Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Б.Даваасүрэн: Хөнгөн галт тэрэг бол түгжрэл бууруулах гол шийдэл

Огноо:

,

“Нийслэл Улаанбаатар хотод жил тутамд 70-80 мянгаар өсөн нэмэгдэж буй  автомашинтай уралдаж зам тавин түгжрэлийг бууруулах боломж үнэндээ байхгүй. Автобус, троллейбусыг хэдэн арваар нь худалдан аваад ч иргэдийг машинаас татгалзуулж чадахгүй. Тиймээс л масс транзит тээвэр буюу хөнгөн галт тэрэг LRT нь түгжрэл бууруулах гол шийдэл болж байгаа. Улаанбаатар хотын тухайд энэхүү хөнгөн галт тэргийг гүүрэн тулгууртай байх нь илүү оновчтой гэж тооцоолсон юм” хэмээн Гүүрэн тулгуурт хөнгөн галт тэрэгний ТЭЗҮ боловсруулах судалгааны багийн ахлагч, зөвлөх эдийн засагч Б.Даваасүрэн ярилаа. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-LRT буюу хөнгөн галт тэрэгний төсөл Улаанбаатар хотод хэр хэрэгцээ, шаардлагатай вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-LRT төслийн ТЭЗҮ судалгааны багийг ахалж ажилласан хүний хувьд, мөн хотын иргэний хувьд хэлэхэд энэ төсөл маш чухал ач холбогдолтой. Улаанбаатар хотод төвлөрөл, түгжрэл тулгамдсан асуудал болсон. Мөн шинэ дэд төвүүд, дагуул, хаяа хотуудыг холбох хэрэгцээ, шаардлага ч тулгарч байна. Энэ нөхцөлд их багтаамжтай тээврийн хэрэгсэл ашиглахгүй, хуучин шигээ автобус, хувийн машинаар тээврийн хэрэгцээгээ хангах боломжгүй. Тиймээс тээврийн тогтолцоонд том өөрчлөлт гаргах шаардлагатай байна. Манай улсад  хамгийн тохиромжтой, олон хүн багтаах тээврийн хэрэгсэл бол LRT  буюу хөнгөн галт тэрэг. LRT-г нэвтрүүлэхээс гадна бүх төрлийн тээврийн хэрэгслийн зохион байгуулалтыг шинэчлэн, шинэ тогтолцоогоор явах хэрэгтэй. Маш олон жилийн турш, хэд хэдэн төрлийн тээврийн хэрэгслийг судалсны эцэст LRT буюу хөнгөн галт тэргийг сонгосон.

-Улаанбаатар хотод LRT  биш, метро л тохиромжтой гэж үзэх хүмүүс бий. Нөгөө талаас иргэдийн дунд LRT нөгөө л метро шиг замхрах вий гэсэн болгоомжлол байна. Ер нь яагаад заавал LRT гэж. LRT метроноос ямар давуу талтай вэ?

-Өнгөрсөн жилүүдэд метро, дүүжин тээвэр, MRT, тусгай зориулалтын автобус, LRT гэх мэт олон судалгаа хийгдсэн. Мэдээж олон асуудлыг судалж, харьцуулж байж зөв шийд гарна. Эдгээр судалгааны үр дүнд нийтийн тээврийн даацтай, том өөрчлөлтийн эхлэлийг LRT буюу хөнгөн галт тэрэг тавьж чадах юм байна гэж үзсэн. Үүнд хэд хэдэн үндэслэл бий. Нэгдүгээрт, өртгийн хувьд метроны нэг км замд 150 сая ам.доллароос багагүй хөрөнгө зарна. Газар зүйн байрлал, хэр гүн тавихаас хамаараад энэ үнэ нэмэгдэнэ. Тэгэхээр метро бол манай өнөөдрийн эдийн засагт тохиромжгүй.

Мөн дэлхийн хандлагыг харах хэрэгтэй. Дэлхийн хотууд гурван саяас дээш хүн амтай болсон үед метро барьдаг. 1.5 сая хүнтэй Улаанбаатар хотод одоо метро барих нь тохиромжтой биш. Метро, LRT бол агуулгын хувьд ойролцоо, аль аль нь ямар ч саадгүй, тогтоосон хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ. Нэг удаадаа 600-700 хүн зөөж, 2-3 минутын хугацаатай явна гэдэг бол унаа хүлээх, түгжрэх асуудал байхгүй болно гэсэн үг. Хүн хоёр цаг түгжрэх үү, 30 минутад тухайн газраа очоод, ажлаа амжуулах уу гэдэг нь тодорхой шүү дээ. LRT нь метроноос ялгарах зүйлгүй, тохилог, осол аваар гарахгүйгээс гадна эдийн засгийн хувьд ч олон давуу талыг олгож байгаа. LRT-гийн буудлууд байгуулна. Буудлуудыг дагаад эдийн засаг, бизнесийн орчин бүрдэх боломжтой. ТЭЗҮ-д үндсэн буудлыг төлөвлөхөөс гадна тээврийн маршрутыг сайн суулгаж өгсөн. Нийтийн тээврийн зохион байгуулалтыг хэрхэн өөрчлөх ерөнхий дүр зураг ч эндээс гарна.

-Бусад улс оронд хямд зардлаар боссон хөнгөн галт тэрэг яагаад Улаанбаатарт өндөр үнээр босох тооцоо гарав гэх асуудал хөндөгдөж байна. Тус төслийн өртөг, зардлын тооцоог танилцуулаач?

-Нийслэлийн Засаг даргын орлогчоор ахлуулсан Ажлын хэсэгт гадаад, дотоодын 110 инженер мэргэжилтэн 40 гаруй хоногт хамтарч ажиллаж, хөнгөн галт тэрэгний ТЭЗҮ-ийг  боловсруулж дууссан.  Хөнгөн галт тэрэг барих, түүний ТЭЗҮ боловсруулах ажлыг анх удаа хийж буй хэрэг биш юм. 2010 онд БНСУ-ын компани анх LRT хөнгөн галт тэрэгний ТЭЗҮ боловсруулахдаа нэг км замыг 56 сая ам.доллароор тооцсон байдаг. Дараа нь ЖАЙКА олон улсын байгууллага метроны төслийг боловсруулахдаа км замыг 118 сая ам.доллароор барина гэсэн тооцоолол гаргажээ. Гадаад, дотоодын зарим инженерийн тооцооллоор LRT км тутамдаа 73 сая ам.долларын өртөгтэй гарсан нь ч бий. Одоогийн ТЭЗҮ-д тусгасан км тутмын өртгийг өндөр байна гэж ярьж буй хүн байна. Ер нь бол төслийн өртгийг км-ээр тооцно гэдэг өрөөсгөл ойлголт. Харьцангуй ойлголт шүү дээ. Хот төлөвлөлт муутай, дэд бүтэц хийгдээгүй газарт LRT хөнгөн галт тэрэгний өртөг хямд гарна. Саяхан Вьетнам улс хөнгөн галт тэрэгтэй боллоо гэж мэдээлсэн. Тэрхүү галт тэрэгний өртөг 830 сая ам.доллароор хийгдсэн байдаг. 13 км замыг барихын тулд зөвхөн газар чөлөөлөлт болоод хот төлөвлөлтөд 200 сая гаруй ам.доллар зарцуулсан. Вьетнамд бүх газраа өмчилчихсөн байдгаас замын хажуугийн газрыг чөлөөлөхөд асар их зардал гарсан гэдэг. Яг үүн шиг манай Улаанбаатарт ч олон төрлийн зардал гарна. 15 буудал бүхий  18.1 км зам барихын тулд 926 сая ам.доллар зарцуулах тооцоолол бүхий төсөл. Газар чөлөөлөх зардлаас гадна өндөр хүчдэлийн шугам чөлөөлөх, зам өргөтгөх гэхчлэн бүх зардал багтаад 926 сая ам.доллар болж байгаа юм. Дээрээс нь магадлашгүй ажлын зардалд түүхий эдийн үнэ өсөх, валютын ханшийн өөрчлөлтийг ч багтаасан.

-18.1 км зам тавихын тулд чөлөөлөх шаардлагатай газрыг хэрхэн тусгасан бэ?

-Нийтдээ 700 гаруй нэгж газрыг чөлөөлөхөөр тусгасан. Нисэх, “Буянт-Ухаа 2”  хороолол орчимд 110 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах юм. Тэнд метроны депо, томоохон худалдааны төвүүд, 25 мянган  автомашины зогсоол барина. Өмнөговь, Дундговиос орж ирж бараа тээвэрлэдэг автомашинууд тухайн орчноосоо бараагаа татаж аваад буцах, эсвэл тэндээ машинаа тавьчихаад метронд суугаад хотын төв рүү орох байдлаар тооцоолсон. Түүнчлэн Хөшигийн хөндий зүгт явдаг автобус метроны депо орчимд зорчигчдоо сэлгэх боломж бүрдэнэ. Шинэ Яармаг хороолол баригдаад дуусах үед зорчигч хөдөлгөөний эрчим нэмэгдэнэ.

-LRT хөнгөн галт тэрэгний үр ашгийн тооцоог хэрхэн гарсан бэ. Хөрөнгө оруулалтаа хэрхэн нөхөх вэ?

-Бид 2050 он хүртэлх судалгааг гаргасан. LRT хөнгөн галт тэрэгний төсөл бол арилжааны төсөл биш гэдгийг энд онцолъё. Ямар ч улс оронд нийтийн тээврийн төсөл арилжааны төсөлд ордоггүй. Тиймээс энэхүү төсөл нь нийгэм, эдийн засагт ямар нөлөөтэй вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Бидний судалсан маршрутын дагуу иргэд өдөрт 2.5 цагийг түгжрэлд өнгөрөөж байгаа. Үүнийг жилд дундажлаад тооцвол, иргэн 35 хоногийг машин дотроо өнгөрөөж байна. Дундаж наслалт 72 гэж тооцвол түүнийхээ 6.5 жилийн түгжрэлд өнгөрөөхөөр харагдаж байгаа юм.

Дээрээс нь хөдөлмөрийн бүтээмжийг харах нь зүйтэй. Нэг хүн 2.5 цагт 20.400 төгрөгийн бүтээмж алдаж байна гэсэн үг. Энэ маршрутын дагуу хувийн машин болоод нийтийн тээврээр зорчигчдын тоогоор үржүүлбэл, жилд 2.4 их наяд төгрөгийн эдийн засгийн хохирол амсаж байна гэсэн тооцоо гарсан. Автомашины түгжрэлд зогсохдоо шатааж  буй шатахууныг 2.5 мотортой машинаар дундажлаад тооцвол 3.46 литр бензин зарцуулж байгаа. Энэ нь 8400 төгрөг, жилийн турш 440 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирч буй юм. Жилд гурван их наяд гаруй төгрөгийн бодит хохирлоос гадна хүмүүсийн бухимдал, байгаль орчинд үзүүлэх сөрөг үр дагавар гээд бүгдийг ТЭЗҮ-д тооцож суулгасан.

-Хөнгөн галт тэрэг нэвтэрснээр түгжрэлийг хэдэн хувиар бууруулах вэ?

-Түгжрэлийг 25 хувиар бууруулна гэж тооцож байгаа.  18.1 км үргэлжлэх  маршрут нь “Буянт-Ухаа-2”-оос эхлээд Яармаг, Мишээл экспо, Ажилчдын ордон, Гэгээнтэн, И-март, Цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингарав, 13 дугаар хороолол, Зүүн 4 замаар дайран  Сансарын тойрог хүрэх хамгийн эрчим өндөртэй газруудыг дайрахаар төлөвлөсөн.

-LRT хөнгөн галт тэрэгний шугамын суурь бүтэц, галт тэрэгний насжилтын хувьд тооцоолол хийсэн үү?

-Ер нь бол 30 жил ашиглана гэж тооцоолж байгаа. Урт хугацаанд ашиглагдах учир хөрөнгө оруулалтын зардал харьцангуй өндөр байх талтай. Цаашилбал, төсөл хэрэгжсэнээс хойш 15-16 дахь жилээсээ шууд үр ашиг өгч эхэлнэ. Суурь дэд бүтэц, тулгуурт гүүр, төмөр замын тухайд 50-100 жилийн насжилттай гэсэн үг. Хөдлөх бүрэлдэхүүний хувьд 30 жилийн насжилттай. Тэгэхээр энэ бол 21 дүгээр зуунд Улаанбаатар хотын хөгжлийг тодорхойлно гэсэн үг.

-Төсвийн байнгын хорооноос тодотголд оруулах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлт хэр үндэслэлтэй вэ. Төсвийн байнгын хороо төсөлтэй  хэр сайн танилцаж чадсан бол?

-Улаанбаатар хотод хөгжлийн асуудал тулгамдаж байгаа энэ үед харамсалтай л санагдаж байна. Гэхдээ ойлголцолд хүрэх болов уу. Төсөлтэй нарийн сайн танилцаж, УИХ-ын гишүүдийн саналыг сонсон шийдвэр гаргах хэрэгтэй. Өр зээл ихтэй байгаа үед хөрөнгө мөнгө их зарцуулах нь хүндрэлтэй ч улс оронд тулгамдаж буй хөгжлийн асуудлыг хойш тавьж болохгүй. Учир нь  Улаанбаатар хотын нэг ч болов асуудлыг шийдсэнээр хотын хөгжлийн эрчимжилт улсын эдийн засагт хувь нэмрээ оруулах болно.

Манайд “Оюутолгой”, “Тавантолгой” гэх мэт томоохон төслүүд хэрэгждэг. Улс орны хамгийн гол зорилго бол иргэдээ эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдруулах байдаг. Тийм болохоор тэр олж байгаа орлогоо яагаад иргэддээ зориулж, нэг халааснаас нөгөө рүүгээ шилжүүлж болохгүй гэж. Хамгийн гол зорилго бол иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах биз дээ. Үүнээс хойш сууж, хөрөнгө мөнгө харамлаж суумааргүй санагдаж байна.

-Төсөл хэрэгжихгүй цаг алдсанаас үүдэн ажил товлосон хугацаанаасаа хожимдохоос гадна  өөр ямар сөрөг үр дагавар гарах вэ?

-Товлосон хугацаанаасаа хожимдох бол мэдээж хамгийн наад захын асуудал. Түүнээс гадна LRT төсөл дээр Хятадын зүгээс хамтран ажиллахдаа нааштай хандах магадлалтай байгаа.  Тиймээс хоёр хөрштэйгөө харилцахдаа сэтгэл хөдлөл, олон нийтийн хандлагаар  бус нарийн тооцоололд тулгуурлаж  нухацтай хандах хэрэгтэй.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

Огноо:

,

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр,

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томиллоо.

Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Монгол Ардын намаас 16 сайд, ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдож байна.

Засгийн газрын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдлоо.

Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас түлш шатахуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь хоёр дахин нугаран өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газар бүрэлдэж байна. Бүх юмны суурь үнэ болдог, түлш шатахууны үнийн огцом өсөлт инфляцыг хөөрөгдөх, цалин орлогыг үнэгүйдүүлэх, валютын урсгалыг гадагшлуулах, экспортын гол салбар уул уурхай, тээвэр, үйл ажиллагааны зардлыг нэмэх зэрэг ноцтой эрсдэл дагуулж байна. Түлш шатахууны үнийг барих боломжгүй гэдэг үнэнээ дахин хэлээд, гагцхүү тасалдал, хомсдол үүсгэхгүйн төлөө хичээн ажиллах болно. Монгол Улс дэлхийг нөмөрсөн цар тахлын үеийг туулсан шигээ түлш шатахуун, эрчим хүчний хямралыг сөрөх цаг эхэллээ.

Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо дараах хоёр үндэслэлийг харгалзан тооцлоо.

Бидэнд сандал суудал биш санал шийдэл хэрэгтэй. Нүүдэл суудал, байр сав, албан бланк, тамга тэмдэг солих нь хэдэн арван тэрбум болно. Хэдэн сайд цөөллөө гээд мөнгө хэмнэх биш илүү төлнө. Нэг сайд цомхотгоход дагаад төрийн албан хаагчид ажил төрөлгүй болно. Шүүхийн олон зуун хэрэг маргаан үүснэ, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулна. Төсөв мөнгө, эд хөрөнгө, дунд нь үрэгдэж завшигдах, тамга тэмдэг солигдох гэх мэтэд хоёр өдрийн алга ташилтын төлөө цаг, мөнгө үрмээргүй байна. Цаг, мөнгө алдмааргүй байна.

Түлш шатахууны үнэ, хомсдол бол эдийн засгийн дайны байдал. Байгаа хүчээрээ байлдаанд шууд орно. Хийдэл давхардал, илүүдэл давхцалд иж бүрэн чиг үүргийн шинжилгээ хийж, долоо хэмжиж нэг огтлоод оновчилно. Үсээ засах гээд чихээ огтолж болохгүй.

Судлан тооцоолж үзэхэд одоогоор 3000 сул орон тоо байна. Үүнийг бөглөх шаардлагагүй. Энэ бол 26 яам татан буулгасантай адил хэмнэлт. Бусад зардлыг тооцохгүй, зөвхөн цалингийн сан жилд 7.4 тэрбум төгрөг болно.

Бүтэц цомхон байх нь зөв боловч бүтэц оновчтой байх нь бүр зөв. 12 дэд сайд цомхотгоод, Үндсэн чиглэлийн дөрвөн дэд сайдтай үлдэнэ.

Сайдын алба бол эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Салбартайгаа цоо шинээр дадлагажигч шиг танилцахгүй, танин мэдэхүйн дамжаанд суух шаардлагагүй, мэдлэг, туршлагыг харгалзан авч үзлээ. Хурд гүйцэж ажиллах, галтай ч гашуун шийдвэр гаргах, асуудлыг шийдэл болгох, хариуцсан салбараа манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай эсэхийг тооцлоо.

Шинээр томилогдож байгаа хүмүүст ч мэдлэг чадвар нь байгаа эсэхийг харгалзан авч үзнэ.

Олон нам, эвсэл, сонирхлын бүлгээс бүрдсэн УИХ, хүчтэй сөрөг хүчинтэй нөхцөлд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн бүрэлдэхүүн гэдгийг нуугаад байх юмгүй шууд хэлье. Түлш шатахуун, тог цахилгааны тасалдал аюул болоод байхад төр засгийн ажил тасалдал болж болохгүй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй байна.

Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт, ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана. Бид дэлхийг өөрчлөхгүй ч дэлхий биднийг өөрчлөхгүйг үргэлж санаж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг, илүү хурдтай ажиллах ёстой. Ирээдүй цаг дээр биш энэ цаг дээр ажил, асуудлаа ярьж ажиллана.

Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавина. Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан.

Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Төрийн сангаа удирдаж, байгаа хөрөнгө, нөөцөө зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслаж зогсоох, татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна.

Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. 

“Эрхэм УИХ-ын гишүүд ээ,

Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая тн, 2027 онд 3.1 сая тн-д хүрэх төлөвтэй байна.

Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж, нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна.

Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648$-оор нэмэгдэж 1,385$, Евро-5 дизель түлш 483$-оор нэмэгдэж 1,410$, Евро-5 АИ-92 автобензин 441$-оор нэмэгдэж 1,206$, АИ-95 автобензин 441$-оор нэмэгдэж 1,176$, АИ-98 автобензин 441$-оор нэмэгдэж 1,226$ болж, төрлөөс хамаарч 441-648$-оор өссөн.

Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн АИ-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2,200  төгрөгөөр нэмэгдэж 5,200, Евро-5 дизель түлш 1,300 төгрөгөөр нэмэгдэж 5,300, Евро-5 АИ-92 автобензин 1,100 төгрөгөөр нэмэгдэж 4,200, АИ-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4,100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна.

Цаашид Ойрх дорнодын мөргөлдөөн энэ хэвээр үргэлжилж, улам хурцдаж “Брент” төрлийн газрын тосны үнэ баррель нь 130 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 1,750   ам.доллар, жижиглэнгийн үнэ литр тутамд 3,296 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 150 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,019 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 4,235 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 200 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,693 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 6,587 төгрөгөөр нэмэгдэн, литр дизель түлшний үнэ 9700 төгрөг болох эрсдэлтэй байна.

Манай улс ОХУ-ын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай хэлцэл хийсний дүнд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны хил үнийг 2022 оны тавдугаар сараас хойш 705 ам.доллароор тогтворжуулан жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээлээс хамааралтай үнийн өөрчлөлтгүй явж ирсэн. 

Манай улс АИ-92 автобензинийн гаалийн албан татвараас сардаа ес орчим, жилдээ 100 орчим тэрбум төгрөг, дизелийн түлшнээс сардаа 25 орчим, жилдээ 300 орчим тэрбум төгрөгийн орлого олдог тэр хэмжээгээр төсвийн орлого хасагдах эрсдэлтэй.

Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны  бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой юм.

Иймд "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолд оруулах өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр боловсрууллаа. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох