийн өөрчлөлтгүй явж ирсэн. 

Манай улс АИ-92 автобензинийн гаалийн албан татвараас сардаа ес орчим, жилдээ 100 орчим тэрбум төгрөг, дизелийн түлшнээс сардаа 25 орчим, жилдээ 300 орчим тэрбум төгрөгийн орлого олдог тэр хэмжээгээр төсвийн орлого хасагдах эрсдэлтэй.

Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны  бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой юм.

Иймд "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолд оруулах өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр боловсрууллаа. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэлээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе1 минутын өмнө

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна

Цаг үе6 минутын өмнө

Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн ос...

Цаг үе10 минутын өмнө

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж...

Улстөр нийгэм15 минутын өмнө

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшиг...

Цаг үе18 минутын өмнө

Израил улстай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлн...

Цаг үе21 минутын өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 141 гомдол, мэдээллийг хянан ша...

Цаг үе2026/06/02

"Хөнгөлөлттэй эм"-ийн мэдээллийг хялбар авах боломжтой болжээ

Цаг үе2026/06/02

Ц.Идэрбат: Монгол, Беларусь улсын засгийн газар хоорондын комиссын V...

Цаг үе2026/06/02

Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ

Шударга мэдээ2026/06/02

Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар т...

Санал болгох