Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Н.Намуу: Түгжрэлийн оргил ачааллын үеийг тархаах зорилгоор сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулсан

Огноо:

,

Энэ сарын 21 буюу өнгөрсөн даваа гарагаас түгжрэлд нөлөөлдөг 59 сургуулийн хичээл эхлэх цагийг зөрүүлэх зохицуулалт хийсэн. Хүүхдүүдийн хичээл нэг цагт эхэлснээр замын ачаалал нэмэгддэг. Үүнийг задлах зорилгоор дээрх зохицуулалтыг хийсэн юм. Зохицуулалттай холбоотойгоор замын нөхцөл байдал ямар байгааг өнөө өглөөний 06:30 цагаас “Нийслэлийн мэдээ” пэйж хуудсаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс шууд дамжуулан үзүүлсэн. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуутай ярилцлаа.

-59 сургуулийн хичээл эхлэх цагийг зөрүүлснээр ямар өөрчлөлт гарсан бэ?

-Өмнө нь 07:10 цагаас замын хөдөлгөөний эрчим огцом нэмэгддэг байсан бол одоо 06:30 цагаас аажмаар нэмэгдэж байна. Зохицуулалттай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал 12.5 хувиар буурна гэх ташаа мэдээлэл гараад байгаа. Энэ бол замын хөдөлгөөний ачаалал оргил үед буюу өглөөний үеэр 12.5 хувиар буурна гэсэн судалгаа юм.

Түгжрэлийн оргил ачааллын үеийг тархаах зорилгоор сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулсан. Тэгэхгүй бол 07:50-08:10 цагийн хооронд замын хөдөлгөөн нам зогсоох нөхцөл бүрдэнэ. Оргил ачааллын судалгааг хийхэд 06:00-07:00 цагийн хооронд хөдөлгөөний эрчим буюу камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 6:00-07:00 цагийн үед тээврийн хэрэгслийн жигд урсгалаар зорчих хөдөлгөөн ихэссэн.

-Яг одоогийн байдлаар Яармагийн замыг харахад гүүр өнгөртөл ачаалал бага, Таван богдоос эхлээд ачаалал нь нэмэгдэж байнаЯмар шалтгаанаар замын ачаалал ийм харилцан адилгүй байгаа вэ?

-Бусад тээврийн хэрэгслийн жолооч нар чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр хүн буулгаж, суулгах гээд зогсчихдог. Үүнээс болж чиглэлийн тээврийн хэрэгслүүд зогсоолынхоо карманд  орж чадахгүй, зам дээр зогссоны улмаас эгнээ хаадаг нь нөлөөлдөг. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд хүргэхдээ нэгдүгээр эгнээнд машин тавьдаг нь замын хөдөлгөөний ачаалалд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.  

Тээврийн хэрэгслийн тоо авто замаасаа давсан.  Олон улсад нэг машинд ногдох авто замын хэмжээ 36-37 метр байдаг бол Улаанбаатарт нэг машинд ногдох авто замын хэмжээ 2.5-3 метр урт байна. Гэтэл машины урт 4.5 метр байдаг шүү дээ. Бүгд машинаа унаад гарахад Улаанбаатар хотын гудамж, замуудад машин нь багтахгүй. Бүр зайгүй зогсоно. Ийм тоон үзүүлэлт гарсан нь автомашин хэт их болсонтой холбоотой.

-Сургуулийн хичээл эхлэх цагийг зөрүүлсэн зохицуулалт аль хэсэгт илүү сайн үйлчилж байна вэ. Зарим газарт ачаалал улам нэмэгдлээ гэсэн шүүмж байна?

-Сургуулийн эхлэх хуваарьт өөрчлөлт ороод удаагүй учир үр дүнг тооцоход эрт байна. Иргэд зорчилтын хэвшил, дадалд ороход хугацаа хэрэгтэй. Ер нь 14 хоногийн хугацаанд үр дүн гараад явна. Замын хөдөлгөөн дээр урьдчилсан тооцоо, судалгаа хийнэ гэдэг бол программчлалын түвшинд, мэргэжлийн инженерчлэлийн түвшинд хийхээр үр дүн өгдөг. Гэтэл замын хөдөлгөөний хууль, дүрмийн хэрэгжилт байхгүй болсноор судалгааны дүн унадаг. Мөн жолооч, иргэд дүрмээ зөрчиж эрсдэл гаргах нь элбэг.

-Яармагийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулдаг болгоё гэдэг санал иргэдээс гарч байнаЭнэ талаар судалгаа хийсэн үү?

-Нийтийн тээврийн зорчилт хөдөлгөөнийг дэмжсэн сонголт хийж байж түгжрэлээс ангижирна. Яармагийн хувьд Нисэхийн тойргоос “Мишээл экспо” хүртэл энэ зохицуулалт нь боломжтой. Энхтайваны гүүр хоёр эгнээ учир боломжгүй. Өөрөөр хэлбэл, өргөн гудамж, замуудаар нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр явуулах боломжтой юм.

-Осол аваар замын хөдөлгөөнд хэр нөлөөлдөг вэ?

-Ослоосоо шалтгаална. Зарим нь даатгалын газраа хүлээгээд 2-3 цаг болдог байхад зарим нь 20-30 минут болно. Хохирол багатай бол иргэд хоорондоо тохиролцоод, шууд хөдөлгөөнд оролцох нь бий. Камерт бүртгэгддэгээр өдөрт багадаа 16 осол гардаг.

Өчигдөр шөнийн байдлаар Тээврийн цагдаагийн албанд нийслэлийн хэмжээнд 308 дуудлага ирснээс 24 дуудлага, мэдээлэл нь гэмт хэргийн шинжтэй, 245 нь зөрчлийн шинжтэй, 24 нь согтуу жолоочтой холбоотой, 27 нь бусад төрлийн дуудлага байна. Өчигдөр шөнө нийт 98 согтуу жолоочийн зөрчлийг илрүүлсэн. Жолооч нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх хэрэгтэй. Мөн өчигдөр шөнө жолоодох эрхгүй 40, эрүүлжүүлсэн 15 жолооч бүртгэгдсэн.

-Зам дээр осол гарсан нөхцөлд түгжрэл хэр хугацаанд арилах вэ?

-Зам тээврийн осол гарахад 15-20 минутын дотор ойролцоох хоёр километрийн радиуст нөлөөлж, уулзварууд дахь хөдөлгөөнийг нам зогсоход хүргэдэг. Осол гаргасан машинууд замаа чөлөөлсөн ч замын ачаалал хэвийн хэмжээнд хүрэхийн тулд хугацаа шаарддаг.

-Сургуулийн цагийг зөрүүлэх зохицуулалт, ажлын цагийг уян хатан байлгах зөвлөмжтэй хамт цогц хэрэгжсэнээр үр дүн гарнаҮүнд аж ахуйн нэгжүүд хэрхэн хандаж байна вэ?

-Аж ахуйн нэгж, байгууллагууд дотроо ажилтны зорчилтын судалгаа хийж, гаргасан шийдвэрийг дэмжвэл үр дүнд хүрнэ. Бид дангаараа түгжрэлийг шийдэж чадахгүй. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын дэмжлэг, оролцоо чухал үүрэгтэй.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ

Огноо:

,

БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.

ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.

Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.

Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.

Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.

Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Иран Украинд хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа

Огноо:

,

Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Каспийн тэнгист Ираны худалдааны хөлөг халдлагад өртсөн асуудлаар мэдэгдэл хийж, уг үйлдэл хариу арга хэмжээ авахгүй өнгөрөх боломжгүй гэж анхаарууллаа.

Reuters-ийн мэдээлснээр, Ираны Гадаад хэргийн яам Украин Каспийн тэнгист Ираны худалдааны хөлөгт халдсан гэж мэдэгдсэн байна. Тус яамны мэдээлснээр халдлагын улмаас хөлөг дээр дэлбэрэлт болж, нэг далайчин амиа алдаж, нэг хүн шархаджээ.

Ираны тал уг халдлагыг “дайсагнасан, гэмт үйлдэл” гэж буруутган, Техран дахь Украины түр хамаарагчийг дуудаж эсэргүүцэл илэрхийлсэн байна. Мөн Киев Украины дайны хүрээг тэлэхийг оролдож байна гэж үзэж буйгаа мэдэгдэж, үндэсний ашиг сонирхлоо хамгаална гэдгээ онцолжээ.

Энэ хэрэг Орос, Украины дайн улам олон улсын шинжтэй болж буй үед гарч байна. Украин өмнө нь Каспийн тэнгист Ирантай холбоотой цэргийн ачаа тээвэрлэж байсан гэх хөлөг онгоцуудыг онилсон гэж мэдэгдэж байжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлал өндөрлөлөө.

Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Төрийн тэргүүн нар уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтыг дүгнэн, хэтийн төлөв, бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.

Айлчлалын хүрээнд талууд худалдаа, эдийн засаг, боловсрол, залуучуд, спорт, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Мөн айлчлалын үеэр Монгол-Тажикистаны бизнес дугуй ширээний уулзалт болон “Тажикистаны соёлын өдөр” боллоо.

Хүндэт зочныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Тажикистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал, Бүгд Найрамдах Тажикистан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хайрулло Ибодзода нар үдэж мордууллаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох