Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай, өдөртөө ихэнх нутгаар дулаан байна.
2023 оны гуравдугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр 0-5 хэм хүйтэн, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 1-6 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 8-10 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 4-6 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 7-9 хэм дулаан байна.
2023 оны 03 дугаар сарын 07-ноос 03 дугаар сарын 11-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 7-нд Хангайн уулархаг нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 7-нд Алтайн уулархаг нутгаар, 8-нд нутгийн зарим газраар, 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүснэ.
Цаг үе
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алдсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Цаг үе
Баяр наадмаар 171 байцаагч хяналт шалгалт хийнэ
Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хамтран баяр наадмын өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, Хүнс хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газрын хяналтын 171 улсын байцаагч өнгөрөгч зургадугаар сарын 30-ны өдрөөс энэ сарын 15-ны өдрийг хүртэл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж хамтран гүйцэтгэж байна.
Хяналт шалгалтад улсын болон аймгийн баяр наадмын үеэр хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэд, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хамруулж, гарч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг авч ажиллахаар болсон.
Цаг үе
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.