Цаг үе
О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарыг Монгол Улсын хилээр гарахыг хориглолоо
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарт Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлсэн байна.
Тус саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх” үүргийг хүлээлгэжээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1-д заасан “Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх” зорилгыг хангах үүднээс О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Цаг үе
Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Завхан аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 6.0 сая толгой мал өвөлжиж, хаваржих тооцоо гарсан бөгөөд 3 аймгийн 12 сумын нутагт 30 өрхийн 13.4 мянган мал оторлож байна. Аймгийн аюулгүй нөөцөд бүдүүн тэжээл 648 тн, хүчит тэжээл 367 тн тус тус бүрдүүлж, Улиастай, Шилүүстэй, Завханмандал, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс сумдад байршуулсан.
“Адапт” төслийн санхүүжилтээр Отгон, Алдархаан, Асгат, Нөмрөг, Сонгино зэрэг сумдад өвс тэжээлийн бага оврын агуулах, саравчийг барьж стандартын дагуу өвс, тэжээлийн нөөцийг хадгалах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Нийт нутгийн 97 хувь нь цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 2-13 см байгаа бөгөөд зудын урьдчилсан төлөвөөр 2 хувьд нэн их, 17 хувьд их буюу өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэн.
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 9 бүлэг 34 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулж, гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээнд нийт 468.0 сая төгрөгийг төлөвлөн, зарцуулсан байна. Энэ хүрээнд хамгийн их эрсдэлтэй Улиастай суманд тохиолдож болзошгүй обьектын гал түймэр, үер, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн хэмээн УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан ажлын хэсэгт танилцууллаа.
Хошууч генерал Г.Ариунбуян өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх үед сум, орон нутгийн хэмжээнд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, оновчтой зохион байгуулах, орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, бүсийн хэмжээннд өвс, тэжээлээр хязгаарлахгүйгээр шаардлагатай стратегийн нөөцийг бүрдүүлэх зэргээр холбогдох арга хэмжээг тухай авч хэрэгжүүлэхийг даалгалаа.
Цаг үе
Уртасгасан цагаар ажиллаж байгаа өрхийн эмнэлгүүд
Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа. Иймээс нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс эхлэн уртасгасан цагаар ажиллах эхэлж байгаа.
Найман дүүргийн дараах эмнэлгүүд ажлын өдөр 08:30-20:00, амралтын өдөр 11:00-18:00, бүх нийтийн амралтын өдөр 11:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьтай байна.

Цаг үе
Дулааны тавдугаар цахилгаан станц төсөлд байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлнэ
Дулааны тавдугаар цахилгаан станц нь 2x150МВт хүчин чадалтай, орчин үеийн эргэлтэд буцлах үет шаталттай (CFB) технологи ашиглан жилд 2.2 тэрбум кВт.цаг цахилгаан, 4.8 сая ГДж дулаан үйлдвэрлэх бөгөөд утааны хийн шүүлтүүрийн системийн тусламжтайгаар агаар мандалд хаягдах дэгдэмхий үнсийг 99.9 хүртэл хувиар бууруулах боломжтой байгаль орчинд ээлтэй шийдэлтэй байх юм.
Тус төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын эрчим хүчний хангамж сайжрахаас гадна агаарын бохирдлыг мэдэгдэхүйц хэмжээнд бууруулна. Тодруулбал, Шивээ-Овоо, Багануур, Бөөрөлжүүтийн хүхэр бага, чанарын хувьд илчлэг сайтай хүрэн нүүрс ашигласнаар шаталтын процессын үр ашиг нэмэгдэж, утааны хийн бохирдуулагч бодисын ялгаралт одоо ашиглагдаж буй зарим станцуудтай харьцуулахад бага байх юм.
Эргэлтэд буцламтгай үет шаталттай зуух сонгосноор утааны хийн дахь SOx, NOx төрлийн хий ялгаруулалт техникийн зохицуулалтын нормд нийцэж, олон улсын жишигт хүрэхээр тооцоологджээ.
Түүнчлэн төвлөрсөн дулаанд холбогдох хэрэглэгчийн тоо өсөж, гэр хорооллын яндангийн ачаалал буурч, түүхий нүүрс түлдэг айл өрхийн тоо цөөрөх үндсэн нөхцөл бүрдэнэ. Ингэснээр нийслэлийн утааны хамгийн том эх үүсвэрүүдийн нэг болох гэр хорооллын зуухнаас ялгарах утаа огцом багасаж, өвлийн улирлын утааны оргил цагийн бохирдол буурах эерэг тооцоолол гарсан.
Хотын дэд бүтэц, эрчим хүчний найдвартай байдлыг хангахаас гадна байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологи нэвтрүүлж буй “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах урт хугацааны шийдлийн нэг хэсэг болж байна.
